Японы Ерөнхий сайд Ёшихиде Сүга өөрийнх нь удирдаж буй эвслийн гишүүд Covid-19 халдварыг хязгаарлах засгийн газрын зөвлөмжийг зөрчин шөнийн клуб орж зугаацсанд өчигдөр/2021.1.27/ ард иргэдээсээ уучлал гуйжээ.
Цар тахлын эсрэг авч буй арга хэмжээнүүд нь ард түмэнд таалагдахгүй байгаа учир сүүлийн үед Ёшихиде Сүгагийн нэр хүнд унасаар байгаа юм. Тухайлбал, ард иргэд түүнийг цар тахлын эсрэг дэндүү удаан, мэдрэмжгүй тэмцэж байна хэмээн үзэх болжээ. Түүнчлэн цар тахалтай үед эвслийнх нь гишүүд шөнийн клубт зугаацсан мэдээ шуугиан тарьж нэрмээс болж буй аж.
Тэрбээр “Бид өөрсдөө ард иргэдийг 20:00 цагаас хойш гадуур хооллохгүй, шаардлагагүй шалтгаанаар гадуур явахгүй байхыг зөвлөсөн хэрнээ ийм зүйл хийсэндээ гүнээ харамсаж байна. Буруутай хууль тогтоогч нар нэг бүрчлэн үйлдэлдээ харамсаж байгаа. Биднийг уучлаарай. Би иргэдээ тэвчээртэй байгаарай хэмээн захихдаа өөрийн хүмүүсээ анзаараагүй байжээ” хэмээн ярьжээ.
Япон улс энэ сард нийслэл Токио хотноо онц байдал тогтоож, цайны газар, уушийн газруудыг 20:00 цагт хаахыг зөвлөсөн юм. Гэвч зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд хэрхэн шийтгэх талаар тодорхой зохицуулалт байхгүй аж.
Ерөнхий сайд уучлал гуйснаас хойш буруутай хууль тогтоогч нар нэг нэгээрээ уучлал гуйж эхэлжээ. Тухайлбал, Мацүмото сэтгүүлд ярилцлага өгөхдөө Гинза дүүрэгт хоёр ч шөнийн клубээр ороод гарсан бөгөөд ресторанд хоол идсэнээ хүлээгээд уучлал хүсчээ. Мөн Киёхико Тояма саяхныг болтол Гинза дүүргийн нэгэн шөнийн клубээр тогтмол үйлчлүүлж байснаа хүлээсэн байна. Түүгээр зогсохгүй өөр хэд хэдэн хууль тогтоогч өөрсдийнхөө хэргийг хүлээж уучлал гуйсан ч ард иргэдийн бухимдал намжаагүй байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ