УИХ-ын намрын чуулганы сүүлчийн хуралдаан өнөөдөр /2021.01.29/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар шинэ Засгийн газрын сайд нарыг томилох зэрэг нийт 13 асуудлыг хэлэлцээд хаалтаа хийх юм байна.
Намрын чуулганы сүүлийн энэ өдөр чуулганаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлт, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга, Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа болно.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж, УИХ-ын намрын ээлжит чуулганы хаалтаа хийх юм.