Берлин хотноо төвтэй Транспэрэнси интернэшнл байгууллага 2020 оны Авлигын төсөөллийн индексийг өнөөдөр /2021.01.28/ олон нийтэд зарлалаа. 2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад авлига нь Сovid-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна.
Транспэрэнси интернэшнл байгууллагын Эрүүл мэндийн дэлхийн хөтөлбөрийн хийж байсан судалгаагаар дэлхийн хэмжээнд авлигын гэмт хэрэгт эрүүл мэндийн салбар жил бүр 500 тэрбум ам.доллар алддаг гэж дүгнэжээ. Транспэрэнси интернэшнл нь олон улсын авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллага бөгөөд 25 гаруй жил авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа юм.
1995 оноос хойш хойш Авлигын төсөөллийн индекс нь олон улсад төрийн салбарын авлигын тэргүүлэгч үзүүлэлт болсон. Транспэрэнси интернэшнл байгууллага нь 2012 онд индексийг бүтээхдээ ашигласан аргачлалаа жил бүрийн оноог харьцуулах бололцоог хангахын тулд шинэчилдэг байна.
Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс өмнөх 35 оноо авч, 180 улсаас 111-р байрт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхөөс дөрвөн байраар ухарсан үзүүлэлт юм. 2020 оны Авлигын төсөөллийн индекс 180 улс орон, бүс нутгийг эрэмбэлэхдээ төрийн салбарын авлигын төсөөллийн хэмжээг 13 шинжээчийн байгууллагуудын үнэлгээ болон бизнесүүдийн удирдлагуудаас авсан асуумж дээр үндэслэн гаргажээ. Ингэхдээ 0-ээс (маш их авлигатай) 100 (цэвэр) онооны хэмжүүрээр үнэлдэг байна.
2020 оны жагсаалтыг Дани улс, Шинэ Зеланд улсууд 88 оноотойгоор тэргүүлсэн бол Сири, Сомали, Өмнөд Судан улсууд 14, 12, 12 оноотойгоор сүүл мушгисан байна. 2012 оноос хойш Эквадор улс (39), Грек улс (50), Гайана улс (41), Мьянмар улс (28) болон Өмнөд Солонгос улс (61) зэрэг 26 улс оноогоо сайжруулж урагшилсан бол Босни ба Херцеговина улс (35), Гватемал улс (25), Ливан улс (25), Малави улс (30), Мальта улс (53), Польш улс (56) зэрэг 22 улсад авлига улам цэцэглэж доройтсон байна.
Харин бусад улсууд сүүлийн 10 гаруй жил оноогоо ахиулаагүй буюу авлигын эсрэг ямар нэгэн өөрчлөлтгүй гацжээ. Тэдний нэг нь сүүлийн таван жил 35-37 оноо авч буй Монгол Улс ажээ. Энэ нь авлигын суурь шалтгааныг шийдвэрлэх үйл явцыг улс орнуудын Засгийн газрын зүгээс удаашруулж байгаатай холбоотой гэж тайлбарласан байна. Түүнчлэн АНУ 67 оноо авсан нь 2012 оноос хойш авсан хамгийн муу үзүүлэлт болжээ. Ашиг сонирхлын зөрчлийн хэргээс гадна дээд түвшинд эрх мэдлээ урвуулан ашиглах явдал АНУ-д газар авчээ. 2020 онд төрөөс олгосон Сovid-19 цар тахалтай тэмцэхэд зориулсан нэг их наяд ам.долларын багцын хяналтгүй зарцуулалт нь үүнд нөлөөлсөн байна.
Авлигын индекс оноо өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг, бүх нийтийн эрүүл мэндийн хамралт сайн бөгөөд ардчиллын институцууд нь хараат бус, хууль дээдлэх ёс өндөр байна.
Транспэрэнси интернэшнл байгууллагын ТУЗ-ын дарга хатагтай Дэла Фэррэира Рубио “Covid-19 цар тахал бол зөвхөн эрүүл мэнд, эдийн засгийн хямрал биш бас авлигын хямрал бөгөөд үүнд бид ялагдаж байна. Өнгөрсөн жил улс орнуудын хувьд урьд өмнө байгаагүй сорилттой жил боллоо. Авлига өндөртэй улс орнууд энэхүү сорилтод бүдэрч байна. Мөн Авлигын төсөөллийн индексийн оноо өндөр авлига улс орнууд авлигатай тэмцэхэд бусаддаа туслах үүргээ гүйцэтгэхийг уриалж байна ” гэж мэдэгджээ.
Covid-19
Авлигын гэмт хэрэг нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байдаг ба ялангуяа цар тахал онцгой байдлын үед энэ байдал улам гаарч байгаа аж. Төрийн салбар авлигаас ангид байвал эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой болдог. Жишээлбэл, Уругвай улс (71 оноотой ) латин америк бүс нутгаас хамгийн өндөр оноо авчээ. Тус улс нь эрүүл мэндийн салбартаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг тул маш сайн эпидемиологийн буюу тархвар зүй ба тандалтын тогтолцоотой юм. Энэ нь тус улсыг Сovid-19 болон зика зэрэг бусад халдварт өвчинтэй үр дүнтэй тэмцэхэд эерэгээр нөлөөлсөн байна.
Харин Бангладеш улс (26 оноотой) бөгөөд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдгийн зэрэгцээ эрүүл мэндийн төвүүд дэх авлига, гадаад хөрөнгө оруулалт, хандив тусламжийг завших зэрэг авлигын гэмт хэргүүд Сovid-19 цар тахлын үед цэцэглэсэн байна. Авлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн хангамжийн худалдан авах ажиллагаанд их байгааг онцолжээ. Авлига өндөртэй улс орнууд Сovid-19 цар тахлын үед хууль дээдлэх ёс, хүний эрхийг болон ардчилсан институцийг хамгийн их зөрчиж байна. Тухайлбал, Филиппин улсад (34 оноотой) цар тахлын үед хүний эрхийг зөрчих, иргэдээ ялгаварлан гадуурхах болон хэвлэл мэдээллийн эрхийн томоохон зөрчлүүд ихээр илэрч байгаа юм. Транспэрэнси интернэшнл Монголиа байгууллагын зүгээс Монгол Улс цар тахлын үед хүний эрхийг зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж тусгаарлах байрнаас авлигын шалтгаанаар Сovid-19 гадагш алдсаныг шүүмжилжээ.
Зөвлөмжүүд
Транспэрэнси интернэшнл байгууллага дэлхийн улс орнуудад авлигыг бууруулах, дахин тохиолдож болох хямралын хариу арга хэмжээний хүрээнд дараах зөвлөмжүүдийг хүргэжээ. Үүнд:
• Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх.
• Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад нээлттэй, ил тод байдлыг хангах.
• Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах
• Олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс Холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах
Эх сурвалж: Transparency International Mongolia
Холбоотой мэдээ