Трампын засаглалыг түүхчид ингэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Трампын засаглалыг түүхчид ингэж дүгнэжээ

Трампын засаглалыг түүхчид ингэж дүгнэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн албаа саяхан хүлээлгэн өгсөн Дональд Трамп шуурга шиг дөрвөн жилийг өнгөрүүлсэн гэж хэлж болно. Түүний засаглалыг түүхчид, улс төр судлаачид хэрхэн дүгнэж буй талаар “BBC” тодруулжээ.


ХЭТ БАРУУНЖСАН, ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ

Мэтью Континетти – “American Enterprise” судалгааны хүрээлэнгийн ажилтан, Бүгд найрамдах нам болон АНУ дахь консерватив хөдөлгөөнүүдийг голчлон судалдаг шинжээч

Тэрбээр мэдээж АНУ-ын түүхэнд хоёр удаа импичмент зарлуулсан Ерөнхийлөгч гэдгээрээ дурсагдах болно. Сонгуулийг будлиантай болсон гэсэн үлгэр зохиож, өрсөлдөгчийнхөө ялалтыг баталгаажуулахгүйн тулд Вашингтонд өөрийн дэмжигчдээ цуглуулж, өдөөн турхирч, улс орныг хүчээр өөртөө эргүүлэн авахыг оролдон, Үндсэн хуулийн заалтыг биелүүлэхэд саад хийж, үймээн самуун дэгдээсэн. Иймд түүхчид дээрх үймээний талаар бичихгүй өнгөрнө гэж байхгүй. Мөн хэт барууныхантай хэрхэн харьцаж байсан, хүний амь нас эрсдэхэд хүрсэн Шарлоттсвилл дэх эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбогдуулан түүний илэрхийлсэн харгис байр суурь, өөгшүүлэн дэмжиж байсан хуйвалдааны онолууд нь хэрхэн тархаж байсан зэрэг нь түүхэнд бичигдэх байх. Хэрэв Трамп өмнөх удирдагчдын үлгэр жишээгээр эрх мэдлээ тайван замаар, нэр төртэйгөөр шилжүүлсэн бол хэдийгээр популист ч гэсэн тууштай удирдагч байсан хэмээн сайнаар дурсагдан үлдэх байлаа.

Гэхдээ түүний засаглалд Хятадад хандах харилцаанд өөрчлөлт гарч, цар тахлаас өмнө эдийн засгийн өсөлт цэцэглэж, террорист бүлэглэлүүдийн удирдагчдыг үгүй хийж, сансрын хөтөлбөрт дэвшил гарч, Дээд шүүхэд консерватив олонх зонхилж, цар тахлын эсрэг вакциныг маш богино хугацаанд бүтээж, баталсан зэрэг эерэгээр бичигдэх ажлууд ч бий.


ДЭЛХИЙД МАНЛАЙЛАХ БАЙР СУУРИА АЛДСАН

Лора Белмонте – Түүхийн шинжлэх ухааны профессор, Виржиниа мужийн Либерал урлаг ба хүмүүнлэгийн ухааны коллежийн эрхлэгч, гадаад харилцаа, соёлын дипломат харилцааг дагнан судладаг.

Тэрбээр АНУ-ын дэлхийд манлайлах байр суурийг үгүй хийж, илүү дотогшоо буюу маш өндөр цайз хэрэм босгож, өөрсдийгөө тусгаарлах бодлого баримталсан. Гэхдээ би үүнийг амжилтад хүрээгүй гэж дүгнэж байна. Эцэст нь дэлхий дахинаа АНУ-ын нэр хүнд хэр ихээр унасан бэ гэсэн асуулттай үлдэж байна. Миний хамгийн их гайхсан зйүл бол 2018 онд Хельсинки хотноо Владимир Путинтэй хамт хэвлэлийн хуралд оролцохдоо АНУ-ын сонгуульд Орос нөлөөлсөн байж болзошгүй талаарх маргаанд өөрийнхөө улсын тагнуулын байгууллагын талд бус, харин Путины талыг дэмжсэн байр суурь илэрхийлсэн явдал байв. Мөн түүний олон улсын гэрээ хэлэлцээрүүд, тэр дундаа цаг уурын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарсан явдал нь түүхэнд сөргөөр бичигдэн үлдэнэ гэж бодож байна.

Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нартай илүү дотно харилцдаг байв. АНУ-ын үнэт зүйлсийг үгүйсгэдэг тэдгээр удирдагчидтай ингэж ойр дотно байсан үнэхээр “толгой нь эргэсэн” бас хачирхалтай үйлдэл гэж би хардаг. Өөр нэг асуудалд бол, АНУ олон улсын хэмжэнд хүний эрхийг идэвхтэй дэмжихээс татгалзсан явдал. Үүний нэг жишээ нь, Төрийн департментаас жил бүр гаргадаг хүний эрхийн тухай тайлангийн агуулгад өөрчлөлт орж, ЛГБТ эрх гэх мэт олон сэдвийг оруулалгүй үлдээсэн явдал юм.


АРДЧИЛЛЫН БАТ БӨХ БАЙДЛЫГ СОРЬСОН

Кэтрин Браунелл – Пердью их сургуулийн түүхийн ухааны профессор. Тэрбээр  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь улстөрчид болон массын соёлтой хэрхэн холбогддог, энэ нь ерөнхийлөгчийн засаглалын институтэд хэрхэн илэрдэг талаар голчлон судалдаг.

Өргөн утгаар нь авч үзвэл, Трамп ба түүний Бүгд найрамдах намд хүчин зүтгэгчид болон консерватив хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Америкийн ардчиллыг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр сорьсон гэж хэлж болно. Хэвлэл мэдээлэл болон Ерөнхийлөгчийн засаглал хоорондын уялдааг судалдаг хүний хувьд хэлэхэд, өөрийн зохиосон худал хуурмагийг энэ олон сая хүнд хэрхэн үнэн мэт итгүүлж чадсаныг би гайхдаг. Нэгдүгээр сарын 6-нд Капитолийн ордонд болсон үймээн бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Трамп хуурамч мэдээллийг идэвхтэй түгээж байсны тод илрэл юм. Трамп, Обама хоёрын хэнийх нь тангараг өргөх ёслолын үеэр илүү олон хүн цугларсан талаар маргаж байхад Трампын зөвлөх Келлиэнн Конвэй “Өөр баримтууд” гэх ойлголтыг анх гаргаж ирсэн юм. ХХ зууны туршид төрийн эрх барьж байсан Ерөнхийлөгч нар өөрсдийнх нь засаглал хэвлэл мэдээлэлд хэрхэн тусгагдаж байгааг хянан анхаарч, үйл явдлуудыг олон нийтэд илүү эерэгээр тайлбарлаж ирсэн. Гэхдээ тухайн эрх барьж буй Ерөнхийлөгчийн засаг өөрийн гэсэн “өөр баримтуудыг” гаргах эрхтэй гэх ойлголт даамжирсаар сүүлдээ хязгаараас хальсан. Трампын засаг захиргаа хуурамч мэдээ, баримтуудыг цацах замаар ажил хэргээ явуулдаг болсон. Трамп дэмжигчидтэйгээ шууд холбогдох боломжийг түүнд олгосон олон нийтийн сүлжээний хүч чадалд хэт дулдуйдах болсноор улстөр болон шоу-бизнес нь ялгагдахаа байсан.


ШҮҮХИЙН ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТ

Мэри Франсис Берри – Пенсильванийн их сургуулийн профессор, нийгмийн бодлого болон эрхзүйн түүхийн асуудлуудаар мэргэшсэн. 1980-2004 оны хооронд АНУ-ын Хүний эрхийн Комиссын гишүүнээр ажиллаж байсан

Шүүх засаглалд хийсэн түүний өөрчлөлт нь удаан хугацаанд буюу ойрын 20-30 жилд хадгалагдах магадлалтай. Одоо шүүхийг Бүгд найрамдах намын томилсон хүмүүс хянадаг болсон. Шүүгчид ихэвчлэн өөрийн улс төрийн намын харьяаллаас даалгасан зүйлийг л хийдэг болохыг түүх гэрчилдэг.

Трампын засаглалын өөр нэг онцлох зүйл бол хар арьст хүн амын тодорхой хэсэгт чиглэсэн багц арга хэмжээнүүдийг тэр дэмжсэн. Жишээ нь, шийтгэлийг зөөлрүүлэх буюу хорих хугацааг багасгах. Мөн дийлэнх нь хар арьст оюутнууд суралцдаг коллеж, их сургуулиудад хөрөнгө оруулалт хийх зорилгоор төсвийн хуулин дахь өөрчлөлтийг дэмжин, бүгдийг нэг багц болсон нэгтгэсэн. Хар арьст бизнес эрхлэгчдэд өмнө нь олддоггүй байсан зээл, санхүүгийн дэмжлэг хөтөлбөрийг тэр анх удаа нэвтрүүлсэн. Гэхдээ бас хар арьстнуудын эсрэг чиглэсэн цочирдом мэдэгдлүүдийг ч нэг бус удаа хийж байсан.


2020 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Маргарет О’Мара –  Вашингтоны Их сургуулийн түүхийн ухааны профессор, орчин үеийн АНУ-ын улс төр, эдийн засаг, метрополитений түүхийг судалдаг

Жо Байден сонгуульд ялсан нь үндсэн хуулиараа болон тоон үзүүлэлтийн хувьд маш тодорхой байсан. Херберт Гувер өрсөлдөгчийнхөө тангараг өргөх ёслолын өдөр ерөнхийлөгчийн машинаараа Пенсильвани өргөн чөлөөгөөр явж, арга хэмжээний туршид Франклин Рузвельт-тэй ганц ч үг солиогүй хэдий ч засгийн эрхээ тайван замаар шилжүүлж байв.

Харин Трамп бол хагас зуун ба түүнээс дээш жилийн хугацаанд байгаагүйгээр улс төрийн амьдралыг хөдөлгөөнд оруулсан. Трамп олон талаараа онцгой нэгэн боловч түүнийг бусад улстөрчдөөс ялгадаг нэг зүйл бол тэр өмнө нь хэзээ ч улс төрд хүчин зүтгэж байгаагүй байж байгаад сонгогдсон Ерөнхийлөгч билээ. Хүн өөрийгөө хүчгүй, сул дорой гэж үзвэл тухайн зүйлийг ямар ч хамаагүй аргаар хийж чадна гэж амласан нэгнийг сонгодог. Яг энэ зарчмаар Трамп сонгогдсон.

Ерөнхийлөгчийн засаглал бол түүний томилсон хүмүүсээс бүрддэг. ТРампын засаглалын хувьд цаг хугацаа өнгөрөх тусам асуудал шийдвэрлэх ажлын арга туршлага багатай, төрийг ухаалгаар удирдах чадамж хомс тойрон хүрээлэгчдийн бүлэг болон хувирсан юм.


ХЯТАДЫН ЭСРЭГ СУРТАЛ

Саикришна Пракаш – Виржиниагийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, үндсэн хууль, гадаад харилцаа, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн талаар судалдаг

Тэр сүүлийн хүчээ шавхан өөрийн дэмжигчдийг уухайлан дуудсан. Үүнээс өмнө бид Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлт болон импичментийн талаар Билл Клинтоны үеэс хойш төдийлөн бодоцгоож байсангүй.  Харин одоо Трамп мэтийн хэн нэгэн гэнэт төрийг удирдах болвол түүний бүрэн эрхийн талаар нухацтай бодолцох хэрэгтэйг хүмүүс ойлгосон гэж найдаж байна. Магадгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг багасгаж, заримыг нь Конгресст өгсөн нь зүйтэй болов уу. Сонгогчдын ихэнх нь энэ олон худалдааны хэлэлцээрүүдийг дэмждэггүй, харин “илүү шударга болгон” засаж залруулах зүйтэй гэдгийг Трамп иргэдийн тархинд суутал сурталчилсан. Мөн тэрбээр Хятад улс нь АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй зарчмаар ажиллаж байна гэж үзсэн. Дотоод улстөрийн хувьд Трамп популист байсан бөгөөд түүний гаргасан улс төрийн шийдвэрүүдэд тэр бүрчлэн илрээд байдаггүй ч харин Бүгд найрамдахчууд тэрхүү үзэл санааг ихээр хэрэгжүүлэх болсныг бид мэдэж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж