АНУ-ын анхны эмэгтэй Сангийн сайд Жанет Йеллен

Хуучирсан мэдээ: 2021.01.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын анхны эмэгтэй Сангийн сайд Жанет Йеллен

АНУ-ын анхны эмэгтэй Сангийн сайд Жанет Йеллен

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден өөрийн засаг захиргаанд ажиллах багаа олон талт байдлыг харгалзан үзэж байгуулахаа мэдэгдсэн билээ. Өөрийн дэд ерөнхийлөгчөөр хүртэл улсынхаа түүхэнд анх удаа эмэгтэй хүнийг сонгосон тэрбээр Сангийн сайдаараа мөн л анх удаа эмэгтэй хүнийг томилсон юм. “Ньюс” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг ”Хүмүүс” булангийнхаа энэ удаагийн дугаарт АНУ-ын анхны эмэгтэй Сангийн сайд Жанет Йелленийг онцолж байна.

Жанет Йеллен 1946 оны наймдугаар сарын 13-нд Нью-Йоркийн Бруклинд дундаж давхаргын еврей гэр бүлд төрж өсчээ. Ээж Анна Рут бага ангийн багш, аав Жулиус Йеллен нь өрхийн эмч байжээ. Тэрбээр 1962 онд Форт Хэмилтон ахлах сургуулийг төгссөн бөгөөд ангийнхаа хамгийн шилдэг сурагч байв. Йеллен 1967 онд Брауны их сургуулийн Пемброкийн коллежид элсэн орж эдийн засагч мэргэжлээр төгссөн. Анх философи ч болохоор зорьж байсан ч сургуульд нь багшилдаг байсан алдартай эдийн засагч нар болох Жорж Бортс, Хершел Гроссман нарын ятгалгаар мэргэжлээ солин эдийн засгийн чиглэлээр суралцжээ.

Ингээд 1971 онд тэр Йелийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалав. Тэр диссертациа Нобелийн шагналт Жеймс Тобины удирдлага дор "Нээлттэй эдийн засаг дахь ажил эрхлэлт, үр дүн ба капиталын хуримтлал: Тэнцвэргүй хандлага" сэдвээр хамгаалж байжээ. Тухайн жил 12 эдийн засагч Йеллийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахад ганцхан эмэгтэй байсан нь Йеллен аж.

Докторын зэрэг хамгаалсны дараа Йеллен 1971-1976 онд Харвардын их сургуульд туслах багшаар ажиллаж эхэлжээ. 1977 онд Йеллийн их сургуульд байхаас нь мэддэг танил нь түүнийг Холбооны Нөөцийн банкинд эдийн засагчаар ажиллахыг урьсан байна. Тус банкинд Йеллен олон улсын мөнгөний шинэчлэлийг судлах үүрэгтэй байв. Өөрийн нөхөр Жорж Акерлофтой ажлынхаа цайны газарт танилцаж, нэг жилийн дараа буюу 1978 онд гэрлэлтээ батлуулжээ.

Акерлоф Лондонгийн Эдийн засгийн сургуульд багшилдаг байсан бөгөөд Йеллен ажлаасаа гарч, нөхрөө даган Лондонгийн Эдийн засгийн сургуульд багшлах болов. Лондонд хоёр жил ажиллаад буцаад эх орондоо ирсэн тэрбээр 1980 онд Калифорнийн Их Сургуульд багшаар ажиллаж, макро эдийн засгийн судалгааны оюутнуудыг удирдах болсон байна. 1981 онд тэд ганц хүү Роберт Акерлофыгоо өлгийдөн авсан юм. Хүү нь ч эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөн авч Йеллийн их сургуулийг эдийг засагч мэргэжлээр төгсөөд, дараа нь Харвардад элсэж докторын зэрэг хамгаалсан байна.

1994 оны наймдугаар сард Йеллен Калифорнийн их сургуулиасаа таван жилийн чөлөө авав. Учир нь тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон түүнийг Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон юм. Дараа жилээс нь тэр Холбооны нөөцийн сангийн ажлаа орхиж Ерөнхийлөгч Клинтоны эдийн засгийн зөвлөхүүдийг удирдах болсон бөгөөд энэ албан тушаалыг хашсан хоёр дахь эмэгтэй болов. Клинтоны эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа тэр жендерийн ялгавартай байдал цалин хөлсөнд хэрхэн нөлөөлж буйд анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүд эрчүүдээс ямагт бага цалин хөлс авдаг явдлыг хүчтэй эсэргүүцэж байжээ.

1999 оны зургадугаар сард Йеллен хувийн шалтгаанаар ажлаасаа гарч, Калифорнид эргэн ирэв. Ингээд 2004 оны зургадугаар сарын 14-нд Йеллен Холбооны нөөцийн банкны гүйцэтгэх захирлаар сонгогдож, эдгээр албан тушаалуудад томилогдсон анхны эмэгтэй болсон байна. Зургаан жилийн дараа буюу 2010 оны аравдугаар сард Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг Холбооны нөөцийг банкны дэд ерөнхийлөгчөөр томилж, Сенатын банкны хороо ч түүнийг олонхийн саналаар дэмжсэн юм. Тэр дөрвөн жил энэхүү албан тушаалыг хашсаны дараа тушаал дэвшиж, 2014-2018 онд тус банкийг толгойлон ажилласан байна.

Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын эдийн засаг, санхүүгийн салбарын бүхий л том удирдах албан тушаалуудыг гүйцээсэн Йелленийг Жо Байден дэргэдээ авч, Сангийн сайдаараа ажиллуулахаар болсон юм. Жанет Йеллен АНУ-ын 78 дахь Сангийн сайдын хувиар өчигдөр /2021.01.27/ тангараг өргөснөөр уг албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй болон түүхэнд бичигдэж байна. Сенатын танхим Жанет Йелленийг 84-15 саналын харьцаагаар дэмжжээ. Бүх эсрэг саналыг Бүгд найрамдах намын сенатчид өгсөн байна. Өдгөө 74 настай Йеллений тангараг өргөх ёслолд түүний нөхөр, 2001 онд Нобелийн эдийн засгийн салбарын шагнал хүртсэн Жорж Акерлоф, түүний хүү, эдийн засагч Роберт Акерлоф нар оролцсон байна. Түүнийг цар тахлын улмаас эдийн засаг доройтсон энэ үед түүнийг улс төрийн намууд болон Холбооны нөөцийн банктай сайн хамтран ажиллаж, одоо гацаанд ороод буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг урагшлуулж чадах хүн гэж шинжээчид дүгнэж байна.

Тэрбээр 2014-2016 онуудад жил дараалан “Forbes” сэтгүүлээс гаргадаг хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалт, мөн онуудад тус сэтгүүлийн “Хамгийн хүчирхэг 100 эмэгтэй”-н жагсаалтад багтаж байв. Түүнчлэн 2014, 2015, 2017 онуудад “Time” сэтгүүлээс гаргадаг “Нөлөө бүхий 100 хүн”-ий жагсаалтад багтжээ. Йеллений нийт хөрөнгө 16 сая орчим ам.доллар бөгөөд тэрбээр covid-19-ийн эсрэг вакцин бүтээж буй “Pfizer” компани болон дэлхийн хамгийн том харилцаа холбооны компани болох  AT&T, АНУ-д газрын тосны үйлдвэрлэлээрээ гуравдугаарт ордог “Conoco Phillips” зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж