Хятадад занарын хийн олборлолт, үйлдвэрлэл хурдтай өсч байгаа ч 2025 оноос цааш үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэх талаар мэдээлэх болжээ. Учир нь, занарын хийг олборлоход геологийн талаас төвөгтэйгөөс гадна хангалттай хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадаагүйгээс болоод тэрхүү уламжлалт бус байгалийн нөөцийг олборлох, үйлдвэрлэхэд маш өндөр өртөгтэй болж байгаа юм.
Хятад улс өдгөө нийт байгалийн хийн хэрэгцээнийхээ 42 хувийг импортоор авдаг бөгөөд үүнийгээ бууруулахаар хичээн ажиллаж буй. Гэвч дээр дурдсан асуудал тус хичээл зүтгэлд саад учруулж магадгүй аж. Мөн уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилгоор нүүрснээс татгалзаж буй энэ үед Бээжин зорьсноо бүтээхийн төлөө алслагдсан өрнө умард нутгууддаа бусад өндөр өртөгтэй байгалийн хийн олборлолтыг хөгжүүлэх шаардлагатай болж буй юм байна.
Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болсон Хятад улс 2012 онд АНУ-ын занарын хийн шинэ технологиос санаа авч, Сичуан нутагт занарын хий олборлож эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш Хятад улс занарын хийг тасралтгүй олборлосоор сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 20 тэрбум м.куб буюу 2020 онд олборлосон дэлхийн нийт занарын хийн 10 орчим хувийг эзэлжээ.
Гэхдээ энэ бол Хятадын хувьд 2019 оны сүүлд батлагдсан 1.8 их наяд м.куб нөөцийн өчүүхэн хэсэг юм.
Хятадын аваргууд болох PetroChina, SinoPec компаниуд ирэх таван жилийн хугацаанд занарын хийн үйлдвэрлэлийг 75 хувиар өсгөж, 35 тэрбум м.куб болгох төлөвлөгөөтэй байна. Гэвч мэргэжилтнүүд компаниуд илүү гүнд өрөмдөхгүй бол 2035 оны үед занарын хийн олборлолт 50-55 тэрбум м.кубээр хязгаарлагдах болно хэмээн үзжээ. Гэвч одоогоор түүнээс илүү гүнд өрөмдөх технологи нэвтрээгүй байгаа юм.
Хятад Вейронг төсөл шиг орчин үеийн нээлтийг ашиглан 2500-4000 метрийн гүнд нэвтэрч чадваас 2025 он гэхэд 30 тэрбум м.куб занарын хий олборлох боломжтой. Гэвч PetroChina компанийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн орлогч захирал, занарын мэргэжилтэн Зоу Цайнены хэлснээр түүнээс цааш өрөмдөх нь бараг боломжгүй зүйл аж.
АНУ-ын тэгш, өргөн талтай харьцуулахад Сичуан уулархаг тул хэвтээ өрөмдлөг, гидравлик буюу хөрсний уснаас үүссэн хагарлын технологийг ашиглах нь тохиромжгүй байгаа талаар байгалийн хий судлаач Жан Шианхуй ярьжээ. Түүнээс гадна АНУ-ын хүн суурьшаагүй цөл нутагтай харьцуулахад шигүү хүн амтай Сичуанд Америкийн загвараар үйл ажиллагаа явуулахад бэрх. “Тиймээс 2025 оноос хойш занарын хийн олборлолт өргөжих эсэх нь тун эргэлзээтэй байна” хэмээн Жан Шианхуй хэлсэн байна.
Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадахгүй байгаа нь Хятадын занарын хий олборлолтод муугаар нөлөөлж байна. 2012 оноос хойш Хятадад хэдэн тэрбум ам.доллар зарлагадан газар хагалж, занарын хийн хайгуул хийсэн ч үр үн муутай байсанд 2019 оноос эхлэн тус салбар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахаа больсон юм.
Сүүлийн үед занарын хий олборлогч том компаниуд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд хэд хэдэн том төсөл хэрэгжүүлэх болжээ. Тухайлбал, SinoPec компани Фулин, PetroChina компани Чаннин Вэйюань болон Жаотун нэртэй төслүүдийг тус тус хэрэгжүүлж эхэлсэн байна.
Гэвч Фулин төслийн хувьд бүтээгдэхүүн хангалттай биш. Хангалттай болгохын тулд Вэйрон болон Люжөү мэтийн төсөл хэрэгжүүлэхэд дэндүү өндөр өртөгтэй хэмээн шинжээчид үзэж байна.
Харин PetroChina компани илүү том, хавтгай газар нутаг эзэмшдгийнхээ ачаар арай дээр амжилттай яваа боловч занарын хий боловсруулах өртөг бусад байгалийн хий боловсруулах өртгөөс даруй 20-30 хувиар илүү байгааг мэдэгджээ.
Бээжин 2016 оноос хойш занарын хийн салбарт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.
Байгалийн нөөц
Шинжээчдийн зөвлөж байгаагаар занарын хийн олборлолт ийнхүү удааширч байгаа үед Бээжин дутагдлаа нөхөхийн тулд Ордост бага нөөцтэй боловч гүн өрөмдөх шаардлагагүйгээр олборлох боломжтой байгалийн хийг ашиглах, цаашлаад Шинжааны агаарын хэм, даралт ихтэй нутгуудад хайгуул хийх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай.
Хятад нийтдээ 2000 орчим буюу АНУ-ынхаас хэд дахин олон занарын хийн цооног өрөмдсөн хэдий ч 2020 оны нийт бүтээгдэхүүний хэмжээ нь АНУ-ынхтай харьцуулахад ердөө 3 хувьд хүрч байгаа юм.
Үүнд хоёр орны газар зүйн байрлал, онцлог ихээр нөлөөлж байгаа тул Хятад цаашид занарын хий олборлохын тулд АНУ-ын жишгээс өөр зам сонгох, хөгжүүлэх шаардлагатай болж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Эх сурвалж: REUTERS