МАН Засгийн эрх барих бүрийд "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн гишүүнээр томилогдож ирсэн хүн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди. Гэвч түүнийг удахгүй чөлөөлөх нь ээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Оюутолгой"-н ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг нь чөлөөлнө гэдгээ мэдэгдэхдээ нэр заагаагүй ч үг нь Н.Багабандид хаяглагдсан юм.
Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийн томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” гэсэн юм.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад дараа нь "Оюутолгой"-д ажиллаж, бүх мэдээллийг өгдөг. Үүнтэй холбоотой олон асуудал байна. Цаашлаад "Оюутолгой"-н ТУЗ-ийн нэг гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд л тоглохоос өөр гарцгүй юм билээ” гэх тайлбар нь Н.Багабандид зориулсан нь тодорхой болж буй.
Уг нь Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 14-нд "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм.
Дээрх сонгон шалгаруулалтад санхүүгийн шинжилгээ хийх, уг чиглэлээр баг гаргаж, ажиллуулах, гүний уурхайн чиглэлээр судалгаа хийх, олон нийттэй харилцах гэсэн шалгуур тавьсан юм. Нээлттэй сонгон шалгаруулалтад нийтдээ 47 хүн материалаа ирүүлэхэд хоёр хүн сонгогдсон. Тодруулбал, АНУ-д Morgan Stanley компанид ажилладаг Э.Баясгалан, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нар "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож, Засгийн газар өнгөрсөн оны аравдугаар сард томилгоо хийж байв. Өөрөөр хэлбэл, нэг хүн сонгон шалгаруулалтгүйгээр "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-д үргэлжлүүлэн ажиллахаар болсон нь Н.Багабанди юм.
Уг нь дээрх сонгон шалгаруулалтыг зарлах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой"-д Монголыг төлөөлсөн гурван гишүүнийг бүгдийг солино” гэж мэдэгдсэн ч чөлөөлөгүй авч үлдсэнийг улс төрийн тохироо гэж үзэх хүмүүс ч олон байсан юм.
Харин энэ удаад Засгийн газрын тэргүүн түүнийг өөрчлөхөө мэдэгдсэн нь МАН дотор дахиад "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн болох марафоныг эхлүүлэх үү, эсвэл нээлттэй сонгон шалгаруулалтаар нэг хүнийг сонгож, томилох уу гэдэг цаг хугацааны л асуудал болж хувирч байна.
Н.Баганбандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Энэ хугацаанд уг төсөлтэй холбоотой маргаан олон гарч, сайжруулах шаардлага тавигдаж ирсэн ч ачааг нь зөвхөн Засгийн газар үүрч ирсэн. Харин Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүдийн хувьд энэ асуудлууд дээр олон нийтэд хандан тайлбар хийсэн ч удаагүй, мөн Засгийн газарт зөвлөгөө зөвлөмж өгч ирсэн нь ч тодорхойгүй явж ирсэн билээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ