Фрэнк Лампардын ирээдүй хэрхэх вэ?

Хуучирсан мэдээ: 2021.01.29-нд нийтлэгдсэн

Фрэнк Лампардын ирээдүй хэрхэх вэ?

Фрэнк Лампардын ирээдүй хэрхэх вэ?

Английн Челси баг өнгөрөгч Даваа гаригт өөрсдийн ахлах дасгалжуулагч, багийнхаа домог Фрэнк Лампардыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйг мэдэгдсэн. Ердөө 18 сар Челсигийн жолоог атгахдаа Фрэнк Лампард Английн Премьер лигт дөрөвдүгээр байранд орж, ФА капын шигшээ тоглолтонд шалгарч, өөрөө ч өнгөрсөн улирлын Премьер лигийн оны шилдэг дасгалжуулагчийн шагналд өрсөлдсөн. Челсиг удирдсан эхний улиралдаа ийм давгүй амжилт гаргасан түүнээс удирдлагууд нь, хөгжөөн дэмжигчид нь их зүйл хүлээж байлаа. Гэвч зуны солилцоо наймааны цонхоор 200 гаруй фунт стерлингийг зарцуулж, Тимо Вернер, Кай Хаверц, Хаким Зиеш зэрэг Европ тивийн шилдэг залуусыг эгнээндээ нэгтгэсэн ч хүлээлтэнд хүрсэн амжилтыг үзүүлсэнгүй. Өдгөө 42 настай дасгалжуулагчийн замналаа дөнгөж эхлүүлээд буй Англи мэргэжилтэнг цөөнгүй багууд сонирхож байна.

Фрэнк Лампард дасгалжуулагчийн замналаа доод лигийн Дерби Каунти багаас эхлүүлж, ердөө ганцхан улирлын дараа Челси багийг удирдахаар ирсэн.

  • Ньюкасл Юнайтед

Фрэнк Лампардад Премьер лигийн багуудаас санал тавих нь дамжиггүй. Сүүлд гарсан мэдээллээр сүүлийн 10 тоглолтондоо нэг ч ялалт байгуулаагүй Ньюкасл Юнайтед баг Лампардыг ихээр сонирхож байгаа аж. Тус багийн одоогийн дасгалжуулагч Стив Брюс халагдах нь ердөө цаг хугацааны асуудал гэнэ.

Одоогоор Ньюкасл Юнайтед Премьер лигийн 16-р байранд 19 оноотой доод лиг рүү унах бүсээс зургаан онооны илүүтэй байгаа. Угтаа бүрэлдэхүүний хувьд тийм ч муу биш Ньюкасл Юнайтедын амжилт гаргахгүй байгаа шалтгааныг ахлах дасгалжуулагчтай нь олон хүн холбон тайлбарлаж байна. Тэгвэл Лампард тэдний асуудлын шийдэл байж чадах болов уу?

  • Селтик

Магадгүй Лампард Английн лигээс завсарлаж, хилийн чинад руу тэр дундаа ойрхон Шотландын лигийг зоривол гайхах хэрэггүй. Түүнийг сонирхож буй Шотландын Селтик дотоодын лигтээ Стивен Жерардын Рейнжерс багийн ард удаалж байгаа. Тодруулбал, Рейнжерс баг 72 оноотой лигээ итгэл төгс тэргүүлж байгаа бол тэдний араас Селтик 49 оноотой бүхэл бүтэн 23 оноогоор хоцорч явна.

Ливерпүүл багийн домог Стивен Жерардын Рейнжерс баг энэ улиралд бүх тэмцээнийг оролцуулаад нэг ч ялагдаагүй явна.

Мөнхийн өрсөлдөгчийнхөө ард 23 оноотой бичигдэж буй энэхүү байдлыг Селтикийн удирдлагууд зүгээр хараад суухгүй нь бололтой. Тэдний зүгээс одоогийн ахлах дасгалжуулагч Нейл Ленноныг халж, түүний оронд Рафаэль Бенитез, Эдди Хау, Фрэнк Лампард нарын нэгийг авчрах санаатай байгаа аж. Нэгэн цагт хөлбөмбөгийн талбай дээр өрсөлдөгчид байсан Фрэнк Лампард, Стивен Жерард нарыг талбайн хажууд баг дасгалжуулаад зогсч байхыг нь харах сайхан биш гэж үү?

  • Английн шигшээ

Ирэх зун Европын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд Английн шигшээ баг аварга болох зорилготой л оролцоно. Бүрэлдэхүүнийг нь харахад л дэлхийн шилдгүүд багтаж буй Английн шигшээг сүүлийн жилүүдэд Гарет Саутгейт зангидаж байгаа. Хэзээний дасгалжуулагчийн асуудалтай байж ирсэн Английн шигшээ баг магадгүй Саутгейтэд дэм болохоор Фрэнк Лампардыг туслах дасгалжуулагчаар авчирч болзошгүй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Фрэнк Лампардыг Английн үндсэн шигшээн туслах дасгалжуулагчаар эсвэл 21 нас хүртэлх залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж магадгүй гэнэ. Лампардын хувьд Челсид байхдаа л Мэйсон Маунт, Рийс Жэймс, Тамми Абрахам, Фикайо Томори, Билли Гилмор зэрэг залуу тоглогчдыг гарган ирж, сайжруулсан туршлагатай тул Английн залуучуудын шигшээ багийн саналаас татгалзах зүйл үгүй.

  • АНУ-ын Мэйжор лиг

Сүүлийн жилүүдэд АНУ-ын Мэйжор лигийн багууд Европын өндөр зэрэглэлийн тоглогч, дасгалжуулагч нарыг ихээр эх орондоо авчирч байна. Жишээлбэл, Тьери Анри Монтреал багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бол түүний нэгэн адил Фил Невилл Интер Майами багийг, Яп Стам Синсинатти зэрэг багуудыг удирдаж байна. Тэдний цувааг Фрэнк Лампард үргэлжлүүлэхийг үгүйсгэхгүй. Учир нь Лампард тоглогч ахуй цагтаа Нью Йорк Сити багт хоёр улирлыг өнгөрүүлж, эцэст нь зодог тайлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж