Тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

COVID-19

Тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцно

Тусгаарлалт зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага тооцно

Дотооддоо цар тахлын халдвар алдсанаас хойш гэрийн ажиглалтад байх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Хэдийгээр хил хаалттай ч цөөн тоогоор хийж буй тусгай үүргийн нислэгээр эх орноо зорин ирж, тусгаарлагдаж байгаа иргэд болон халдвар авч, эмчилгээ хийлгэж, эдгэрсэн хүмүүс, тэдний хавьтлуудыг 14 хоног гэртээ тусгаарлахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Мөн орон нутагт Улаанбаатар хотоос ирж байгаа иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад байлгах бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, баг, сумын Засаг дарга нар эргүүлээр явж хяналт тавьж ажиллаж байгаа аж. Хэрэв халдвартай бүсээс ирсэн иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтад 14 хоног байхгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхийг албаныхан анхааруулж байгаа юм.

Зарим иргэдийн ухамсаргүй үйлдлээс болж, бусдыг эрсдэлд оруулах тохиолдол гарч байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт өчигдөр батлагдсан халдвартай иргэн гэрийн дэглэм зөрчиж, фитнессээр үйлчлүүлсэн гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Энэ талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэхдээ “Халдвартай жолоочийн хувьд Дархан-Улаанбаатарын хооронд гурав удаа явсан байна. Гурав удаагаа явах гэж байхдаа халдвартай нь батлагдлаа. Түүнийг ахтайгаа цуг нэгдүгээр сарын 26-ны өдөр шинжилгээний хариу гартал гэртээ тусгаарлаарай гэсэн боловч 18:00-20:00 цагийн хооронд “Тохь” фитнесс төвөөр үйлчлүүлсэн байна. Бид ойрын хавьтал гэсэн 52 иргэнийг олж тогтоож, шинжилгээнд хамруулаад байна. Эхний шинжилгээгээр бүх хариу сөрөг гарсан. Тусгаарлалт зөрчсөн эдгээр иргэдэд хуулийн хариуцлага тооцох болно” гэсэн юм.

Нийслэлийн хэмжээнд Багануур, Багахангай дүүргээс бусад долоон дүүргийн 124 өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн хяналтад 1981 хүн байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Улсын онцгой комиссоос өдөр бүр хяналтад байгаа иргэдийн нэрсийг шалган ирүүлдэг. Энэ мэдээлэл дүүргийн Шуурхай штабаар дамжин хороо, өрхийн эмнэлгүүдэд очдог байна. Улаанбаатар хотод нийт 142 өрхийн эмнэлэг бий. Нэг дүүрэгт 4-41 өрхийн эмнэлэг байдаг аж.

Гэрийн ажиглалтад нийт 5509 хүн байснаас одоо 1981 хүн үлджээ. Өмнө нь гэрийн ажиглалтад байсан иргэдийн утас нь холбогдохгүй, хаягаа буруу хэлдэг, гадуур гардаг зөрчил илэрдэг байсан. Одоогоор ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байгаа талаар нийслэлийн Шуурхай штабаас мэдээллээ.

Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөс тухайн иргэн рүү өдөрт хоёр удаа утсаар холбогдож, биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгдөг байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж