Аппликейшнээр (application) дамжуулан зээл олгох журам, эрхзүйн орчны талаар Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах зөвлөх Д.Болдмягмараас тодрууллаа.
-Монголд зээл олгодог аппликейшн хэд байдаг вэ. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хаанаас олгодог вэ. Шалгуур нь юу вэ?
-Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 15 банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагааг аппликейшнээр дамжуулан үйлчлүүлэгчид хүргэж байна.
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн долдугаар зүйлд заасан 10 төрлийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг аппликейшнээр дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэх тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагууд /ББСБ/ нь Санхүүгийн зохицуулах хороонд танилцуулж холбогдох тусгай зөвшөөрлийн хүрээнд шаардлагыг хангаж үйл ажиллагаа эрхэлдэг.
-Эдгээр аппликейшнг хэдэн хүн ашиглаж байна вэ. Зээлийн шалгуур нь юу вэ?
-Өнгөрсөн жилийн буюу 2020 оны жилийн эцсийн байдлаар цахим зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авсан 315605 зээлдэгч байна.
Зээлийн шалгуур нь тухайн банк бус санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүний төрлөөс хамааран өөр, өөр байдаг. Аппликейшнээр зээл олгож буй ББСБ-ууд нь зээлдэгчийн цалингийн болон бусад орлогод үндэслэн зээлийн хэмжээг тогтоодог.
-Хэрэв аппликейшнээс авсан зээлээ төлж чадахгүй бол зээлдэгчийн мэдээлэл хар жагсаалтад ордог уу?
-Зээлийн мэдээллийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-т “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад энэ хууль үйлчилнэ” гэж заасны дагуу дээрх санхүүгийн байгууллагууд нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлэл өгөх, авах гэрээг байгуулдаг.
Тиймээс Зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулсан санхүүгийн байгууллагуудын аппликейшнээс авсан зээлээ хуваарийн дагуу төлөөгүй бол зээлдэгчийн мэдээлэл нь зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ.
-Цар тахалтай холбоотойгоор зарим зээлийн хүүг бууруулах, царцаах зэргээр арга хэмжээ авч байна. Харин зээлийн аппликейшнүүдэд ийм төрлийн бодлого хэрэгжүүлж болох уу. Хүүгийн бодлогод нь хаанаас хяналт тавьдаг вэ?
-Covid-19 цар тахалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын зээлийн ангиллыг 2021 оны долдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар тооцохыг заасан. Үүнд:
- Үндсэн зээл болон хүүгийн төлбөр хийгдээгүй 90 хүртэл хоног хэтэрсэн тохиолдолд зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд бүртгэхгүй байх;
- Зээлийн гэрээнд хоёр болон түүнээс дээш удаа өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг сунгасан бол зээлдэгчийн ангиллыг бууруулахгүй байх;
Covid-19 цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь цахим зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-уудад мөн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж заасан байдаг. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4-т “Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална” гэж заасан байдаг. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 23-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу зээлийн хүүгээ тооцоолж байгаа эсэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавьж ажилладаг.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ