Монголчууд 13-р зуунд зэр зэвсэг, морьдын хүчээр тив дэлхийг дайлаар мордож байсан бол 21-р зуунд цахим спортоор дайралт хийж байна. Сүүлийн өдрүүдэд улс даяараа цахим спортоор амьсгалж, хөгшин залуугүй энэ талаар ам уралдан ярилаа. Б.Золбоот(Zyoll), Н.Дулаанжаргал(Abely), Б.Тэнгис(ICY), Б.Билгүүн(Godless) гэх дөрвөн залуу дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг гаргаж, өмнө нь Монголын цахим спортын тамирчдын үзүүлж байгаагүй дэлхийн аваргын гуравдугаар байранд орж, 100 мянган ам.долларын эзэд болов. Гэвч Монголын цахим спортын тамирчид тив дэлхийд нэр алдраа дуурсгасан анхны тохиолдол энэ бишээ. Сүүлийн жилүүдэд Монголд цахим спортын төрлүүд асар хурдацтай хөгжиж буйг төдийлөн олон нийт анхаарч, анзаарахгүй, хуучны явцуу ойлголттой байсан нь харамсалтай. Харин Zeus баг хэвшмэл буруу ойлголтыг эвдэж, нийгэмд шинэ салхи орууллаа. Ялангуяа Монголд төдийгүй дэлхийд алдартай PUBG төрөлд амжилт үзүүлсэн нь гайхалтай. Өнгөрөгч 2020 оны зургадугаар сарын тоон судалгаагаар PUBG видео тоглоом дэлхий даяар 734 сая удаа татагдаж, өдөрт дунджаар нэг сая гаруй тоглогч тоглож байна. Тэгвэл Монголын цахим спортын тамирчид дан ганц PUBG гэлтгүй Dota 2, CS:GO төрлүүдэд өндөр амжилт гаргасаар ирсэн.
Одоогоос тав, зургаан жилийн өмнө The MongolZ хэмээх CS:GO, Dota2 төрлийн хоёр баг олон улсад амжилт гаргаж, тодорхой хүрээлэл дунд нэр алдар нь түгэж байлаа. Тухайн үеийн амжилт гаргаж байсан "The Mongolz"-ийн CS:GO багт Machinegun, Tsogoo, nuka, maaRaa, Zilkenberg зэрэг анхдагч нар багтаж байсан бол Dota2 багт нь ariuka, SANKE, Masquerade, Proxy, Retribution нар байв. Тэд л анх спонсортой болж, bootcamp гэж зүйлийг гадаад улсад хийж, мэргэжлийн түвшинд гарсан гэхэд буруудахгүй.
The Mongolz CS:GO баг Азийн аварга болсон Монголын анхны баг болж байлаа. Хожим нь Tiger баг энэхүү амжилтыг хоёр удаа давтсан.
Харамсалтай нь "Mongolz"-ийн Ази дахь амжилт тогтмол удаан үргэлжилсэнгүй. 2017 оны дунд үеэс Монголын цахим спортын тамирчид олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөн Machinegun, kabal, dobu, тэргүүтэй тамирчид гадны багуудад тоглож эхлэв. Хэсэг хугацаанд чимээгүй байсан Монголын цахим спортын ертөнцөд CS:GO төрлийн August, Mazaalai гэх хоёр багийг хуучны "Mongolz"-ийн гишүүд болон шинэ залуу тоглогчид үүсгэн байгуулсан. 2019 он бол Монголын цахим спортын тэр дундаа CS:GO төрөл хурдацтай хөгжих эхлэлийг тавьсан билээ. Өнөөдрийн байдлаар Монголд Tiger, D13, Checkmate, The Black Company зэрэг Ази тивийн топ гэсэн CS:GO төрлийн багууд байгаа бол Dota 2 төрөлд сүүлийн үед Lilgun хэмээх баг гарч ирээд байна. Харин PUBG төрөлд Zeus гэх дэлхийн баг гарч ирснийг өнгөрөгч дэлхийн аварга харууллаа.
Хувь тамирчдын тухайд CS:GO төрөлд Г.Эрдэнэцогт(erkast), Dota 2 төрөлд Р.Нармандах(hustla), PUBG төрөлд Б.Золбоот (Zyoll) зэрэг тамирчид олон улсад танигдаад эхэллээ. Erkast Монголын анхны Major тэмцээнд оролцсон мөн өөрийн нэрийн стикертэй болсон анхны тоглогч болсон бол hustla мөн л major тэмцээнд оролцсон Монголын анхны тоглогч болсон. Харин Zyoll-ийн хувьд дэлхийн аваргын гурав дахь өдрийн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч, тэмцээний топ таван тоглогчийн нэг болсон.
Major тэмцээн гэдэг нь цахим спортын дэлхийн шилдэг багууд оролцдог олон улсын томоохон тэмцээн юм.
Зах зээлийн хувьд цахим спортын салбарт ирэх 2023 он гэхэд 1.5 тэрбум ам.доллар эргэлдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Өнгөрсөн жил тус салбарт 1 тэрбум орчим ам.доллар эргэлдэж байв. Зах зээл хүрээгээ тэлэх тусам энэ салбарт хөрөнгө оруулалт хийх ивээн тэтгэгчдийн тоо олширсон. Та бүхний мэдэх Red Bull, intel, Honda, Mountain Dew, Coca-Cola, Marvel, Mercedes-Benz, IBM, Toyota, Vodafone, Acer, Predator зэрэг тив дамнасан томоохон компаниуд энэ л салбарт сая сая ам.доллар зарцуулж байна. Шалтгаан нь их энгийн. Цахим спортын мэргэжлийн тамирчид, сонирхогчид, үзэгч хөгжөөн дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард л гэхэд CS:GO видео тоглоомыг 1 сая гаруй хүн, Dota 2 видео тоглоомыг 700 мянга гаруй хүн, PUBG видео тоглоомыг 450 мянга гаруй хүн зөвхөн Steam платформ дээр тогложээ.
Цахим спортын олон улсын тэмцээн уралдааныг 2020 онд дэлхий даяар 518 сая хүн үзэж сонирхсон бол 2021 онд 580 сая хүн үзэх тооцоолол гарчээ. Монголын Zeus багийн оролцсон PUBG Mobile дэлхийн аваргыг дэлхий даяар 3.8 сая хүн үзэж сонирхжээ.
Тэмцээний шагналын сангийн тухайд саяны PUBG Mobile дэлхийн аваргын 1.5 сая ам.долларын шагнал дундаждаа тооцогдоно. Одоогийн байдлаар хамгийн өндөр шагналын сантай зохион байгуулагдсан тэмцээнээр dota 2 төрлийн The International 9 тэмцээн 34.3 сая ам.долларын шагналтайгаар тодроод байгаа бол тэдний араас 30.4 сая ам.долларын шагналын сантай The Fortnite World Cup Finals бичигдэж байна. Мөн хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар dota 2 төрлийн N0tail буюу Йохан Сандстейн 6.9 сая ам.долларын хөрөнгөөрөө тодорчээ. Харин Монгол тамирчдыг CS:GO төрлийн тамирчин erkast 60 гаруй мянган ам.доллар олсноороо тэргүүлж, түүний араас мөн CS:GO төрлийн тамирчид болох kabal, dobu нар 45 гаруй мянган ам.доллар олсноороо удаалжээ.
Цахим спортод ивээн тэтгэгч гэдэг салшгүй нэг хэсэг нь. Сүүлд л гэхэд Zeus багтай өрсөлдсөн 15 багийн дотор томоохон ивээн тэтгэгч компанитай хэд хэдэн баг байлаа. Тухайлбал, дөрөвдүгээр байр эзэлсэн Украины Navi баг гэхэд л 12 ивээн тэтгэгчтэй, долдугаарт орсон Европд төвтэй Team Secret баг гурван ивээн тэтгэгчтэй, түрүүлж, аман хүзүүдсэн Хятадын 4AM, NOVA зэрэг багууд тус тус дөрвөн ивээн тэтгэгчтэй байхад Zeus багт хараахан ивээн тэтгэгч байгаагүй нь харамсалтай.
Navi, Team Secret, 4AM, NOVA зэрэг багууд нь бүгд томоохон байгууллага, группуудын эзэмшилд байдаг бөгөөд эдгээр байгууллага, группууд нь PUBG-аас гадна CS:GO, Dota 2 зэрэг бусад төрлүүдийн мэргэжлийн багуудтай.
Дашрамд сонирхуулахад, Хятадын засгийн газраас Ханчжоу хотод “цахим спортын хотхон” барих ажилд 280 сая ам.доллар төсөвлөсөн бол Өмнөд Солонгосын соёл, спорт, аялал жуулчлалын яам цахим спортын гурван байгууламж барихаар төлөвлөжээ. Харин АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон хотод засгийн газрынх нь зүгээс 10 сая ам.долларын цахим спортын цэнгэлдэх хүрээлэн барих гэнэ. Мөн Индонези улсад Free Fire, PES зэрэг цахим спортын төрлүүд дээр 117 мянган ам.долларын шагналын сантай “Ерөнхийлөгчийн цом” гэх нэртэй тэмцээнийг засгийн газраас нь зохион байгуулж байхад Бахрейн улсын засгийн газар Blast Pro Series CS:GO тэмцээний хамтран зохион байгуулагчаар оролцдог аж.