Сирийн дайны хохирол 200 тэрбум ам.доллар

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Сирийн дайны хохирол 200 тэрбум ам.доллар

 
 
 
Сирийн засгийн газрын эсрэг жагсаалаар эхэлсэн  иргэний дайны эдийн засгийн хохирол 200 тэрбум ам.доллар давсныг ерөнхийлөгч Башар аль-Ассад мэдэгдэв. Тэрбээр дайны улмаас сүйрсэн дэд бүтцийг сэргээж, улс орноо сэргээн засахад ОХУ, Хятад, Иран зэрэг холбоотон орнуудаас тусламж эрнэ гэдгийг “RIA Novosti” агентлагт өгсөн ярилцлагад дурджээ. Башар аль-Ассад “Сирид тогтвортой байдал тогтмогц эдийн засгийн асуудлыг шийдэх ажилд орно. Дэд бүтцийг сэргээж, улс орноо хөл дээр нь босгоход цаг хугацаа шаардлагатай” хэмээн ярьсан байна.
 
 
Үүний зэрэгцээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад “Шинэ засгийн газар байгуулахад сөрөг хүчнийхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн ярьсан байна. Сирийн засгийн газар болон сөрөг хүчний хооронд энэ гуравдугаар сарын эхээр гал зогсоох тохиролцоонд хүрснээр дайны  нөхцөл байдал намжсан юм. Түүнчлэн ОХУ хоёр долоо хоногийн өмнөөс Сири улсаас цэргийн гол хүчээ татаж эхэлсэн бөгөөд зөвхөн тэнгисийн цэргийн болон агаарын баазаа үлдээжээ. Башар аль-Ассадын ойрын холбоотон ОХУ өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилт өгөхийн хамт Сирийн засгийн газрыг дэмжиж байв. 
 
 
Башар аль-Ассадыг унагаахын төлөөх Сирийн иргэний дайнд 360 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан дүрвэжээ.
 
 
Эх сурвалж: Agence France-Presse
 
Б.АНХТУЯА
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж