🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Wednesday, January 27, 2021
С.Одонтуяа: Гадаадад мөнгөгүй амьдарч чадна гэсэн хүмүүс энэ заалтыг унага
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Иргэд ажилгүй болоод л ломбардаар үйлчлүүлж байна. Тиймээс гол учир шалтгааныг л арилгах ёстой. Өмнө нь банкны зээлийн хүүд хязгаарлалт тогтооё гэхээр ийм зүйл байхгүй гээд Монголбанк ам тагалсан. Гэтэл яагаад ломбардны хүүнд хязгаарлалт тогоох болчих вэ. Банкны хүү буухгүй байна гэхээр хадгаламжийн хүү өндөр байна гэдэг. Гэтэл хадгаламжийн хүү буугаад байхад үүнийгээ дагаад зээлийн хүү буурахгүй байна. Өчигдрийн хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаа хамт оруулж ирэхгүй яасан юм. Яагаад үлдээсэн юм. Өнцөг нь зөв байх хэрэгтэй. Ямар ашиг сонирхол цаана нь нуугдаад байна вэ?
Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөн:
-2020 оны наймдугаар сарын 28 -ны өдөр УИХ-аар зээлийн хүүг бууруулах тогтоолыг батлуулсан. Үүнд харилцах данс, хугацаагүй хадгаламжийн дансанд хүү тооцохгүй байх талаар үүрэг болгосон. Нөгөө талдаа банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны хуулийг өргөн бариад ажлын хэсэг хуралдахад бэлэн болсон. Зээлийн хүүг бууруулах төлөвлөгөөг батлах үед шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 16.5 хувьтай байсан бол оны өмнөх мэдээллээр 14.8 хувийн хүүтэй байна. Ерөнхийдөө үр дүнгээ өгч байна. Нөгөө талдаа зээлийн хүүг бууруулахын тулд олон төлөвлөгөө гаргаад явж байгаа.
УИХ-ын гишүн Г.Дамдинням:
-Валютын ханшийн алдагдлыг банкууд хүлээх агуулгатай заалт байна. Нөлөө бүхий нөхдүүдийн захиалгат заалт гэж харж байна. Тиймээс унагаасан нь дээр. Батлагдаад ч хэрэгжих нь утгагүй. Өчигдрийн чуулганаар орж ирж байгаа 3 хуулийн төсөл, түүн дээр нэмэх нь УИХ-ын 22 гишүүний өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг дэмжих тогтоолын төслийг хамтатган хэлэлцээд явах санал гарсан. Гэвч Дэгийн тухай хуулиар боломжгүй учраас оруулсангүй.
2.5 тэрбум төгрөгөөс доош, жилийн 12 хувиас дээш хүүтэй бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг хөнгөлөх, төлөлтийг нь хойшлуулах тухай тогтоолын төслийн утгыг энэ хуульд оруулах талаар яриад байгаа. 50 мянган бизнес эрхлэгчтэй холбоотой асуудлыг хуульд оруулах гэхээр болохгүй гээд байдаг. Хаврын чуулганаар энэ асуудлыг заавал оруулах ёстой. Гарын үсэг зурсан 22 гишүүн үүн дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Нэмэгдээд орох гишүүн байвал нэгдээрэй.
Монголбанк:
Таны яриад байгаа хуулийн заалтыг ажлын хэсэг хасаад байнгын хороогоор дэмжигдсэн. Энэхүү заалтыг хассан ч болно гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Оюутны хөгжлийн зээлийн асуудлыг байнгын хороон дээрээ ярилцсан уу. Оюутнууд нэг семистрийн дараа төгсөнө. Гэтэл төлбөрөө хийж чадахгүй байгаа учраас сүүлийн хичээлүүдээ сонгох боломжгүй оюутнууд хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа. Ажлын байран дээр гараад зээлээ төлөөд явах хүсэлт илэрхийлсэн оюутнууд олон байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Нэр бүхий гишүүдийн боловсруулсан хуулийн төсөлд оюутны зээлийн талаарх асуудал хөндөгдөөгүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Энэ хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ өөхөн дотор юм нуугаад байгаа юм шиг санагдаад байна. Банкны харилцагчдыг валютын ханшийн эрсдэлээс хамгаалах ханшийн зөрүүг ззохицуулахдаа санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглах төр ААН харилцан тохиролцох гэдэг заалт байгаа юм. Зээл дээр дээд хэмжээ, хугацаа нь тодорхойгүй. Эргэлзээтэй заалт яваад байна.
Монголбанк:
Энэхүү саналыг ажлын хэсэг мөн хассан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Энэ төсөлд маш чухал заалт байсныг хассан. Энэ нь 8.1.1 гэдэг заалт. Өөрөөр хэлбэл, тусгай үүргийн онгоц гаргаад нислэгээ цуцалдаг. Нислэгийг гэнэт цуцалсан тохиолдолд иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлэх заалт байсан юм. Миний хувьд их мөнгө нэхээгүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссоос гэнэт нислэг цуцлах нь хүний эрхийг зөрчиж байна гэж дүгнэлт гаргасан. Энэ байгууллагын дүгнэлтийг дагахгүй юм бол татан буулга гэж хэлмээр байна. Дээрээс нь гадаадад ямар ч мөнгөгүй амьдарч чадна гэсэн хүмүүс энэ заалтыг унагаж болно. 8.1.1-ийн заалтыг босгох хэрэгтэй байна. Төрийн алба хаагч, яамныхан гадаад яваад үзэх хэрэгтэй. Таних хүнгүй, мөнгөгүй амьдарч чадах нь уу гэдгээ мэдэрнэ. Их бага нь хамаагүй, энэ заалтыг дэмжиж өгөөч. Тодорхой хэмжээний ваучер өгөхөд гадаадад байгаа иргэд ядаж хоолны мөнгөтэй болно.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Тусгай үүргийн нислэг зарлачихдаг. Иргэд орон байрнаасаа гараад нисэх буудал руу явдаг. Зөвхөн орон байртай холбоотой асуудал биш шүү. Дамжин өнгөрөх нислэг хийгээд нислэг нь цуцлагдчихвал хүнд байдалд орно. Үүнийг хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Нислэгийн хуваарийг маш тодорхой болгох хэрэгтэй. Гэнэтийн юм гарсан үед олон хүний мөнгийг буцааж өгнө гэдэг боломжгүй. Тиймээс мэдээллийг ил тод болгож, наад зах нь 14 хоногийн өмнө нислэгийн талаар мэдээлэх тухай хуульд зааж өгсөн.Мөн нислэг цуцлагдсан тохиолдолд хоол, орон сууцаар хангах гэдэг заалтыг оруулж өгсөн. Харин өчигдөр бүх юман дээр нөхөн олговор өгөөд мөнгийг буцаана гэвэл Засгийн газар гаргаж дийлэхгүй талаар төлөөллүүд хэлсэн.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Мөн Банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр Эдийн засгийн байнгын хороонд, Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороонд, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын хороонд тус, тус шилжүүллээ.
Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
Н.Ганибал: Засгийн шийдвэрийг Засаг дарга нар биелүүлдэггүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ Ерөнхийлөгчөөс энэхүү хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийн нийт 29 зүйл заалтаас хоёрыг нь хүлээн авав. Харин бусад зүйл заалтыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хоригийг буцаахын өмнө дээрх асуудалтай холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Засгийн газрын шийдвэрийг аймаг, орон нутгийн Засаг дарга нар биелүүлээгүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулаад огцруулдаг асуудал амьдрал дээр хэрэгждэггүй. Нэг жишээ хэлэхэд жил бүр Засгийн газар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулахын тулд аймаг орон нутгийн Засаг дарга нарт нөөц өвс бэлдэх үүрэг даалгавар өгдөг. Энэ үүрэг даалгаврыг 100 хувь биелүүлдэг Засаг дарга гэж бараг байхгүй. Тэгэхээр дээрх хууль хэрэгжиж эхлэхээр Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлээгүй Засаг дарга нарт сахилгын шийтгэл ногдуулах боломж бүрдэх нь.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь үндсэндээ бага Үндсэн хууль гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл, нийгмийн зөвшилцлөөр батлагдах ёстой хууль юм. Энэ хүрээнд улс орон даяар олон удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үед өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар сонгогдсон сум, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч нараас саналыг авсан.
Өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдөөд байгаа гол хоёр асуудлын хоригийг хүлээн авах нь зөв юм байна гэж үзсэн. Энэ хуулийн амин сүнс нь бүх шатны Засаг дарга нарт хариуцлага тооцох асуудал юм. Ер нь ард иргэд аль,аль шатандаа хариуцлагыг нэхэж байна. Анхан шатнаасаа Засгийн газар хүртлээ хариуцлага тооцох хуулийн зохицуулалт зайлшгүй байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос нэгжийн тухай хуулийн 56.5.1-т заасан Засаг даргыг сонгох томилохдоо дээд шатны Засаг дарга нь санал болгоно гэсэн заалт. Хэрэв дэмжээгүй тохиолдолд өөр хүний нэрийг санал болгоно гэсэн хоёр заалтыг хүлээж авах нь зөв гэж бодож байна. Ерөнхийөгчийн хориг гэхээсэээ илүүтэй нэгжийн тухай хуулийн талаар орон нутгийн удирдлагууд сум дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын төлөөлөгч нараас санал, гомдол ихээр ирсэн. Тэд дээрх заалтыг аймаг нийслэл сум дүүрэг нь нийгэм эдийн засаг, нутгийн удирдлагуудаа өөрсдөө шийдэх бүрэн эрхэд халдсан заалт байна гэж үзсэн. Дээд шатны Засаг дарга нь санал болгож болно гэдэг нь Иргэдийн хурлын бүрэн эрхэд халдсан асуудал гэж үзэж байна. Үүн дээр үндэслэн Ерөнхийлөгч хориг тавьсан.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ: Шүүхийн тухай хуульд тавьсан хоригийг хүлээн авалгүй буцаав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
УИХ-аас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх байгууллага нь Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой ч УИХ-ын хэт олонхиор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэсэн эрх баригч нам, улстөрчдийн зүй бус зорилгоос болж, хууль гажуудсан гэж үзэн, Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2021.01.27/ Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцээд “хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн байна.
Хоригийг буцаахын өмнө дээрх асуудалтай холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Шүүхийн хуулийн 44.2-т Ерөнхийлөгч хориг тавьсан. Тус заалтад “ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,УИХ, Засгийн газрын гишүүд прокурор, шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд заавал тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын 3 өдрийн дотор өгөх үүрэгтэй” гэж заасан. Энэ заалтыг миний бие санаачлан оруулсан. Учир нь шүүхэд хамгийн их нөлөөлдөг хүмүүс улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг. Тэр дундаа Засгийн газар, УИХ-ын гишүүд шүүгчтэй уулзахдаа тодорхой хязгаарлалттай байх ёстой. Өөрөөр хэлбэл, уулзахдаа гэрчтэй уулзах ёстой. Гэрчгүй уулзвал өөрсдөө Цэцэд очих заалт оруулж өгсөн. Үүнд яагаад хориг тавьсан юм. Хэн шүүгчтэй гэрчгүй, тэмдэглэлгүй уулзах гээд байгаа юм.
Ажлын хэсэг:
Та хоригийн агуулгыг буруу ойлгосон байна. Ерөнхийлөгч 44.2 дахь заалтын сүүлчийн өгүүлбэрт хориг тавьсан. Та хуулийн төсөл боловсруулахдаа бүх шатны шүүгч нар хууль тогтоомжийн төсөл боловсруулах хэлэлцэх явцдаа албан тэмдэглэлгүйгээр уулзах боломжийг үлдээсэн учраас хориг тавьсан. Түүнээс биш эхний өгүүлбэрт огт хориг тавиагүй. УИХ-ын хууль зүйн байнгын хороо үүнийг хүлээж авахгүй байгаад бас гайхаж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж хувьдаа үзэж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шударга шүүхийг бий болгох зорилготой. Шүүх хараат гэдгийг 2020 оны УИХ-ын сонгуулиар мэдэрсэн. Миний нэр дэвшсэн тойрог дээр хоёр хүнийг нэр дэвшигчийн мандатаа авсан байхад Сонгуулийн тухай хуулийг зөрчөөд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авахгүйгээр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг баривчилсан. Энэ хоёр хүнийг 10 тэрбум төгрөгийг маш богино хугацаанд тусгай дансанд байршуул эсвэл баривчилна гэх шаардлага тавьсан. Энэ хуулиар бид шударга хараат бус, шүүгчийг бий болгомоор байна. Ард түмэнд шударга ёсыг тогтооно гэж сонгогдсон учраас хуулийн хоригийг хүлээж авах ямар ч боломжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Албан тушаалтнуудаас он сарыг нь тавиагүй өргөдөл аваад томилгоо хийдэг юм уу. Хэнд ямар жил оноох, ямар зүйл ангиар буруутгахыг хүртэл урьдчилж ярьдаг юм уу. Үүнээс гадна УИХ-ын Дэгийн тухай хуулиар хөндөөгүй заалтыг өөрчилж болохгүй гээд байхад яагаад өөрчлөгдөөд байна вэ?
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Үндсэн хуулийн 51.2-т Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар бусад шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно гэж заасан. Үндсэндээ Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох бусад шүүхийн шүүгчийг томилох тодорхой бүрэн эрхийг заасан. Үүнээс хальж, хэтэрч болохгүйг ч мөн зааж өгсөн. Ерөнхийлөгчид хууль санаачлах, хориг тавих бүрэн эрх нь бий. Эдгээрийг хөндсөн заалт байхгүй.
Харин Үндсэн хуульд байхгүй бүрэн эрхүүдийг Үндсэн хуулиас гадуур олж аваад байсныг нь Шүүхийн тухай хуулиар цэгцэлж байна. Хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирсэн тохиолдолд тус заалттай холбоотой хөндөгдсөн зүйл заалт дээр л бид ярилцах ёстой. Хэрэв хөндөөгүй байх юм бол хөндөөгүй зүйл заалтыг бид ярих эрхгүй. Шинэчилсэн найруулга, анхдагч хуулиуд дээр бүх зүйл заалтыг хөндөж ярих эрх нээлттэй. Засгийн газраас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан учраас бүх зүйл заалтыг нь хөндөх эрх УИХ-д үүссэн. Энэ хүрээнд ажлын хэсэг ажилласан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Олон улсын хөндлөнгийн байгууллагын судалгаагаар шүүхийн хараат бус байдлаар Монгол Улс 140 байраас 120-д явж байна. Өнөөдрийн мэдээллээр авлигалын индексээр өмнөх жилийхээс 6 байраар ухраад 180 улсаас 111-т орсон байна. Үүнээс харахад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа маш муу байна. Муу байгаа тохиолдолд засч залруулах ёстой биз дээ. Үүнд хэн нэгэн нь хариуцлага хүлээх ёстой. Хариуцлага хүлээх эзэн нь хэн бэ гэхээр шүүгчдийг томилж байгаа хүн байлгүй дээ. Нэг хүн шүүгчдийг томилоод ирэхээр үр дүн нь Монгол Улсын хэмжээнд муу гараад олон улсад бид муухай харагдаад байна. Үр дүн нь муу байхад буцаана гээд байгаагаа үндэслэлтэй тайлбар хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:
-Ерөнхийлөгчөөс Шүүхийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь байтугай уншиж үзээгүй хаасан. Хамтраад нэгтгээд хэлэлцье, манайд бас давуу талтай юмнууд байна гэсэн. Буруу харж суучихаад кноп дарсан. Өнөөдрийн ярьж байгаа энэ зүйлүүд Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш гурван жилийн дотор болсон зүйлүүд биш. 30 жилийн дараа нөхцөл байдал ийм болчхоод байна. Нэг хүнээс хараат байсан бол энэ бүхэн өөрчлөгдөх байсан. Нэг хүнээс томилгоо шууд хамааралтай байсан бол алга урвуулахын дотор өөрчлөгдөх байх.
Харамсалтай нь, тийм биш. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших бүх шүүгчийг хараат гэж хэлж байгаа юм уу?
Статистик харвал Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед томилогдсон шүүгч нар харьцангуй бага байгаа. Түүнээс өмнө томилогдсон шүүгч нарыг Ерөнхийлөгчийн хараа хяналтад байна гэж үзэж байгаа юм уу? Тэгвэл өнгөрсөн 30 жилийг бид юу гэж дүгнэх юм бэ? Ирээдүйн 30 жилийг яаж харах юм бэ?
Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийг хамтраад засъя гэж шаардлага хүргүүлснийг та нар бүгд мэдэж байгаа.Шүүхийн тогтолцоог бүгд шүүмжилдэг. Монголд улс төржье гэвэл олон сэдэв байна. Ерөнхийлөгч тэгэхгүй гэдэг байдлаар хандаж байна. Удаа дараа санал болгосон хуулийг ядаж нэгтгээд хэлэлцье гэсэн ч хүлээж аваагүй. Жирийн иргэн нэг тооны адуу хулгайлаад хоёр жилийн ял авдаг тогтолцоог өөрчилье гэж санал тавьсан. Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд эхлээд ял авсан болоод дараа нь суллагддаг гэдгийг бүгд харж байгаа гэсэн юм.
Одоо чуулганаар Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ: Ерөнхийлөгчийн Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийг хүлээн авсангүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Хоригийг буцаахын өмнө дээрх асуудалтай холбогдуулан, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Хэдүүлээ жаахан юманд зарчимтай, шударга хандмаар байна. С.Бямбацогт дарга зөндөө хэллээ. Бид хуулийн төсөлд хамтраад шударга бусын хонгилыг нураая, зөв зүйлийг тогтооё гээд явж л байгаа. Авлигатай тэмцэх асуудлаар Ардын намын бүлэг нарийн сайн яриагүй юм байна гэж харлаа. Гэхдээ Т.Аюурсайхан дарга сая их баярламаар үг хэлж байна. Баялгийг идэж уухад нам хамаагүй. Энэ чинь ард түмний хөрөнгө. Өнөөдөр гэр хороололд хэдэн мянган иргэн нүхэн жорлонд бие засч байхад яагаад Монголын баялаг гадаадад хэдэн тэрбумаараа байх ёстой юм бэ? Зарим нь яагаад оруулж ирээд хороолол болгоод байгаа юм бэ? Үүнийг яагаад бид ард түмний төлөөлөгч болчихоод шударга шийдэж болохгүй байгаа юм.
Т.Аюурсайхан төлөөлсөн нөхдүүд нэхэмжлэлээс татгалзсан гэж хэллээ. Би боломжийн материалтай болсон ч тодорхойгүй асуудлууд байгаа. Та нар 60 хэдүүлээ юм чинь энэ асуудал дээр шударга загнаад шийдчих. Буцаагаад нэхэмжлэлээ гаргачих.
Би уг нь нэг тогтоолын төсөл янзлаад явж байгаа ч зарим зүйл нь олдохгүй байна. Та нарт бүх зүйл нь бэлэн байгаа. Монгол Улсын баялгийг нэхэмжлээд явж байхдаа татгалзсан нөхдүүдийг олж тогтоогоод буцаагаад нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Оюутолгой өөрөө манайханд авлига өгсөн, авсан гэх асуудал хөндөгдөнө. Энэ бол Монгол Улсад ашигтай зүйл. Үнэн хэрэгтээ бидэнд зээл өгчихлөө гээд цаагуураа дарамтлаад байгаа нөхдүүдэд эрүүгийн гэмт хэрэг үүсгэх боломж харагдаж байна. Нэгтгэдэг хүчээ ард түмний төлөө нэгтгээд өгөөч гэж хүсч байна. У.Хүрэлсүх индэр дээрээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг аймаар хэлэхээр нь гайхсан. Яг үнэндээ гэмгүй харилцаатай байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Одоо ингэхгүй. Ийм асуудлаар хэдүүлээ нам гэхгүй шүү. Авлигачдаас гадаадад гаргасан мөнгийг оруулж ирье.
Ч.Хүрэлбаатар аа дахин дахин худлаа ярихаа болиорой чи. Би Ч.Хүрэлбаатартай дандаа төсвийн хэрүүл хийдэг байсан бол сүүлийн үед өөрийнх нь талаар их ярих боллоо. Та нар ард түмний өмнө хариуцлага хүлээнэ. Цаг нь хэзээ вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би уг нь хүлээлгэчих байсан юм. Даанч намайг огцруулаад шидчихсэн. У.Хүрэлсүхийг бас айлгаад явуулчихлаа. Нүцгэн үнэнийг та нарт хэлж байна. Монгол Улс тусгаар улс байж, улс шиг хөгжмөөр байна. Ардчилсан нам 2012 онд ийм үг хэлэхэд хэчнээн гишүүд шоолсон гээч. Дээрэмчид л шоолдог байхгүй юу.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Энэ удаагийн Ерөнхийлөгчид баярлаж байна. Өмнөх үе, үеийн Ерөнхийлөгчид өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх гэж Үндсэн хуулиас гадуур 40 гаруй хуулиар өөртөө эрх мэдэл төвлөрүүлсэн байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх явцад үндэсний зөвшилцөлийн комиссыг Ерөнхийлөгч ажлын хэсгийг ахлаад Ерөнхий сайд орлогч даргаар нь ажиллаад би нарийн бичгээр нь ажилласан. Тиймээс тавьсан хоригийг дэмжих боломжгүй.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Төсвийн алдагдалтайгаа нийлээд 12-13 тэрбум их наяд төгрөг гэж яригдаж байна. Монгол Улсын төсвийн гуравны нэгтэй тэнцүү хэмжээний албан бус мөнгө яригдаад эхэлсэн байхад бид яагаад дуугуй суугаад байгаа юм бэ. Албан тушаалтнуудын 4 их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг АТГ илрүүлсэн гэж Ерөнхийлөгч хэлсэн. АТГ-ын дарга нь энэ асуудалд манлайлаад сайн л ажилласан байна. Энэ хүмүүсээ оруулж ирээд УИХ-ын хаалттай чуулган хийе. Хэдүүлээ сонсоё л доо. Татгалзах гишүүд байхгүй байх. Засаг огцорсон, гадаа өлсгөлөн зарлаж, иргэд үнэн зөв мэдээллийг шаардаж байгаа энэ цаг үед зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авч болохгүй. Яагаад ч дэмжихгүй. Би тэр дундаа Н.Алтанхуягийг гайхаж байна. УИХ-ын индэр дээрээс хэн нэгэнд ял өгдөг шударга бус зүйлийг л засах гэж байна. Хүргэн хүүгийнх нь 17 тэрбумын нүүрсний хэрэг, бусад зөндөө олон зүйлсийг бид ярих албагүй. Тэрүүгээр хэн нэгнийг буруутган, яллах шаардлагагүй. Ийм хөгийн нөхцөл байдлаас гарахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэн дуртай нь хэн нэгнийг мөрдөн байцаалтгүйгээр ял өгч тулгаж, олон нийтэд зарладаг, нэр хүндэд нь халддаг хөгийн тогтцолцооноос салахын тулд хийж байна. Хэрэв хоригуудыг хүлээн авах юм бол албан тушаалд томилогдохдоо урьдчилаад өргөдлөө бичээд өгчихдөг, айлгадаг захиалга үргэлжилнэ. Сонгууль дөхөхөөр нэгнээ барьж хорих ч үргэлжилнэ. Эсвэл нэг нь нөгөөдөө пялдагнаж сайн хүн болох гэж бусдын өмнөөс бээжин хав шиг хуцах шаардлага байхгүй. Найз нөхдөө худалдаж байгаад хар амиа авч үлддэг тогтолцооноос салах учиртай. Монгол Улсын Ерөнхий сайдууд гадаадад буудуулдаг байсан бол одоо шоронд 3-4 нь хоригдоод байж байна. Энэ зөв юм уу. Тэр хүмүүс Монголд ямар гэм хийсэн юм. Хэн нэгэн хүний үг, хурууны дохиураар, согтуудаа гаргасан авираар нь хууль хяналтын байгууллага хөдөлдөг байж болохгүй гэсэн юм.
Т.Доржханд: Ах нар АТГ-ын даргын томилгоог танхим дүүрэн хэрүүл болгож байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Ах нарын авлигын асуудлаас хол байя гэсэн ч үг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол Улс авлигадаа ялагдсан. АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажиллаж болохоор болсон шүү дээ.
С.Ганбаатар гишүүнийг гадаа хүйтэнд өлсөж, ядарч байгаад эмзэглэж байна. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг хүндрэлтэй үед Оюутолгойг хөндөж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Засгийн газар нэхэмжлэлээ татаж авсан бол асуудал байна гэж үзнэ. Харин асуудал шийдэгдээгүй байхад Засгийн газрыг төлөөлөх боломжгүй нэхэмжлэл гаргаад түүнийгээ татаж авсан бол зарчмын хувьд буруу.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-АТГ-ын дэд даргыг нас бараад 49 хоног нь ч болоогүй байхад энэ хууль орж ирсэн. Юундаа ингэж яарсан юм бол. Хууль анх өргөн баригдахдаа дэд даргын асуудал яригдаж явснаа сүүлдээ өөрчлөгдсөн. Тэгэхээр ажлын хэсэг анх өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлал гэдэс дотор нь хэдэн хувь өөрчлөгдсөн бэ?
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:
-АТГ-ын судалгаанаас харахад авлига нь төсвийн хөрөнгө болон захиран зарцуулалттай шууд холбогдож байгаа юм. Авлигатай тэмцэх хууль одоогийн хэлбэрээр батлагдчих юм бол тогтворгүй байдал бий болно гэж үзсэн учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. АТГ-д хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтны 99.9 хувь нь УИХ болон Засгийн газраас томилогдож байна. Ерөнхийлөгчийн тамгийн газарт 35 хүн л бий.
Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа
УИХ-аас баталсан Авлигын эсрэг тухай хуульд орсон хоёр өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан.
Тодруулбал, АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байсан. Харин өөрчлөлтөөр Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог болсон. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьсан юм. АТГ-ын дэд даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгодог байсан бол одоо АТГ-ын дарга нь өөрөө дэд даргаа санал болгож, УИХ-д оруулж томилуулдаг эрх зүйн өөрчлөлт орсон билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга:
-Улс орны аюулгүй байдал, иргэдийн эрх чөлөөтэй шууд холбогдох гурван хуульд нэгэн зэрэг хориг тавьсантай холбогдуулан өөрийн зарчмын байр сууриа илэрхийлье. Эрх мэдлээ ашиглан нийтийн баялагийг цөлмөгч бүлэглэл шударга ёсны төлөөх тэмцлийг саармагжуулан, үгүйсгэж харлуулахын төлөө бүгдийг хийж эхэлсэн. Тэд өнөөдөр амь тавьж байна. Шударга ёсны төлөөх үнэнд гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллага маш сайн ажилласан. Оффшор бүсэд нууцалсан асар их хөрөнгийг илрүүлж эхнээс нь Монгол Улсад оруулж ирэх нөхцлийг бүрдүүлээд байна. Тодорхой албан тушаалтнуудын 4 их наяд орчим төгрөгийн мөнгөн дүн бүхий гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлээд байна. Энэ мэт хэргүүд илрээд эхэлмэгц хууль батлах замаар хууль хяналтын байгууллага шүүх засаглалыг өөрийн нөлөөнд оруулж эхэллээ. АТГ болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог ялсан нам нь хяналтдаа авснаар цагаан цахтнуудын гэмт хэрэгтэй тэмцэх боломжийг үгүй хийж байна. Өрх бүрд нэг сая төгрөг олгох тогтоолын төслийг гаргамагц Сангийн сайд нь оффшор бүсээс хууль бус хөрөнгийг оруулж ирэх ажиллагааг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна. Дээрх тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр чуулган хаах гэж байгаад гайхаж байна. Үүнтэй холбогдуулан зөвхөн энэ асуудлаар ээлжит бус чуулганыг хуралдуулах болно. Мөн Оюутолгойн гэрээг тойрсон албан тушаал, авлигын асуудлаар УИХ нэн даруй хаалттай хэлэлцэх шаардлагатай байна.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар:
-Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм. Хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байна. УИХ дээр томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ. Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Монгол Улс жил бүр авлигын индексээрээ ухарч байна. Цөөхөн хүн ажилладаг, хэдхэн хүн баяждаг схем руу орчихлоо. Дундаж давхарга гэж байхгүй. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсны дараа АТГ-аас над руу залгасан. УИХ дээр АТГ-аас хэн ч авлигаа шалгуулахгүй байна гэж ярьсан талаар минь надаас асуусан. Өчигдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд томилогдлоо. 2018 оны ХОМ-ыг нь харсан. 112 сая төгрөг дансанд нь бэлнээр байна. 232 сая төгрөгийн орлого жилд олдог. 80 сая төгрөгийн малтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хүн АТГ-ын даргыг томилох нь ээ. Гэтэл АТГ Ерөнхий сайдаа шалгаж чадах уу?. Ийм зүйл дээр анхаарахгүй бол болохгүй.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг нь Засгийн газрын чиг үүрэг байдаг. Энэ хүрээнд авлигатай тэмцэх асуудал бол гэмт хэрэг мөн. Тиймээс Ерөнхий сайд АТГ-ын даргыг УИХ-д санал болгоно. УИХ томилгооны сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно гэж оруулсан.
Ерөнхийлөгч өмнө нь санал болгоод УИХ томилдог байсан бол одоо УИХ дээр томилгооны сонсгол хийнэ. Их хурал томилохгүй ч байж болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зааж өгсөн. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын даргыг санал болгох гэсэн заалт байхгүй. Харин шүүгчийг томилох эрх бол бий. Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилно гээд яриад байх юм. Ерөнхий сайд УИХ-д санал болгоно шүү дээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоод УИХ батлах нь нэг талаасаа зөв. Ерөнхийлөгч улс төрийн сөрөг хүчин мөн үү, тэмцэгч хүн мөн үү. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч. Улсынхаа тогтвортой байдлыг хангах, эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй төрийн зохистой харилцааг хангадаг хүн сул дорой сөрөг хүчний үүрэг гүйцэтгэвэл юу болох вэ. Төр улс тогтворгүй болно. АТГ-тай тэмцэх ажлыг Засгийн газар үүрэх ёстой. Ер нь ялсан нам л эрх баригч хүчин болдог. Ялсан нам бодлогоо хэрэгжүүлдэг. Тэгэхээр үгээр хөөцөлдөж тоглож болохгүй. Монголын төр шат шатандаа хариуцсан ажлаа сайн хийх л дутагдаж байна. Түүнээс биш Ерөнхийлөгч цөөнхийн хүчний үүрэг гүйцэтгээд энэ төрийг тогтворжуулна гэж байгаа бол төр уналтад орно. Ардчиллаас ухарна. Хоёр хөршийнхөө барьцаанд орно. Ерөнхийлөгчийнхөө үүргийг зөв ойлгооч ээ. Энэ хүнийг тэмцэгчээр тавиагүй.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Х.Нямбаатарын балгаар АТГ-д шалгагдаж байгаа нийт хэргийн 90 гаруй хувь нь хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болно. Шинээр гарсан хэргүүд Ерөнхий сайдын гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд байдаг асуудлууд учраас сайдын нөлөөллийн дагуу гэмт хэргээс мултарна. Тиймээс авлигын эсрэг тэмцэх тэмцэл доод түвшинд очно. Х.Нямбаатарыг хуулийн салбараас зайлуулж байж хуулийн салбар цэгцэрнэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Анх АТГ-ын дэд дарга нас барсан учраас оронд нь хүн томилно гэж л энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. Түүнээс хэнийг томилох эсэх нь Ерөнхийлөгч байсан. Орлогчийнх нь тухай ярьж явснаа томилгоог Ерөнхий сайд шийдье гэж ярьсан. Тухайн үед би дэмжиж байсан. Гэхдээ би одоо эргэлзэж байна. Яагаад гэвэл энэ сарын 19-нд юу болов. Оффшорт байгаа мөнгийг саатуулах ажил болоод хувирчихлаа даа гэж харж байна. АТГ-ын даргын томилох эрхийг Ерөнхийлөгчөөс аваад Ерөнхий сайдад өгч байгаа нь нэг намын даргад өгч байгаа хэрэг. Энэ дээр өөр гарц хайя гэж байнгын хороон дээр ярьсан. Бид буруу л юм хийж байна даа.
Нью-Йоркийн шүүх дээр байгаа хэргийн нэхэмжлэлийг хэн татаж авсан бэ. Оффшорт байгаа хөрөнгийн учрыг олохоор явж байгаа хэргийн нэхэмжлэлийг хэн татсан. Та нар газрын баялаг мөнгө болоод гадагшаа гарчихсан хэргийн шалгах процессыг зогсоох гэж байна. Нэгдүгээр сарын 20-нд У.Хүрэлсүх огцорсон. Ингэж болохгүй. Оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж байна. Ч.Хүрэлбаатар зогсоочихож байгаа болохоор орж ирэхгүй байгаа юм. Хүрэлбаатар аа чи зогсоож байгаа. Ч.Хүрэлбаатар өөрөө энэ хэрэгтэй холбоотой, дамаар холбогдоно. Тэр Солонгос чинь ял аваад явчихсан. Гэтэл Ч.Хүрэлбаатар энд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тувт доромжилж, хамсаатнаа өмөөрдөг. Хэрэг хуучирдаггүй юм шүү. Эрт орой хэзээ нэгэн цагт илэрнэ. Хэрвээ та нар 60 хэдээрээ түрий бариад явах гэж байгаа бол, бяр чадлаа гаргах гэж байгаа бол монголчууд босно шүү. Одоо боль та нар. Энэ хуулиа татаад авчих. Ойлголцоод л явдаг ш дээ. АТГ-ын даргыг өөрсдөө авчихаад яргалах гэж байгаа бол алалцана шүү, ойлгосон уу. Үүнийгээ боль.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хороогоор шийдэхэд Б.Энхбаяр ахалж ажилласан. Үүнд ямар нэгэн Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Ж.Сүхбаатар гишүүн АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилох өөрчлөлт хийх зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжигдсэн. Ингэхдээ томилгооны сонсгол хийж шийддэг байхаар оруулсан.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-С.Бямбацогт одоо муу сурдаг хүүхдэд юм тайлбарлаж байгаа юм шиг. Би онц сурдаг шүү. Чи битгий олон юм яриад бай. Битгий ингэж мушгиж гуйвуулаад бай. Би шударга бус юманд үнэхээрийн дургүй хүрдэг. Би өөртэй чинь хамтраад ажлаа хийгээд энэ байнгын хороонд явж байгаа. Чи яагаад ингэж худлаа хэлээд байгаа юм бэ.Дэд дарга нь нас барсан учраас дараагийн дэд даргыг томилно гэж л энэ хуулийг анх оруулж ирсэн. Өнөөдөр 250 сая орчим ам.долларын хэрэг олон улсад явж байна. Хонконгт хөрөнгө битүүмжилсэн, Лондонд хөрөнгө битүүмжилсэн, Нью-Йоркт хурал нь явж байхад Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюутолгой компанийн нөхдүүд нэхэмжлэлээ нэгдүгээр сарын 19-ний өдөр татаж авсан. Маргааш нь У.Хүрэлсүх огцорсон. Одоо боль та нар. Ер нь нууц юм байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Бид аливаа асуудал, тодорхой хууль хэлэлцэхдээ төрийн эрх мэдэл хуваарилах зарчмаа хангаж, асуудалд хандаж байх ёстой. Одоогийн тогтолцоо бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдэлд сөргөөр нөлөөлсөн тогтолцоо. Тухайлбал, АТГ авлигын хэрэг үүсгэж шалгаж, прокурорт шилжүүлж, прокурор түүнд хяналт тавьж шүүхэд шилжүүлж, эцэслэн шийддэг. Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилдог, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилдог. АТГ-ын даргыг санал болгодог. Ийм тогтолцоотой байхаар харилцан тэнцэл алдагдаж байгаа учраас гүйцэтгэх засаглалын тэргүүн нь АТГ-ын удирдлагыг санал болгож, Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгах үүднээс энэ эрхийг өгөх нь зөв.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхэд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг бий. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр томилгоогоо хийдэг, авлигатай тэмцэх ажлаа хийдэг байх ёстой. Ийм үндэслэлээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэл алга байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр 2024-2025 онд ашиглалтад орно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад орон нутгийн ажилчдыг, тэр дундаа тухайн орон нутгийн гаралтай ААН-үүдийг бүтээн байгуулалтад оролцуулахтай би санал нэгдэж байна. Манай ажлын хэсэгт говийн аймгуудаас сонгогдсон гишүүд бас орсон. Монголд газрын тос боловсруулах төрийн өмчит компани Хөгжлийн банкнаас 12 хувийн зээлээр санхүүждэг нь үнэн. Зээлээр авсан санхүүжилтээрээ Монгол Улсын татварыг бүрдүүлэх асуудал ч яригдаж байгаа. Болдог бол төрөөс газрын тос боловсруулах үйлдвэрт татварын хөнгөлөлт үзүүлж, хүүтэй өндөр мөнгөөр татвар бүрдүүлдэг асуудлыг цэгцэлмээр байгаа юм. Нэгэнт 2021 оны төсөв батлагдсан байхад энэ асуудлыг ярих боломжгүй. Тэр дундаа Засгийн газраас өргөн барьсан хуульд УИХ анхны хэлэлцүүлэг дээр засч залруулах эрх ч байхгүй. Гэхдээ бид Засгийн газартай ярьж байгаад Хөгжлийн банкны асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг саадгүй явуулах, үйлдвэрт зориулагдсан санхүүжилт тухайн үйлдвэртээ л зарцуулагдах ёстой.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:
-Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн асуудал болох авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил хийгдсэн. Бүтээн байгуулалтад эзэнгүй обьект бол байхгүй. Цахилгаан дамжуулах 110 кВт-аас дээш өндөр хүчдэлийн шугамыг эрх бүхийн төрийн байгууллага арчлах үүрэгтэй. Гэхдээ энэ нь компанийн нэр дээр бүртгэгдсэн анхны тохиолдол болсон. Өөрөөр хэлбэл, манай компанийн нэр дээр бүртгэгдсэн. Учир нь Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байдаг учраас 250 сая төгрөгийн жилийн төсөв бодож өгсөн. Манай үйлдвэр эрчим хүчний үйлдвэр учраас өөрсдийн бие даасан том бүрэлдэхүүнтэй болно. Улсын хэмжээний цахилгааны шугамыг аваад явчих хамт олон байхгүй учраас үйлдвэрийг ашиглалтад ортол төр хариуцаад явах шаардлагатай байна.
Хоёрдугаарт цахилгаан дамжуулах шугам сүлжээ компанийн баталгаат хугацаа 3 жил үргэлжилнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид Дорноговь руу шилжиж ажиллана. Хоёр оффис баригдана. Үйлдвэрийн талбайд Энэтхэгийн компани, газрын тосны үйлдвэрийн хотхоны гадна бид өөрсдийнхөө оффисыг барьж байгаа. Үйлдвэр 2024-2025 онд ашиглалтад орно. Бүтээн байгуулалтад Дорноговь аймгаас залуусыг ажиллуулах сонирхолтой байгаа. Манай 50 инженерийн 15 нь Дорноговь аймгийнх. Үйлдвэрт 7000 хүн ажиллахгүй бөгөөд бүтээн байгуулалтын ажилд 2-3 жилийн хугацаанд 6000-8000 хүн ажиллана. Зонхилох ажилчдыг орон нутгаас авна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Газрын тосны үйлдвэрийн тухайд импортын гол валютын урсгал гардаг учраас их чухал асуудал. Гэхдээ эдийн засаг төсөл талаас нь эргэлзээтэй олон асуудал байна. Ерөнхийдөө нүүрсгүй нүүрсний цахилгаан станц, гурилгүй талхны цехийн яриа л яригдаад байна. Манайхан санхүүгийн механизм дээр маш их алддаг. Энэ үйлдвэр 100 хувийн эрсдэлийг өөрөө хүлээх тухай ярьж байна. Гэтэл зөвхөн нэг жилийн дотор газрын тос боловсруулах үйлдвэр барих санхүүгийн тооцоолол нь 60 хувиар зөрсөн байх жишээний. 1.2 тэрбум ам.долларын зээлээ 2025 оноос төлж эхлэх юм байна. Үлдэх санхүүжилтээ хаанаас авч байгаа вэ. Хөрөнгө оруулалтаа эргэн төлөх хугацааг есөн жил гэж байна. Энэ хугацаанд ам.доллар, төгрөгийн ханшийг яаж тооцсон юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Газрын тос боловсруулах үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, монголчуудад хямд буюу импортын тосноос хамаагүй хямд бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүлээлт байна. Тус үйлдвэр нийтдээ 1 тэрбум 236 сая ам.доллараар баригдаж байгаа. Зээлийн хүү нь 1,75 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 25 жилийн хугацаатай. Эхний санхүүжилт хийгдсэн өдрөөс хойш 7 жилийн дараа зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Монгол Улс жилдээ 1.2-1.5 тэрбум ам.доллларын шатахуун хэрэглэдэг. Ихэнхийг нь ОХУ-аас авдаг. Нэг жилийн импортын хэрэглээний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийн дүнгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгдүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна.
Холбоотой мэдээ