🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Thursday, January 28, 2021
УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хааж үг хэллээ
Шинээр бүрэлдсэн Засгийн газрын сайд нар УИХ-ын чуулганы хуралдааны төгсгөлд Ерөнхий сайдаас захирамжаа гардаж, тангаргаа өргөлөө. Ийнхүү, УИХ-ын намрын чуулган хаалтаа хийж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
-УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Ил тод нээлттэй ард түмний засаглах эрхийг хангасан, хариуцлагатай, ёсзүйтэй цахим парламент байх зорилттой, шинэ алхам хийлээ. Ингэснээр ард түмэнтэйгээ зөвлөлдөж, хамтран хууль боловсруулдаг шинэчлэлийн үндсэн нэг зорилт хэрэгжилнэ гэж үзж байна. Цаашид энэхүү цахим системийг ашиглан хууль тогтоомжийг батлан тогтоож, хуулийн төсөлд санал ирүүлэхийг хүсье. Эрхэм гишүүд, нийт ард иргэдээ цар тахал бидэнд амаргүй хүндрэл бэрхшээл учруулсан сорилт болж байна. Цар тахлын сөрөг нөлөө иргэдийн амьжиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эдийн засаг, улс хооронд хүртэл нөлөөлж байна. Ийм нөхцөлд эвийг эрхэмлэж, хүчээ нэгтгэх нь чухал байна. Ард түмэн ч эрвийх дэрвийхээрээ хичээж, төрөөс цар тахалтай тэмцэн ажиллаж байна. УИХ цар тахалтай тэмцэх хуулийн хугацааг зургаан сараар сунгасан. Өнөөдөр ч бас цар тахлын нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, түүнийг бууруулах, дагаж мөрдөх журмын тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр баталлаа. Түрээсийн орон сууцанд нэмэлт өөрчлөлт үзүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлөгчдийг торгууль алдангаас чөлөөлөх, зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулийг баталлаа. Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмжийг ирэх долдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэн олгохоор болсон. Банкны зээлийн хүү болон зээлийн хүүгийн эх үүсвэрийн зардал, ипотекийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авлаа. Үр дүнд нь, банкны зээлийн хүү буурч, банкны ипотекийн хүү 6 хувь болж буураад байна. Энэ онд багтаан зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэхээр ажиллаж байна.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн санаачилсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар банкны реформ эхэлж байна. Энэ бол эдийн засагт томоохон шинэчлэл авчирна гэдэгт итгэж байна. Барьцаалан зээлдэх газрын зээлийн хүүг тогтворжуулах, халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тэтгэмж олгох, гадаад дахь иргэдийн эрхийг хангах, сургалтын төлбөрийг хөнгөлөх зэрэг цогц арга хэмжээг багтаасан хуулийн төслийг шийдвэрлэлээ. Цаашид макро эдийн засгийн санхүүгийн чадамжид суурилсан, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл олгох, иргэдийн амьжиргаа, ажил олгогчдыг эрхзүйн орчинг хамгаалах хэрэгтэй гэж УИХ, Засгийн газраас үзэж байгаа. Иймээс санал дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төслийг боловсруулах гурван ажлын хэсгийг байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Ажлын хэсгүүд УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд иргэдтэй уулзаж, эрдэмтэн судлаачидтай хамтран шуурхай ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. Эрхэм гишүүдээ дараах асуудлуудад анхаарал хандуулахыг хүсье. Хэдхэн хормын өмнө шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдлаа. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн өмнөх Засгийн газар иргэдээ дээдэлдэг байх, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ эзэн болох, алдаа дутагдал гарвал ёсзүйн хариуцлага хүлээж чаддаг байхыг үлгэрлэсэн гэж бодож байна. Мөн эв нэгдлийг гажуудуулах аливаа үйлдлийг таслан зогсоох цаг болсныг сануулах цаг болсон. Шинэ Засгийн газар, өмнөх Засгийн газрын эхлүүлсэн шударга ёсны төлөөх зоримог шийдлүүдийг үргэлжлүүлж, үр дүнд хүргэж ажиллана гэдэгт бүрэн итгэж байна. Цар тахлын аюул зөвхөн Улаанбаатарыг биш улс орныг түгшээж байна. Халдварын эсрэг вакциныг цаг алдалгүй оруулж, вакцинжуулах ажлыг үр дүнтэй эхлүүлэх шаардлагатай.
Гуравдугаарт, УОК-ын ажиллагаанд гарцаагүй үр дүнтэй шийдлүүдийг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. Үүнээс гадна зарим аймаг, сумдад малчид цас, зудын хүндхэн нөхцөлд аж төрж байна. Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан. Иймд мал сүргээ зудаас хамгаалах, малчдад туслах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай болохыг сануулъя. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой зохицуулалтгүй өсч, бэлчээрийн даац хэтэрснээр цөлжилт идэвхжсэн. Ган, зуд зөвхөн нэг аймагт бус бүс нутгийг хамрах болсон. Энэ асуудлыг эдийн засгийн аргаар зохицуулах үүднээс Малын тухай хуулийг УИХ баталсан. Гэхдээ цагийн байдалтай уялдуулан ирэх долдугаар сар хүртэл энэхүү татварыг авахгүй байх чиглэлийг аймаг нийслэлийн удирдлагуудад өгсөн. Цаашид малын бэлчээр, хөдөө аж ахуйд томоохон шинэчлэлт өөрчлөлт хийх болсныг энэхүү цаг үеийн байдал харуулж байна.
Дөрөвдүгээрт, УИХ-ын намрын чуулган Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ 2021 оны тэнцвэржүүлсэн орлогыг 8.1 их наяд, төсвийн зарлагыг 10.7 их наяд байхаар тооцсон. Товчхондоо, өөдрөг төсөл баталсан. Тиймээс төсвийн зарлагыг хэмнэх, төсвийн сахилгыг хатуу сахих зарчмыг хэрэгжүүлэх нь чухал байна.
Тавдугаарт, Оюутолгой, оффшор бүстэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ-аас Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой хэмээн үзэж 92 дугаар тогтоолын төслийг баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүд байнга ярьж, санал, санаачилга гаргаж байгаа. Энэ талаар Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ идэвхтэй ажиллаж, Оюутолгойн гэрээ хэлэлцэлд Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, эрэлхийлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Үүнд УИХ, ард иргэд дэмжиж хамтран ажилламаар байна. Хүлээж суулгүй асуудалд шуурхай хандахдаа дотоодод харилцан ойлголцол, эв эеийг хичээж ажиллах цаг болсныг анхааруулъя. Монгол орон байгалийн баялгийн үр өгөөжийг улсаа хөгжүүлэх, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд тараах ёстой гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлал хэрэгжих ёстой. Эрхэм гишүүдээ, иргэдээ та бид хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээсэн удамт дээдсийн үр сард. Энэ онд Ардын хувьсгалын үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой тохиож байна. Уудам дэлгэр газар нутагтай, газрын баялгаар дэлхийн 10 баян орны нэг манайх. Хүн амын 59 хувь нь 30-аас доош насны залуу ард түмэн. Бид алсын хараагаа эрхзүйн хуульд суурилж, амжилттай хэрэгжүүлэх цаг үе шаардаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тавигдсан хувьсгал шинэ үе эхэлж байна. Товчхондоо, бидэнд хийх ажил асар их байна. УИХ-ын хаврын чуулганаар гэхэд нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой. Хууль тогтоомж нь эрхзүйн чанаргүй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоонд суурилаагүй, амьдралтай нийцэхгүй, хууль тогтоомжтой зөрчилдсөн, мөрдөгдөж буй хуулийн зүйл заалтыг дордуулдаг хариуцлагагүй байдал арилахгүй байгааг энэ дашрамд тэмдэглэе. УИХ-ын намрын чуулганы хугацаанд хууль санаачлагчдад 6 хууль буцсан байна. Иймээс хууль санаачлах эрх бүхий субьектууд төсвийн боловсруулалтын чанарт онцгой анхаарч, цахим парламент ашиглан ард иргэд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахад онцгой анхаарах шаардлагатай болсныг онцлон тэмдэглэе. Шинэ үеийн Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсдаа өөрчлөлт шинэчлэлт хийхийн төлөө хичээн зүтгэж хамтран ажиллацгаая. Ийнхүү УИХ-ын намрын чуулган хаасныг мэдэгдэе.
Ц.Нямдорж шиг хүмүүс Засгийн газрын “гал тогоог” барих нь зүйтэй
УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын шинэ гишүүдийг баталлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
–Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдыг хуульзүйн алдаа гаргуулахгүй байхад чиг үүрэгтэй ажилладаг. Нөгөө талаар Засгийн газрын дундаж нас маш залуу болж байна.Тиймээс алтан үе, дунд үе, залуу үеийн хэлхээ байх ёстой гэж үзэж байна. 1992 оноос хойш анх удаа дөрвөн эмэгтэй гишүүнтэй кабинет болж байна. Тиймээс ч би Ц.Нямдорж сайдад санал тавьсан. Тэр бол туршлагатай, олон жил төрд ажилласан. Залуучуудаар бүрдсэн шинэ Засгийн газарт түшиг тулгуур болоосой гэж үзсэн. Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиас авхуулаад Эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотойгоор олон асуудалд цэг тавих ёстой гэж би үзэж байна. Үндсэндээ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал төрийн шийдвэр гаргасан хүмүүс нь ял авч, зохион байгуулсан хүмүүс нь бүгд үлдсэн. Өнөөдөр шүүх, прокурорын хэлхээтэй байдал хэвээр байгаа. Гэтэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгааг мухарлах ёстой гэж үзэж байна. Энэ бол Ерөнхий сайдын дотоод итгэл үнэмшлийн асуудал. Нөгөө талаас Ерөнхий сайдын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал юм. Иймд хүндэтгэлтэй хандна гэдэгт итгэж байна.
-УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-УИХ-ын намрын чуулганы хугацаанд нэг Засгийн газрын бүрэлдэхүүн хоёр дахиа орж ирлээ. Үүнээс ганц хоёр асуулт байна. Ерөнхий сайдаас асуулт асуухад, Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана гэдэг ямар зарчимтай байдаг вэ гэдэгт тайлбар өгнө үү. Олонхоор явах уу, Ерөнхий сайд шийдэх үү. Үүнийг асуусны учир Монгол Улс сайд нарын зөвлөл гэх уламжлал тогтолцоонд явж байна уу. Аль эсвэл кабинетын засагтай үед явж байна уу. Ажил хэргийн шинжтэй гэхэд, УИХ-ын намрын чуулганаар 18 хууль бусад тогтоомж баталсан. Цар тахалтай холбоотой дөрөв, таван шийдвэр гарсан. Эдгээр хуулиуд амьдралд хэрхэн бууж байна вэ. Жишээ нь, өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд НӨАТ-ын татвараас чөлөөлөх хууль гарсан. Ерөнхийлөгч хориг тавиагүй. Хууль хэрэгжиж эхэлсэн. Өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар хэд хэдэн дэлгүүрт худалдан авалтын НӨАТ-ын баримт бүртгэгдсэн .Үүнд хариулт өгөх хэрэгтэй байна. Мөн Сангийн сайдаас асуухад, төсвийн зардал бодит хөрөнгө хомс, зөөлөн бүтэцтэй байх хэрэгтэй болов уу. Үүнийг хэрхэн засч залруулах талаарх өөрийн байр сууриа илэрхийлнэ үү.
-Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
–УИХ-ын гишүүн их сонирхолтой асуулт асуулаа. Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүд тангараг өргөдөг. Иймд Засгийн газрын кабинет бол Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилладаг баг гэсэн үг. Засгийн газрын шийдвэр Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын тогтоол гэсэн хоёр чиглэлээр гардаг. Ажлын хэсэг байгуулах, аливаа санхүүгийн тооцоололтой холбоогүй асуудалд Ерөнхий сайд захирамж гаргадаг. Кабинетын шийдвэр тогтоол байдлаар хэрэгждэг. Нэг үгээр хэлбэл, тогтоол хэлбэрээр гарсан бол Дубайн гэрээнд алдаа гарахгүй байх байсан гэсэн үг. Энэ бол Засгийн газрын тогтоол биш, Ерөнхий сайд захирамж гаргасан учраас тооцоололд маш том алдаа гарсан. Тиймээс л зарим нь гадаа талбайд өлсгөлөн зарлах хүртэл хэмжээний улс төр болсон тун хариуцлагагүй асуудал. Иймд Засгийн газар алдаагүй ажиллах ёстой. Алдаагүй ажиллахын тулд хамтран ажиллах хэрэгтэй. Гэхдээ Засгийн газар бол парламент биш захиргааны байгууллага. Ер нь Засгийн газрын гишүүн тухайн салбараа төлөөлөн аль нэг салбарт очиж байна. Засгийн газрыг төлөөлж Засгийн газарт орж байгаа юм биш. Цаашид кабинетыг илүү нээлттэй болгохын тулд ажиллана. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал ч бас Засгийн газрын эсрэг шийдвэр гарсан тул алдаа болж байна. Иймд өнөөдөр Ц.Нямдорж шиг хүмүүс Засгийн газрын “гал тогоог” барих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Залуу сайдууд маш хурдтай ажиллах хэрэгтэй. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой.
-Сангийн сайд Б.ЖАВХЛАН
-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад хариулъя. Товчхондоо, төсвийн шинэчлэлийг асуулаа гэж ойлголоо. Төсөв харахад ерөнхий бүтэц нь 10-15 хувь нь л хөрөнгө оруулалт. УИХ-д төсөв орж ирэхээр 90 хувь нь хөрөнгө оруулалт яригддаг. Цаана нь төсвийг бүрдүүлэгч 80,90 хувийн урсгал, зардалд төсвийг оруулж ирэх тухай харамсалтай нь яригддаггүй. Төсвийн шинэчлэл бол 80,90 хувьд байгаа юм. Мэдээж хөрөнгө оруулалт чухал. Би төсвийн шинэчлэл гэдэг зүйлийг нэлээн барьж ажилласан. Төсвийн байнгын хорооны бодлого цаашид төсвийн шинэчлэлд суурилж ажиллана гэж бодож байлаа. Үүнийг цаашид Ч.Хүрэлбаатар дарга үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Харин Л.Энх-Амгалан гишүүн чихэнд чимэгтэй сайхан үг хэллээ. Үе үеийн боловсролын сайд нар боловсролын салбарын асуудлаа л ярьдаг байсан .Энэ нь ч аргагүй биз. Боловсролын сайдаар томилогдож буй Л.Энх-Амгалан сайд эл салбарын төсөв дээр нэлээн сууна гэж сайхан үг хэллээ. Үүнд хамтарч ажиллана. Боловсролын сайд төсвийн хамгийн том ерөнхийлөн захирагч байдаг. Хамгийн том төсөвтэй, хамгийн том урсгал зардалтай нь Боловсролын сайд. Тиймээс төсвийн шинэчлэл таны хариуцсан яамнаас эхлэх ёстой шүү. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд захиж хэлэхэд төсвийн шинэчлэл үе үеийн сайд нар, Засгийн газарт яригдаж буй асуудал юм билээ. Засгийн газарт шийдлээ олж чаддаггүй. Иймд ирэх дөрвөн жилд УИХ-д төсвийн шинэчлэл сайн хийх хэрэгтэй гэж харж байна. Үүнд та идэвхтэй оролцож хамтран ажиллах ёстой.
-УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон таны байгуулсан Засгийн газрыг дэмжиж байна. Шинээр томилогдож буй сайд нарт ажлын амжилт хүсье. Надад хэд хэдэн асуулт байна. Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хүүхэд эмэгтэйчүүдэд хүнлэг бус хандсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ёсзүйн хариуцлага хүлээсэн. УИХ-аас эмэгтэй гишүүдийн зүгээс хүүхдийн эрхзүйн орчин бүрдүүлж, хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэхэд жил бүр анхаарч ажиллаж байгаа. Гэвч өнөөдөр нийгэмд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд нь хангалттай ажиллаж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд бол хуулиараа хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хамгаалж ажилладаг. Хүүхдийн төлөө үндэснийн зөвлөлийн тэргүүн нь байдаг. Энэ ч үүднээс та хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад ямар арга хэмжээ авч, ямар ажил хийе гэж бодож байна вэ. Хүүхэд хамгааллын байгууллагуудын хүний нөөцөд таныг анхаарч, мэргэжлийн сэтгэлтэй, хүүхдэд хайртай залуусын төлөө, сайн бодлого гаргадаг ёсзүйтэй хүмүүсийг салбартаа ажиллуулаасай гэж хүсье. Мөн УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг, хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Мөн алсын хараа 2050-д Монгол Улсын цогц бодлогыг Л.Оюун-Эрдэнэ сайд таныг Ерөнхий сайдаар ажиллаж байх гурван жилийн хугацаанд Монгол Улс хүнээ дээдэлсэн цогц бодлоготой улс болно гэдэгт итгэж байна. Соёлын сайдаас асуух асуултууд байна. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар соёлын салбарт их анхаарсан. Маш их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, шинэ бодлогуудыг хэрэгжүүлж байна. Монгол Улс 26 жилийн дараа анх удаа бие даасан Соёлын яамтай боллоо. Тус яам байгуулагдсан цагаас хойш долоон сарын хугацаанд хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадсангүй. Ч.Номин сайд хүмүүнлэгийн асуудлыг дэмждэгт талархдаг. Та хувиараа эл салбарт ямар нэгэн ажил хийхээр төлөвлөж байгаа юу. Хүнээрээ хүн хийх соёл уламжлал, зан заншил алдагдснаас хойш өнөөдөр бид ёс суртахуунтай сайн хүн болгож чадахгүй бодлогын алдаа сүүлийн 30 жил байлаа. Монгол иргэн бэлдэхэд та ямар бодолтой байна. Эрүүл мэндийн сайдаас асуухад танай салбарт гарсан асуудлаас болж Засгийн газар огцорсон. Тэгэхээр эмнэлгийн ажилтнуудын өвчтнүүдэд хандах хандлагад хэрхэн анхаарах вэ?
Соёлын сайдад нэр дэвшигч Ч.НОМИН:
–УИХ-ын гишүүн Б.Баярсайханы асуултад хариулъя. Миний хувьд ажлаа хүлээн аваагүй байна. Эхлээд би салбараа судалж, танилцах хэрэгтэй болов уу. Үүнээс гадна манай яам өөрийн гэсэн сууриа бэхжүүлэх хэрэгтэй байх. Суурь сайн байвал хөдөө орон нутагт соёлын өвийг түгээх, хадгалах, өв соёлоо дэлгэрүүлэх боломж бүрдэх болов уу. Б.Баярсайхан гишүүний асуултад би ажлаа хүлээн авч, мэдээд 6 сарын дараа бүрэн хариулъя гэж бодож байна.
-Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
-Ерөнхий сайд Хүүхдийн зөвлөлийн дарга байдаг. Хүүхдийн зөвлөлийн даргын ажлаа сайн хийнэ. Миний хувьд хүмүүнлэгийн байгууллагад олон жил ажиллаж байсан. Үүнд эмэгтэй гишүүүдтэй нягт хамтран ажиллана. Соёлын сайдад Ч.Номинг санал болгохдоо соёлыг эдийн засаг руу оруулах чиг баримтлах ёстой гэж үзсэн. Бид уул уурхайтай холбоотой байдлаар мөнгө олох нь олон жил үргэлжлэхгүй. Бид холливудын хэмжээний кино хийж яагаад болохгүй гэж. Хү хамтлаг шиг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний шинэ одууд гаргаж болохгүй гэж. Гадаад зах зээлд сурталчилж шууд бус утгаар соёлын салбартай холбогдно. Иймд энэхүү ажлыг Соёлын сайд Ч.Номинг хийж чадах болов уу гэж бодож байна.
Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна
Шинэ Засгийн газрын сайд нарыг танилцуулсантай холбоотойгоор УИХ-ын гишүүдээс асуулт асуув
-УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:
-Засгийн газрын гишүүнээр томилогдож буй сайд нарт ажлын амжилт хүсье. Гадаад харилцааны сайдаар томилогдож буй Б.Батцэцэг сайд танд хандаж нэг асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна. Монгол Улсын халдашгүй дархан байдал бол улсын хил байдаг. Үүнийг та сайн мэднэ. Хөрш орнуудтай хуурай газраар хиллэдэг манай орны хувьд хилийн асуудалд ямар нэгэн маргаангүй байх нь хамгийн чухал. Үүний тулд хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг тогтмол шинэчилж, боловсронгуй болгож хүндэтгэн сахиулах ажил байдаг юм. Энэ чухал үүргийг хэрэгжүүлэхдээ та ОХУ Монгол Улс хоорондын хилийг дахин шалгах асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд анхааралдаа аваасай гэж энэ үгийг хэлж байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр Монгол Улсын ОХУ хоорондын хилийг хамтран шалгах асуудал хугацаа нь болсон. Энэ асуудал таны бүрэн эрхийн хугацаанд яригдах байх. Иймд та ОХУ-ын талтай улс хоорондын хилийн шугамыг шалгах асуудалд хамтран шалгах асуудалд идэвхтэй байж, байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. Энэ ажлыг аль болох эхлүүлээсэй гэх хүсэлт тавьж байна. Таныг би сайн мэднэ. Монгол Улсын Засгийн газраас өгсөн олон үүрэг даалгаварыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байсан. Таны ажил хэрэгч, зарчимч чанарыг үнэлдэг. Энэ ч үүднээс нүсэр хариуцлагатай төрийн ажлыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Дэмжиж ажиллах болно. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танд ажлын амжилт хүсэхийн хажуугаар нэг зүйл асууя. Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн замын зүүн үзүүрийн 24.5 км зам хөрш оронтой холбогдоогүй. Өнгөрсөн хугацаанд таныг Засгийн газрын гишүүнээр томилогдсноос хойш хамтран энэ ажлыг урагшлуулах чиглэлд анхаарч ажилласан. Та дэмжсэн. Гэхдээ энэ асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Энэ ажлыг цаашид 2024 оноос өмнө амжуулж ажил хэрэг болгох учиртай. Энэ талаар та тодорхой хариулт өгнө үү.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР:
-УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн генералын асуултад хариулъя. 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Зам тээврийн салбарт онцлох ажлуудын тэргүүн эгнээнд Монгол Улсын хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажил тусгагдсан. Үүний нэг нь, хэвтээ чиглэлийн тэнхлэгийн Х.Чойбалсангаас Хавиргын боомтын чиглэлийн 124.5 км хатуу хучилттай замын бүтээн байгуулалт 2020-2024 оны хооронд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Нийт улсын төсөвт 123 орчим тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө та бүгдтэй хамтран ажиллана. Аль болох алдаа бага гаргаарай. Хоёр зүйлийг захиж хэлмээр байна. Нэгдүгээрт, та бүгдийн ширээн дээр өдөр тутам судлах асуудал бол Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрхзүйн байдлын тухай хууль, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль шүү. Шийдвэр гаргахдаа энэ бүх хуулийг судалж, нийцүүлж, барьж ажиллахыг хүсье. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар Монгол Улын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж Үндсэн хуульд тусгасан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль баталсан. Шинэ орчинд, шинэ эрх зүйн орчинд ажиллах гэж байна. Өнгөрсөн 30 жил бид замбараагүй, бодлогогүй, бодлого тодорхой бус, бодлого нь тогтворгүй явж ирсэн. Үүнийг засах гэж Л.Оюун-Эрдэнэ сайдтай хамтран ажиллаж ирсэн. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого бичиг баримтыг баталсан. Тиймээс та бүхэн нэр дурдсан дөрвөн хуулийг анхаарч байгаарай. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг орхигдуулаад байдаг шүү. Хоёрдугаарт, та бүхний ширээний ном шиг бичиг баримт бол Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан таван бичиг баримт байгаа. Бодлогын бичиг баримт нь урт хугацааны бодлого, долоон хөгжлийн зорилт байгаа. Мөн төлөвлөлтийн 3 бичиг баримт байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллах ёстой. Үүнээс өөр бодлогын бичиг баримт батлуулах гээд УИХ-аар гүйгээд байх шаардлагагүй. Өнгөрсөн хугацаанд харж байхад, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль хэрэгжээд хагас жилийн хугацаа өнгөрлөө. Ажлын хэсгээс дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр, шинэ сайд нар харьцангуй мэдээлэл багатай, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа нь анзаарагдсан. Цаашид Монгол төрийн бодлого төлөвлөлт тогтвортой байх ёстой. Төрийн бодлого залгамж чанартай байх ёстой. Энэ бүгдийг анзаарах ёстой. Тэмээ гээд ямаа гэгчээр бодлогогүй, төлөвлөгөөгүй, тодорхойгүй байж болохгүй шүү. Та бүхний ажилд амжилт хүсье.
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:
-Энэ удаагийн Засгийн газар бүрдэх үйл явц үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд сэтгэл зүрхэндээ тээж ирсэн асуудал бол Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх, Ерөнхий сайдыг хүчтэй болгох бодлого байсан. Үүний төлөө би нөхдүүдтэйгээ хамтран зүтгэсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх хүрээнд нэлээн хичээж ажилласан. Одоогийн Ерөнхий сайд бол үе үеийн Ерөнхий сайдуудаас илүү эрх мэдэлжсэн. Энэ эрх мэдлээ эдлэх эсэх нь Л.Оюун-Эрдэнэ сайдаас хамаарах нь. Өмнө нь Ерөнхий сайдууд их хэмжээний эрх мэдэл эдэлж байгаагүй. Манай Засгийн газрын хувьд УИХ-ын өмнө тулгарч буй хоёр том зорилт байна. Нэгдүгээрт, covid-19 халдвартай тэмцэж, вакцинжуулах ажлыг амжилттай хийх, хоёрдугаарт, эдийн засгийн хүнд цохилтод өртсөн айл өрхүүдээ хамгаалах бодлого. Ирэх хоёр, гуравдугаар сард айл өрхүүдэд дэмжлэг хэрэгтэй байна. Энэ үед бүх хүчээ дайчлах хэрэгтэй байна. Бүх хүч нөөц бололцоогоо эдгээр саруудад чиглүүлэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газар амаргүй үед амжилттай ажилласан бас ажиллаж байна. Нөгөө талаас нэг зүйлд санаа зовж байна. Засаг захиргааны нэгж дэвсгэр, түүний удирдлагын тухай хуульд Шүүхийн хуулиуд гарсан. Нэгийг нь би ахалж, нөгөөд нь орж ажилласан. Шинэтгэлд бул хар чулуу болсон ямар нэгэн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй шүү. Ямар ч хүн, ямар ч засаг байсан. Шүүхийн хуулиудыг мөрдөж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэмжлэг хүч нөөц бололцоогоор УИХ дэмжиж ажиллана. Энэ жил хамгийн чухал нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд эрхзүйн хүрээнд маш олон хууль бий. Мэдээж Ерөнхий сайд Засгийн газраа хатуу удирдах ёстой. Бид Ерөнхий сайдаас олон зүйл нэхдэг. Гэхдээ дэлхийн улс орнуудын Ерөнхий сайд нарын хамгийн чухал үүрэг бол Засгийн газрын гишүүдээ удирдах. Засаг захиргааны аппаратаа удирдах. Хамаагүй асуудалд орох нь буруу. Монголд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүд нь бүх л асуудал руу ордог. Сайн засаг бол шат шатанд асуудлыг шийддэг, хариуцлагаа хүлээдэг. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний танилцуулгыг харлаа. 38 настай залуугаас 65 настай ахмад, мэргэжлийн хандлагатай Засгийн газар нь байна. Энэ онд бид хамгийн чухал үе, иргэдийнхээ өмнө хүлээх үүрэг бол covid-19 халдварыг ялах. Цар тахлыг ялсан Засгийн газар байгаасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН
-Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт шийдвэр олон чухал асуудал бий. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрч хүчтэй, сэтгэлтэй ажиллаж шийднэ гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд анхаарах нэг л том асуудал байна. Энэ бол цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, өсөлтийг бий болгох цаг ирж байна. Энэ бол Засгийн газрын хамгийн том шалгуур гэж харж байна. Одоо бол бидэнд гоё сайхан уран цэцэн үгс хэрэггүй, эх оронч үндсэрхэг үзэл хэрэггүй. Нөхцөл байдал амаргүй, эдийн засаг хүндхэн байна. Өнгөрсөн онд эдийн засаг хасах гарсан. Монгол Улсын ДНБ олигтой ч байгаагүй. Дэлхийд 183 улс орноос 110-т бичигдэж байна. Үүнд Монгол Улсын сайдаар томилогдож буй хүн бүхэн анхаарч ажиллах ёстой.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
-Цар тахлын энэ үед Засгийн газар шуурхай ажилдаа орох шаардлагатай гэж үзсэн. Тиймээс Засгийн газрын бүтцийг хэвээр нь оруулж ирэх ёстой гэж үзлээ. Яагаад гэвэл төсвийн тодотгол давхар хийгдэх, бүтцэд зөвшилцөх асуудал үүссэн. Үндсэндээ 5-7 хоног алдах нөхцөл байдал үүссэн учраас уг асуудлыг намраас оруулж ирнэ. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулах зорилт хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:
-Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын гишүүдэд ажлын амжилт хүсье. Өнөөдөр хүндхэн нөхцөлд Засгийн газар байгуулагдаж, ажилдаа орж байна. Хөдөө орон нутгийн сумдын сургуулиудыг нэг ээлжид оруулбал ямар вэ. Дунджаар орон нутгийн ихэнх сургуулийн байрууд 640 суудалтай. Нэг ээлжинд оруулбал, сургалтын чанар хүртээмж, боловсролын чанарын ялгаа зэрэг олон асуудлыг анхаарах хэрэгтэй. Үүний тооцоог гаргасан. Сургуулиудыг нэг ээлжид оруулах Засгийн газрын хөтөлбөр, зорилт байгаа. Орон нутгийн сумдын сургуулиас эхлүүлэн нэг ээлжинд шилжүүлбэл томоохон ахиц дэвшил гарахаар байна. Үүнийг Ерөнхий сайд анхаарч ажиллаасай гэж хүсье. Мөн оюутны хөгжлийн зээлийн асуудлыг цэгцлэх нь зүйтэй. Оюутнуудаас УИХ-ын гишүүд рүү санал хүсэлт ирж байна. Зээлийн асуудал төсөвтэй холбоотой. Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудад жилд 12 тэрбум өгдөг. Энэ жил 6 тэрбум төсөвлөсөн байна. Хөнгөлөлттэй зээлээр сурч буй оюутнууд зээлээ авч чаддаггүй, амьдралын боломж тааруу иргэдийн хүүхдүүд нь төлбөрөө төлөх боломжгүй зэрэг олон асуудал байгаа юм. Үүнийг Шинэ Засгийн газар анхааралдаа авч, оюутнуудын асуудлыг цэгцлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Цар тахлын өмнөх болон дараах нийгэм, эдийн засгийн байдал асуудал болж байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын хамгийн том хийх ажил бол цар тахлын хүнд үеэс гарах, эдийн засаг, нийгэмд үлдэж буй сөрөг үр дагаврыг арилгах асуудал нэн чухал байна. Айл өрхийг аль болох орлоготой болгох, ажлын байраар хангах асуудал маш чухал. ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага манай улсад явуулсан сүүлийн үеийн судалгаанууд ихэвчлэн доогуур үзүүлэлттэй гарсан байна. Хувиараа бизнес эрхлэгчдийн 85 хувь нь хөл хорионы улмаас бизнес эрхлэлт нь зогсчихсон. Иргэд дунджаас доош давхарга руу орох аюул Монгол Улсад нүүрлэчихээд байна. Иргэдийг аль болох орлогоор дэмжих, ажлын байр хадгалах чухал байна. Үүнд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдад нэр дэвшигчдээс асууя гэж бодож байна. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарт үүссэн гажуудлыг засах гэж хөлсөө дустал тэмцсэн. Би өөрөө Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд очиж үзлээ. Төрөх эмнэлгүүд, томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндхэн байна. Ёсзүйн хичээл ч ороогүй. Цар тахлын үед жирэмсэн эмэгтэй халдварт өвдвөл гэдэг заалт нь ч алга. Тэгэхээр амаргүй цаг үед журам, стандартыг дарга, цэрэггүй мөрдөж байх ёстой гэдгийг нэр дэвшиж буй сайд нар хэвшүүлэх хэрэгтэй байна. Ингэж чадвал УИХ-аас гарч буй хууль дүрэм хэрэгжинэ. Үгүй бол асуудал дунд, доод шатанд гажиж, дээрээс авдаг арга хэмжээ байхгүй болж байна. Ажлаа дөнгөж эхэлж байгаа Засгийн газрын гишүүд, УИХ-ын нэр хүнд рүү халдаж, эцэст нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэмжээнд хүрч байна. Энэ бол ёс суртахуун, стандарт дүрэм хаана ч мөрдөгддөггүйн маш том жишээ. Үүнд анхаарч ажиллах нэн чухал байна. Мөн боловсролын салбарт шинэчлэлт хэрэгтэй гэдгийг сүүлийн 2012 оноос хойш ярилаа. Өнөөдөр Л.Энх-Амгалан даргыг боловсролын салбарыг боловсрол тал руу нь оруулах суурийг нь бүрдүүлэхэд цэг тавих болов уу. Засгийн газар ялангуяа, иргэд рүү чиглэсэн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Үүнд таны байр суурийг сонсъё
Шадар сайдад нэр дэвшигч С.АМАРСАЙХАН:
-УОК нэн тэргүүнд голомтыг хумих, цар тахлын дэгдэлтийг бууруулах, халдварын ямар нэгэн тохиолдол гаргахгүй байхад бүх хүчээ дайчлан ажиллана. Та бүхэн мэдэж байгаа. Идэр есийн хүйтэнд цар тахлын эрсдэл байсаар байна. Нөхцөл байдал хүнд, цаашид ч хүндрэхийг үгүйсгэхгүй. Ийм цаг үед Монгол хэмээх нэг багийн тоглолт, хүн бүрийн үүрэг оролцоо, сахилга бат чухал. Эдгээрийг хошуучилж ажиллах хүмүүс нь бүх шатны төрийн 200 мянган алба хаагч. Өндөр зохион байгуулалт, үүрэг даалгаврын биелэлтээр зорилт тавьж ажиллана. Бид үйлдвэр үйлчилгээний байгууллагуудаа аль болох хаахгүй, үйл ажиллагааг нь хэвийн явуулах, ариутгал халдваргүйтэл, зохион байгуулалтыг төр хувийн гэхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа газарт бүх шатны хяналтыг тавина. Хааж хорино гэсэн үг биш. Шаардлагатай дүрэм журмын өөрчлөлт хийнэ. Гадаад, дотоодын болон цаг үеийн нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй цар тахлын үеийн өөрчлөлт шинэчлэлтийг дүрэм журамд тусгана. Ингэхдээ учир битүүлэг ямар нэгэн ажил явуулахгүй. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавина. Иргэдээ мэдээллээр бүрэн хангаж, айдас хүйдэсгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангана. Технологийн дэвшлийг илүүтэй ашиглана. Шинжлэх ухааны болон эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбарын эрдэмтдийн зөвлөлийг оруулж, зарим шийдвэрээ гаргана. Шийдвэр бүр зөв байхгүй байхыг үгүйсгэхгүй. Ямар ч цаг үед гаргасан шийдвэр өөрчлөгдөх эрсдэл байгааг дэлхий нийтийн өмнө байна. Аль болох эдийн засгаа барьж, хүн бүр ажил орлоготой байх зарчмыг баримталж ажиллана. Эдийн засгийн зарим арга хэмжээнүүдийг Засгийн газрын тэргүүн шийдвэрлэх байх. Гадаад дахь иргэдээ татан авах, байрны хүрэлцээ, эрүүл ахуй аюулгүй байдал олон асуудал бий. Үүнд хариуцлага, гүйцэтгэл, хяналт. Дээрээс шийдвэр гардаг ч доор нь замхардаг байж болохгүй. Өмнөх Засгийн газар, УОК сайн ажиллаж, олон сайн шийдвэр гаргасан. Харамсалтай нь, зарим шатанд хангалттай биелэгдээгүй учраас асуудал үүссэн. Амаржих төвийн нярайн асуудал эхний тохиолдол мэт боловч өдөр тутмын хэвийн үзэгдэл мэт болсон асуудал. Бүх асуудалд хатуу хяналт өндөр зохион байгуулалт, иргэдийн оролцоог хангаж ажиллана. Иргэд өнөөдрийг хүртэл харьцангуй үүргээ биелүүлж, ухамсар, зохион байгуулалттай төрийн шийдвэрээ хүндэтгэж ирсэн.
Боловсрол шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.ЖАВХЛАН:
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын анхаарах, тэргүүлэх хийх ёстой 5 шинэчлэл гэж бид ярилцаж тохиролцож байна.
Нэгдүгээрт, Бид covid-19 халдварын цар тахлыг ялан дийлэх ёстой. Аж ахуй нэгжүүдээ хөл дээр нь босгох, ард иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах чиглэлд үсрэнгүй алхам хийх зайлшгүй нөхцөл үүссэн.
Хоёрдугаар асуудал нь, Дундаж давхаргын тогтолцоог хийх, реформ шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхаргын тогтолцоо гэдэг нь, боловсролын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэл. Ипотекийн орон сууцны шинэчлэл. Ер нь боловсролын салбараас болж монгол дахь ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаа энэ бүх байдал өнгөрсөн 30 жилийн үр дүн юм байна гэж харж, дүгнэж байгаа. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын бодлогын асуудал биш. Боловсролын шинэчлэл бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийгдэх ёстой. Улс орнуудад ч бас боловсролын салбарын хөтөлбөрийг шинэчлэлийг 10 жил тутамд хийдэг. Боловсрол хамаагүй монгол өрх, айл гэж үгүй. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлийг цаг алдалгүй үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Шинэчилнэ гээд яарах аюултай. Боловсролоор тоглох бүр аюултай. Цар тахлын үед иргэд орлого алдахаас гадна боловсролын салбарт сургуулийн танхимд орж үзээгүй, бичиг үсэг мэдэхгүй хоёр, гуравдугаар ангийнхан хэдэн үеэрээ бий болж байна. Эл сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг цаг хугацаа, бодлогын эрэмбэ дарааллаар УИХ-д танилцуулна.
-Боловсрол шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.ЖАВХЛАН:
–УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад хариулъя. Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй эдийн засгийн сорил, хүндрэл нь эдийн засаг буруу явснаас болоогүй. Энэ бол 2020 оноос эхлэн дэлхий дахины асуудал болсон covid-19 цар тахалтай шууд холбоотой. Халдварт өвчин дэгдэхээс ч өмнө 2019 он хүртэлх бидний өмнөх Засгийн газрын макро олон зорилт биелж, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал шат дараалан зорилтот түвшиндээ хүрсэн. Төв банкны валютын нөөц зорилттот түвшиндээ хүрч, инфляц нам дор түвшинд хүрсэн гэх мэт олон сайн үр дүнд хүрсэн. Гэвч дэлхийн улс орнуудын адил цар тахал хэмээх хүнд сорилтой нүүр туллаа. Бид цар тахлын сорилыг даван туулахаар ажиллаж байна. Бидний бай covid-19 юм. Вакцин гарч ирээд биднийг аврах байх гэж хүлээх бус, цар тахлаас зугтааж биш сөрж амьдрах цаг нь болжээ. Амны хаалтаа зүүж, зайгаа барьж, дархлаагаа дэмжээд үйлчилгээний цэгүүдээ шат дараатай нээх хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг сайжирна. Одоо эдийн засгийн онол, макро бодлого, уялдаа холбоо зэрэг сүртэй зүйлс ярих шаардлагагүй. Одоо УОК гэхгүй ард иргэдийн өөрсдийн эрүүл мэнд, сахилга бат, дархлаажуулалт, ариутгалын дэглэм маш сайн барьж, хувийн сахилга батаа сайжруулах шаардлагатай. Бид цар тахлаас зугтааж биш сөрж амьдрах цаг нь болсон төдийгүй эдийн засгийн цусны эргэлт зогсчихоод байна. Төв банканд 8 гаруй их наяд төгрөг хуримтлагдаж, эдийн засаг зогссон. Үүнийг эргэлтэд оруулах төсвийн бодлого, татварын бодлого, мөнгөний бодлогыг цаашид уялдуулж ажиллахад онцгой анхаарна. Цаашид эдийн засгийг эргэлтэд оруулах боломжтой бүхэнд Засгийн газар онцгой анхаарч ажиллана.
-Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газар дөрвөн зорилт хэрэгжүүлнэ гэж бодож байна. Бид цар тахлыг даван туулахын төлөөн хичээнгүйлэн ажиллана. Энэ хүрээнд вакциныг оруулж ирэхэд анхаарна. Засгийн газрын эхний 100 хоногт вакцин оруулж ирэх зорилт тусгасан. Хэрэв вакцин ороод ирвэл иргэдийн амьдралд өөрчлөлт орно. Аж ахуй нэгжүүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө. Цаашид жижиг дунд үйлдвэрлэл хувийн хэвшлээ хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэгт анхаарч, цар тахлыг амжилттай даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана. Эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаад дахь иргэдээ үе шаттайгаар татан авах зэрэг зохион байгуулалттайгаар төлөвлөлт гагана.
Засгийн газрын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлэх ажилтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:
-Сайд нарт хандаж, бүгд мэддэг хэрнээ мэддэггүй зүйлийг хэлье. Таны тавьсан зураг юм уу хэлж буй үг биш хийсэн ажил чинь илэрхийлнэ. Үүнийг улс төрчид ямагт санах хэрэгтэй. Худал пи-арддаг, иргэдэд хүлээлт үүсгэдэг, амьдрал дээр биелдэггүй нь Засгийн газрын ажлыг унагадаг. Ерөнхий сайд, Ц.Нямдорж дарга сайд нарт сануулах байх гэдэгт итгэж байна. Зарим том онол дотроо төөрдөг шүү. Гүйцэтгэх Засаглал гэж ажлыг хийж дуусгах ёстой болохоос эхлүүлээд орхидог байх ёсгүй. Харж байхад сайхан зүйлс санаачилж, боддог, гүйцэтгэж байгаа нь ярихаасаа бага байна. Гүйцэтгэх засаглал гэдгээ маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Халамжийн улсаас бүтээлч улс болмоор байна. Үүнд төрийн тогтвортой бодлого хэрэгтэй. Хоорондоо маргадаг, гудамжинд жагсдаг, улс төрчдийн ярьсан зүйлсийг уралдаж маргадаг байх бус ажил их сонирхолтой болгох хэрэгтэй. Гадаадад суралцаад төгссөн оюутнуудыг эх оронд нь улс төрчид уруу татдаг бус гадаадаас ирсэн оюутнууд ажлын байр байгуулах тухай ярьдаг болох хэрэгтэй. Тэднээр эхлээд ажил хийлгэмээр байна гэж хүсье. Сангийн сайдаас асуухад, Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг маш том зүйл хүлээж байна. Аж ахуй нэгж, иргэд орлогогүй болсон. Төрөөс төсвийн бодлогоор дэмжих ёстой. Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам хамтран ажиллах ёстой. Аж ахуй нэгжүүдийг дэмжих тал дээр нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ. Үүнийг юу гэж бодож байна вэ. Мөн улс төрчид болгон ярьдаг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын цаана ажлын байр хадгалагддаг гэдгийг харж, дэмжих ёстой. Энэ бол үүрэг. Энэ талаар ямар бодлого баримталж байна вэ.
Сангийн сайдад нэр дэвшигч Б.ЖАВХЛАН:
-Бидний хамгийн том тулгамдсан асуудал бол эдийн засаг гацчихаад байна. Аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндхэн тусч байгаа нь гарцаагүй. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг энэ салбар нь хамгийн их ажлын байр шингээдэг хэсэг. Үүнд төрийн бодлого чиглэх нь олон чухал бодлогуудаас хоцрохгүй байх зүйл. Ер нь гурван чиглэлээр цаашид ажил явах болов уу. 2020 оны хоёрдугаар улирлаас гаргасан олон хууль шийдвэрүүд, Засгийн газрын болон УИХ-ын тогтоолууд бий. Энэ багадаагүй. Хэрэгжилт нь илүү үр дүнтэй, эдийн засагт үр нөлөөтэй байх хэрэгжилтийн шатанд учир дутагдалтай байна гэж харж байгаа. Үүнд анхаарч ажиллана. Мөн аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хохирол багатай даван туулах тал дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого онцгой анхаарах хэрэгтэй. Татварын хөнгөлөлт гээд олон арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй тул мөнгөний бодлоготой уялдуулж эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлнэ. Энэ асуудлыг танхимаар яаралтай шийднэ. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт миний бодлоор жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх системийг өөрчлөх хэрэгтэй. Төсвөөс холдуулж, улс төрөөс үл хамааран сайн явж болон улс орнуудын олон сайн жишээ бий. Энэ талаар хууль эрхзүйн олон өөрчлөлт хийнэ.
УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ: А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч үг асуугаагүй, хатуухан үг хэлээгүй. Анзаарсан бол бусад сайд нарыг нэлээн чимхээд л байсан. Залуу хүн миний оронд ажиллаж эхэлсэн тул сураг, дадлага олог гээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажил явуулдгаа болих хэрэгтэй. Морьноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажилтай, орлоготой болгох ажил бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно, ядуурлыг хоёр дахин буулгана гэж орсон. Эдгээр ажил руу ормоор байна. Зургаан сар таныг ажиглалаа. Яамны бүтэц хийнэ, төрийн албан хаагчдыг халж солино гэж бужигнуулдгаа болимоор байна. Өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл хатуу шаардлага тавина, хариуцлага тооцох асуудлыг хөндөнө.
Соёлын сайдад нэр дэвшигч Ч.НОМИН
Энэ салбар бол цар тахалд нэрвэгдээд маш их асуудалтай байна гэж ойлгож байна. Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэн авч явна гэж бодож байна. Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой гэж би боддог. Урлагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА
-Монгол Улс жил бүр ургац алддаг талаарх ярьж ирсэн. Социализмын үед тэжээлийн аж ахуйг сэргээх тухай төсөл хөтөлбөрүүдийг хэзээнээс шийдэж амьдралд хэрэгжүүлэх вэ. Сайд Х.Нямбаатараас асуухад саяхан бид шүүхийн тухай хуулийг баталсан. Хуулийг батлахад дагалдах олон хууль тогтоомжийг баталсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд дагалдах хууль ороогүй. Шинээр илэрсэн нөхцөлд гэмт хэргийн нөхцөл байдал үүсвэл яах вэ. Дагалдах хуульд оруулаагүй нь ямар шалтгаантай вэ. Мөн Ц.Нямдорж сайдаас асууя. Сүүлийн 20 гаруй жил Монголын хууль шүүхийн байгууллагыг толгойлж байсан монголын сайн хуульчдын нэг. 2016-2020 оны Засгийн газрын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн. Энэ үед төрийн өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар авсан, хууль бусаар бусдад хэрэг хүлээлгэсэн асуудлууд яригдаж дуулиан тарьж байв. Энэ асуудал замхрах тийшээ хандаж байна. Үүнйг хэрхэн шийдэх вэ?
Хуульзүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Х.НЯМБААТАР:
-Шүүхийн тухай хууль батлагдаж ирэх гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Шүүхийн тухай хуулийг дагалдуулж шүүх байгуулах хуулийг шинээр УИХ-д оруулж батлуулах шаардлагатай. Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулиудын шүүхийн процесстой холбоотой зохицуулалтуудыг нэг процесс болгож адилтгах нэмэлт өөрчлөлт Хуульзүй, дотоод хэргийн яаманд явагдаж буй. Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг асуудал процессын хувьд адил жигд байх ёстой. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй төрлөөс үл хамаарч хэргийг шийдвэрлэдэг хугацаа болон бусад процессуудыг ижил түвшинд барих хуулийн нэмэлт төслүүд бэлэн болсон. Мөн УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн асуултад хариулахад Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэх үйл ажиллагаа гэсэн бие даасан бүлэг байгаа.Энэ хүрээнд өнөөдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бүрэн боломжтойг хэлье.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Ц.НЯМДОРЖ:
-Би долоон сарын дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд эргэж ажиллах саналыг Ерөнхий сайдаас авч өнөөдөр энд сууж байна. Шүүх хуулийн байгууллагын тухай хуулиар хянагдаж буй хэргүүдийн тухайд олон нийт ойлгохгүй нэг л асуудал бий. Авлигатай тэмцэх газар, шүүгч нар, УЕПГ-ын орлогч нарыг хуульзүйн сайд, Засгийн газар томилдоггүй. Бас Тагнуулын даргыг өөр журмаар шийддэг. Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж Засгийн газар, Ерөнхий сайд томиолдог. Энэ дөрвөн газар шийдвэрлэж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцох эрхгүй хуулийн орчинтой. УИХ хууль гаргаж, АТГ-ын удирдлагыг өөр журмаар томилдог хэлбэрт шилжсэн. 2016-2020 онд болоод өнгөрсөн асуудлуудаас би голчлон хөөцөлдсөн хоёр асуудал байдаг юм. Хууль бусаар шийтгэгдсэн иргэдийн асуудал. Нөгөө нь, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбогдсон асуудал. Үүнийг би хөөцөлдье гэж хөөцөлдсөн. Гардан барьж авахад асар их бэрхшээл тулгарч байсан. Иргэдийн асуудлаар шүүхийн шийдвэр гарсан ч сулрах хандлага ажиглагдаж байна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой зарим асуудал шийдэгдсэн ч бас л урагшлахгүй байдал ажиглагдаж байна. Цаашид уг асуудал Х.Нямбаатар сайд онцгой анхаарах шаардлагатай гэсэн хувийн байр суурьтай байна. Ажил төрлөө хүлээж авчихаад, иймэрхүү асуудлыг хуулийн сайдтай ярина гэж бодож байгаа. Зарим тохиолдолд ярьж байгаа. Илэрхий асуудал замдаа сэмээрхэн замхарч байгааг асууж байгаа.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн асуултад хариулъя. Бид тэргүүлэх зургаан салбарууд төлөвлөсөн нь, уул уурхайн салбараас гадна хүнс хөдөө аж ахуйтай холбоотой асуудал тавигдна. Монгол Улс нэг хүнд ногдох малын тоо болон газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадвараас 192 орноос 180 дугаар эрэмбэлэгдэж байна. Жил бүр 680 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас худалдан авч байна. Тиймээс аль болох импортыг орлуулах, экспортын баримжаатай хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн шинэ тогтолцоо бүрдүүлэх. Үүнд, арьс шир боловсруулах үйлдвэр, логистикийн үйлдвэрүүдийг барих тогтолцоо руу шилжинэ. УИХ-д оруулах талаар төлөвлөж байна.
Ийнхүү УИХ-ын чуулган завсарлав.
Л.Оюун-Эрдэнэ сайд нараа танилцууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг УИХ-д танилцууллаа.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Шинэ Засгийн газрын хувьд мэргэжлийн байх зарчмыг хадгалсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг УИХ-ын чуулганд танилцууллаа.
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын бүрэлдэхүүнээ танилцуулж байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэж дараах хүмүүсийг дэмжсэн.
Энэ удаагийн Засгийн газрын шинэ танхимд ажиллах хүмүүст тавьсан гол шалгуур болон онцлог нь өмнөх Засгийн газрын гишүүдээс бараг тал хувийг нь улирааж ажиллуулах, мөн нийгмийн хүлээлтийг харгалзаж эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж анх удаа 4 эмэгтэй, үүнээс гурван сайдыг шинээр Засгийн газарт оруулж ирсэн явдал гэв.
Өөр нэг онцлог нь УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар олон жил ажилласан хамгийн туршлагатай улстөрч гэгддэг Ц.Нямдоржийг Засгийн газрын “гал тогоо” гэгддэг ЗГХЭГ-ын даргаар ажиллуулах гэж байгаа нь цагаа олсон сонголт гэж дүгнэгдэж байна. Шинэ Засгийн газрын хувьд сайдын шалгуурт мэргэжлийн байх зарчмыг хадгалсан бол танхим нь бүхэлдээ бодлогын, тодорхой бэлэн төлөвлөлттэй гэдгээрээ бас ялгаатай.
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР Ч.ХҮРЭЛБААТАРЫГ СОНГОЛОО
Дараа нь, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай хуулийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-д сонгогдон ажилласан туршлага, мэдлэг, ур чадварыг харгалзан Төсвийн байнгын хорооны даргад Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлэн хэлэлцүүллээ. Ч.Хүрэлбаатар нь 1986-1991 онд ОХУ-ын Ленинградын Их сургуулийг эдийн засагч, төлөвлөгч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 1991-1992 онд ШУА-ын эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн багш, 1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөвт ахлах эдийн засагч, 2000-2003 онд МУ-ын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, 2008-2009 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-212 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, 2015-2016 онд Монгол Улсын төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2016-2017 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2021 онд Засгийн газрын гишүүн Сангийн сайд, 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байна. Төсвийн байнгын хорооны даргад Ч.Хүрэлбаатарыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 72.7 хувийн саналаар дэмжсэн болно. УИХ-ын эрхэм гишүүдээ, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье.
Төсвийн байнгын хорооны саналтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс саналаа хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Миний хуулийг дэмжиж баталсанд УИХ-ын гишүүдэд баярлалаа.Нөгөөтэйгүүр, улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэхүү тогтоолыг дэмжиж өгсөн талархаж байна. Улс төрийн нам ямар чухал болохыг залуу үедээ ойлгуулах өдөр болох болов уу. Төсвийн байнгын хорооны даргаар дэмжигдэж буй Ч.Хүрэлбаатар гишүүнд хэлэх хэдэн үг байна. Манай Ч.Хүрэлбаатар гишүүн бол байнга муулуулж байна. Муулж байна гэдгийг сүүлийн үед би ингэж ойлгож байгаа. Маш сайн байгаа хүнийг их муулдаг юм байна. Намайг бас их муулж байгаа.Тэгэхээр би их сайн байгаа. Өглөө сэрээд л цахим орчинд намайг муулсан байхад их баярладаг юм. Их гоё санагддаг. Зөв явж байна гэж боддог. Харин магтаж байвал эргэлзээтэй санагддаг. Улс төрчид магтуулъя гэж боддоггүй. Ч.Хүрэлбаатар гишүүнд хандаж хэлэхэд, төсвийг сайн барьж өгөөрэй, таныг магтаад эхэлбэл улам шүүмжилнэ шүү.
Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Хүрэлбаатарыг сонгох санал хураалтад оролцсон 55 гишүүнээс 45 нь дэмжиж 83.6 хувийн саналаар дэмжигдлээ. Ийнхүү Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг чөлөөлж, Ч.Хүрэлбаатарыг томиллоо.
Музейн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн 7 хууль эцэслэн батлагдлаа
Дараа нь, хуулийн төслүүдийн эцэслэн батлахад санал хураалт явуулав.
Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах тухай саналд оролцсон 55 гишүүнээс 50 нь дэмжснээр 90.9 хувийн саналаар дэмжигдэж, хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн банкан дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах тухай саналд оролцсон 55 гишүүнээс 50 нь дэмжснээр 90.9 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Монгол банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуульд эцэслэн батлах тухай санал хураалт явуулахад 49 гишүүн дэмжиж, 89.8 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн банкны салбарт тогтвортой байдлыг хадгалах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 55 гишүүнээс 51 нь дэмжснээр 92.7 хувийн саналаар хуулийн төсөл эцэслэн батлагдав. Мөн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг эцэслэн батлах тухай санал хураалтад оролцсон 55 гишүүнээс 50 нь дэмжиж, 90.9 хувийн саналаар хууль батлагдав. Музейн тухай хууль болон Аж ахуй нэгж үйл ажиллагааны тухай хуулийн төслийг 55 гишүүнээс 49 нь дэмжиж 86.1 хувийн саналаар хууль батлагдав. Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлахад санал хураалтад оролцсон 55 гишүүнээс 48 нь дэмжиж 87.3 хувийн саналаар хууль батлагдав. Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахад санал хураалтад оролцсон 55 гишүүнээс 49 нь дэмжиж 89.1 хувийн саналаар батлагдав. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлахад, 87.3 хувийн саналаар хууль батлагдлаа. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад 50 гишүүн дэмжснээр эцэслэн баталлаа. Улсын тэмдэгтийн тухай хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 94.5 хувийн саналаар батлагдлаа. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлахад 51 гишүүний саналаар эцэслэн батлагдлаа. Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлахад 92.7 хувийн саналаар дэмжигдэж, батлагдлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн хоёр хуульд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг эцэслэн батлахад 81.8 хувийн саналаар батлагдлаа. Төрийн болон албаны тухай хууль эцэслэн батлагдав.
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.Үүнд,
Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Ганбатын өргөн барьсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцнэ. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлсэн. Тус байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1, 42.1.2-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөвт нэмж тусган эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг та бүхэнд тараасан болно” гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-УИХ-ын гишүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, Ардчилсан намын бүлэг маань хоёр дахин илүү хүчтэй багтай болж ажиллах нь. Та бүхэнд амжилт хүсье. Үүнд, УИХ-ын Бүлгийн дарга нар ойлголцож ярилцсан байх гэж ойлгож байна. 2012-2016 онд Ардчилсан нам УИХ-д олонх байж, МАН цөөнх байсан. Тэр үед миний бие болон Н.Энхболд бүлгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед бид бүлэггүй, байнгын хороонд орж чаддаггүй, бүлгийн ажлын албыг УИХ-ын гишүүд хувиасаа цалинжуулдаг байлаа. Хүнд хэцүү бэрхшээлтэй цаг үеийн даван туулсан. Өнөөдөр ажлын алба 6 хүнтэй байх ёстой атал 12 хүнтэй ажиллах юм байна. Цаашид зөвийг дэмжиж, бурууг шүүмжилж улсынхаа төлөө хамтран ажиллъя. Юм бүхэнд битгий шүүмжилж, мушгиж буруутгаж байгаарай. Зөв бодлогоо хамтдаа дэмжье. Өнгөрсөн түүхийг сануулах нь зөв байх гэж бодож байна.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Намын бүлгийн дарга, эрхэм гишүүдээ би 2012 онд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үед МАН бүлэггүй, бүлэг байгуулж өгөөгүй, хүч хэрэглэж үндсэндээ ямар ч орон тоогүй ажиллаж байсан. Тэр үед жил гаруйн хугацаанд бүлэггүй ажилласны эцэст гишүүд бүр бүлэг байгуулж байсан шүү. Энэ бол саяхны дурсамж. Гэхдээ цаашид УИХ-д эрүүл саруул мэтгэлцээн өрнүүлье.
Хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтад оролцсон 54 гишүүнээ 46 нь дэмжиж 85.2 хувийн саналаар хууль батлагдав.
Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг буцаав
Төслийн хамт өргөн мэдүүлсэн covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийн хэрэгжих хугацааг сунгах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн нэмэлт төслүүдийг хууль санаачлагчдад буцаах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос гаргав. Энэхүү саналд оролцсон 53 гишүүнээс 46 нь дэмжиж 86.8 хувийн саналаар дэмжигдэв. Ийнхүү хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их хурлын тогтоол батлагдсанд тооцлоо.
Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг эцэслэн батлах тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь, covid-19 халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:
-УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн 47.44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн төслийг боловсруулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцүүллээ. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. УИХ-ын эрхэм гишүүдээ, covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн журмын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгы хорооны хуралдааны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.
Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг эцэслэн батлах тухай санал хураалт явуулав. Энэхүү санал хураалтад оролцсон 53 гишүүнээс 43 нь дэмжиж 81.1 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү уг хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн санал хураалтад 52 гишүүн оролцож 44 нь дэмжснээр 84.6 хувийн саналаар нэгтгэн хэлэлцэхийг дэмжлээ. УИХ-ын нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул Газрын тосны тухай хуульд эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь, Барилгын тухай хуульд нэмэлт төсөл оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэхүү хуулийг Газрын тосны хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв.
УИХ-ын гишүүн Т.ЭНХТҮВШИН:
-Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр үйлдвэржилтийн байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хууль хоорондын нийцэх шаардлага үүссэн тул Байнгын хороо Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг батлууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, төсөлд тусгагдсан өөрчлөлтийн талаар холбогдох яамнаас санал авсан эсэхийг асууж,хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын санал гараагүй. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын нэгдсэн чуулганы дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийг батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно.
Барилгын тухай хуульд нэмэлт төсөл оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг 86.3 хувийн саналаар дэмжигдлээ. Уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь, covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:
–Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцэд боловсруулах чиг үүргийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу хуулийн төслийг гүйцээн боловсруулж, холбогдох зүйл заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал оруулах, ажлын хэсэг хуралдаж зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг гүйцээн боловсруулж 7 зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хороод 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хамтарсан хуралдаанаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг заалтад нэмэн тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засварыг хийж хуулийн нэртэй төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулга, зарчмын зөрүүтэй саналыг та бүхэнд тараасан болно. УИХ-ын эрхэм гишүүдээ, Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хувилбарын төсөл, зарчмын зөрүүтэй саналын томъёолол, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх аюулгүй байдал, гадаад бодлого Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гаргасан танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье.
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:
-Ломбардын дээд хүүтэй холбоотой асуудалд тодруулж хэлэх ёстой болох нь. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний дээд хүү 3 хувь гэдэг нь амьдрал дээр хэрэгжихэд төвөгтэй заалт болоод байна. Байнгын хорооноос асуухад сарын дээд хүү 3 хувь. Үүнийг 30-д хуваахад өдрийн хүү нь 0.1 хувь болж байгаа юм. Хэрэв үүнээс илүү байвал Зөрчлийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллагаас торгууль ногдуулна. Жишээ татъя, нэг эмэгтэй ээмэг, бөгжөө ломбардад 100 мянган төгрөгөөр барьцааллаа гэхэд 0.1 хувь гэдэг нь 100 төгрөгийн хэлцэл хийх юм байна. Үүнээс илүү болбол цагдаа торгоно. Өдрийн 500 мянган төгрөгийн зээл авлаа гэхэд 500 төгрөгийн л хэлцэл хийнэ. Гэтэл энэ нь бичгийн цаасны мөнгө ч хүрэхгүй. Соёлтойгоор энэхүү харилцааг хааж байгаа нь иргэдэд илүү дарамттай болж байна. Ер нь зах зээлийн нийгэм, чөлөөт эдийн засаг нь иргэддээ сонголт өгдөг л нийгмийг ойлгож байна. Гэтэл үүний цаана эрхзүйн бичиг баримтгүй хар зах зээл, гэмт хэрэг рүү иргэдийг түлхэж байгаа юм бишүү. Төгсгөлд нь хэлэхэд, иргэд хоорондоо харилцдаг харилцааг хойшид зуучлагчгүйгээр төгөлдөржих ёстой юм шиг л санагдаж байна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна.
Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 7 санал гаргажээ. Үүнд санал хураалт явуулав. Уг хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн гуравдах заалт 7.1.32-т заасныг дор дурдснаар өөрчилж найруулах,
7.1.32. Цар тахлын үед эрсдэлт бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа covid-19 халдварт өртсөн төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдүүлэх саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооноос гаргажээ. Энэхүү саналд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон 52 гишүүнээс 45 нь дэмжснээр 86.5 хувийн саналаар дэмжигдлээ.
Хоёрдугаарт, Төслийн нэгдүгээр зүйлд заасан дээрх зүйлийн агуулгад 3 дахь заалт нэмэх, 7.1.36-д зааснаар, Цар тахлын үед амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй халдварын голомтод ажил үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргажээ. Энэхүү саналд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон 53 гишүүнээс 45 нь дэмжиж, 84.9 хувийн саналаар дэмжигдлээ.
Гуравдугаарт, Төслийн нэгдүгээр зүйлийн 6.10.10 дахь заалтын ипотекийн гэснийг төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй гэж өөрчлөх саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос гаргажээ.Энэхүү саналд 53 гишүүнээс 45 нь дэмжиж 84.9 хувийн саналаар дэмжигдэв.
Дөрөвдүгээрт, Төслийн нэгдүгээр зүйлийн 6.10 дахь заалтын 14 дэх хэсгийг хасахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос гаргажээ. Энэхүү саналд 53 гишүүнээс 45 нь дэмжиж 84.9 хувийн саналаар дэмжигдэв.
Тавдугаарт, Төслийн гуравдугаар зүйлийн.2 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөх, 10.7-д төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн зээлийн үлдэгдэл болон төлбөрийн хүүгийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хуулийн 18.1-д заасан хугацааг хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргажээ. Энэхүү саналд 53 гишүүнээс 45 нь дэмжиж 84.9 хувийн саналаар дэмжигдэв.
Зургадугаарт, Төслийн гуравдугаар зүйлийн 3 дахь заалтыг хасах саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргажээ. Энэхүү саналд 53 гишүүнээс 45 нь дэмжиж 84.9 хувийн саналаар дэмжигдэв.
Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлд зарчмын зөрүүтэй нэг санал үлдэв.
"Өрх толгойлсон эцэг тэтгэмж авах боломжийг хязгаарласан нь Үндсэн хууль зөрчсөн"
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны нэгдүгээр сарын 20-ны дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.БАЯСГАЛАН:
-Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүдээ та бүхэнд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдүгээр дүгнэлтийг танилцуулъя. Эх, олон хүүхэдтэй өрх, эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цогтоо даргалж, ҮХЦ-ын гишүүн Солонго, Буяндэлгэр, Нанзаддорж, Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимыг нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Улсболд Монгол Улсын Их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар оролцсон. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны зургадугаар сарын 30-нд баталсан Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, гуравдугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, зургадугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 1,2 дахь заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв. Үндэслэл,
Дээрх зохицуулалтаар хуулийн агуулгыг харахад зөвхөн 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхэд тэтгэмж олгохоор хуульчилжээ. Энэ нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч буй эрэгтэй хүн буюу эцэгт тэтгэмж авах боломжийг нь хязгаарлаж, хүүхдээ асарч буй эцэг эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж үзэхээр байна.
1.Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэгдэх хэсэгт энэ хуулийн зорилт нь гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхэд тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн гуравдугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүүхдээ асарч байгаа гэж хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт төрүүлсэн 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин сууж буй хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна, хуулийн 2 дахь хэсгийн хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж үл болно, 16 дугаар зүйлийн 1-т заасан улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, гуравдугаар зүйлийн 1.3 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-дахь хэсэг, Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэх тухай 32 дахь зүйлд заасны дагуу 2021 оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй. Мөн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-т заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хүлээн авч хариу ирүүлэхийг Монгол Улсын Их хуралд уламжилсугай.
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ УИХ, ЗАСГИЙН ГАЗАР АНХААРЧ, ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын ээлжит чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Оюутолгойн гэрээний асуудлаар дараах саналыг хэлэв.
УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:
-Өнөөдөр улс оронд үүсч буй нөхцөл байдалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэх хүсэлт гаргасан. Өнөөдөр Монголын байгалийн баялаг болох Оюутолгойн асуудал улстөрчид нийгмийн тодорхой асуудлыг хөндсөн ийм нөхцөл байдал үүсч байна. Энэ асуудлыг Монгол Улсын Их хурал бүрэн эрхийн хүрээнд авч үзэх шаардлагатай байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг асуудалтай холбогдуулан тодорхой байр суурийн үүднээс тэмцэл өрнүүлж байна. Миний бие УИХ-ын гишүүн С.Ганбаатартай гурван удаа уулзсан. Уржигдар УИХ-ын гишүүдтэй уулзсан. Энэ бол Монгол Улсын эрх ашиг, Монголын байгалийн баялгийг гадныханд хууль бусаар өгсөн, үүнтэй холбоотойгоор гарсан нөхцөл байдлын улмаас Монголын төрийг донсолгосон, ард түмнийг айдаст автуулсан, донсолгосон нөхцөл байдал бий боллоо. Өнөөдөр Монгол Улсын Их хурал Засгийн газартай хамтран яаралтай ажлын хэсэг байгуулж, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал, Нью-Иоркийн шүүх, Английн Лондонгийн шүүхтэй холбоотой асуудалд цэг тавих шаардлагатай байна. УИХ-ын гишүүний хувьд өчигдөр би УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөхтэй уулзаж, энэ асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан. Тодорхой хариу өгөөгүй. Өчигдөр орой МАН-ын бүлгийн даргын өрөөнд орж энэ асуудлаар монголын төр цаашид барих бодлогын талаарх санал бодлоо солилцсон. Өчигдөр УИХ-ын чуулганаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Оюутолгойд юу болж буй талаарх өөрийн байр сууриа илэрхийлсэн. Үүнийг УИХ анхааралдаа авч нэн даруй уг асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцүүлэх горимын санал гаргаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан уг саналд 42 гишүүн оролцсноос 13 нь дэмжснээр 31 хувийн саналаар уг санал дэмжсэнгүй.
-УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:
-Дэгийн хуульд хууль санаачлагч асуулт асууж болохгүй гэж хэлэлцэх хэсэгт байдаг. Анхны болон эцсийн хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагч асуулт асуух дэгтэй. Энэ дагуу үг хэлье. Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгал төлүүлэх, тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ бол 2017 онд батлагдсан хууль. Гэвч хэрэгжилт нь хангалтгүй байсан. Төрөөс боломж олгож малчин хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, тэтгэвэр авах бололцоог нь 2022 оны нэгдүгээр сар хүртэл бүрдүүлж өгч байгаа юм. Ийм боломж дахин бий болохгүй. Энэ хугацаанд хуулийг хэрэгжүүлэх, хуулийг зөв сурталчлах тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам уг хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид энэхүү боломжоо ашиглах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, С.Чинзориг нарын хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд чухал хуулийн төслийг батлуулах гэж байна. Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын гишүүд эл хуулийн төслийг хоёр гараа өргөн дэмжиж байна. Энэхүү боломжийг ашиглаж малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хэлэхэд ийм боломж дахиж олдохгүй. Тиймээс иргэд нийгмийн даатгалын байцаагч нараас лавлаж, нөхөн төлүүлэх боломжтой. Хууль сурталчлах ажлыг салбарын яам нь ХННЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан мэдээллээс хол байдаг иргэн, малчдад сайтар түгээгээрэй. Мэдээлэлгүйгээс болж энэ хуулийг ашиглаж чаддаггүй шүү.
Улс төрийн нам үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолыг батлав
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв.
Дараа нь Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
–УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Д.Ганбат нараас 2021 оны нэгдүгээр сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойг тэмдэглэх тогтоолын тухай УИХ-д хэлэлцэх асуудлыг УИХ 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Энэ дагуу 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс санал гараагүй тул УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд дэгийн тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргасан. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. УИХ-ын эрхэм гишүүдээ Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсан 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын төслийг баталж өгөхийг хүсье.
Төрийн байгуулалтын Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Тогтоолын төслийг дэмжиж байна. Монгол Улс өнө эртний баялаг түүхтэй. Түүхийг бид ухрааж, шүүж, дахин шинээр эхлэх боломжгүй. Иймд энэхүү тогтоолд хүндэтгэлтэй хандаж байна. Өмнө нь Ардчилсан намтай холбоотой ойн асуудлууд хэлэлцүүлж байх үед тогтоолууд гарч, УИХ-аас шийдвэр гарч байсан. Иймд харилцан хүндэтгэлтэй байх нь зүйтэй. Улс төрийн намууд бие биенийхээ дотоод хэрэгт оролцохгүй, хэн нь эрх барьж буйгаас үл шалтгаалж төрийн захиргааны байгууллагуудаар нэгийнхээ дотоод хэрэгт оролцохгүй байхыг хүсье. Сүүлийн үед Ардчилсан намтай холбоотой үйл явдлууд болж байна. Бид аль болох тэвчээртэй, хууль журмын дагуу үнэн шийдэгдэнэ гэдэгт итгэж дотоод асуудлуудаа өөрсдөө даван туулж явж байгаа. Энэ асуудалд хөндлөнгийн зүгээс, ялангуяа эрх баригч намын зүгээс, төрийн байгууллагуудын зүгээс хууль бус элт доромж асуудал гарвал эцсээ хүртэл тэмцэх болно гэдгийг хэлье. Ардчилсан нам 200 мянган гишүүнтэй, нуугдаж жагсдаггүй, хэлж байгаад жагсдаг улс төрийн хүчин. Тэгэхээр тогтоолын төслийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ
-Монгол Улс олон намны систем, олон ургальч үзлийг баримталж 30 жил болж байна. Манай улс төрийн ууган хүчин болон Монгол Ардын нам тун удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Социализмын үед Монгол Улсад өрнүүн бүтээн байгуулалтыг бий болгож, хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө маш үр дүнтэй ажилласныг онцлон тэмдэглэе. Хуучнаар Монгол Ардын Хувьсгалт нам, өнөөгийн Монгол Ардын намын гишүүн, хөдөлмөрчин ард иргэд, малчин, тариаланчид, уурхайчид социалист хөдөлмөрийн гавшгайчид зэрэг олон хүн Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө нойр хоолгүй зүтгэж байсан юм. Тэгээд 100 жилийн ойд намын дарга У.Хүрэлсүхээс эхлүүлэн Ховд аймгийн Зэрэг сумын Д.Дамдинбазар хүртэл бүх хүнд 100 жилийн ойгоо сайхан тэмдэглээрэй гэж хүсье.
Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалтад 48 гишүүн оролцсноос 46 нь дэмжиж 95.8 хувийн саналаар дэмжигдлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы 2021.01.29-ны Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт;
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Холбоотой мэдээ