Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр айсуй. Энэ жил хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу сар шинийн баяр хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Цагаагчин хэмээх үхэр жилийн өнгө төрх ямар байх талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Хоёрдугаар сарын 12-нд үхэр жилийн сар шинийн нэгэн тохиож байна. Цагаагчин үхэр жилийн өнгө зурхайд хэр буув?
-XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гаригуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.
Жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл, залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу ажээ.
Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигуртай. Эрүүл мэнд сайн. Хот, суурин газар галын аюул гарч болзошгүй. Цас бороо элбэг, газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн, урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрнэ.
–Энэ жилийн ёгт нэр цөөвөр гэсэн байсан. Уг ёгт нэрийн хувьд ямар утга илэрхийлдэг вэ?
-Цагаан сар бол дэлхийд хаана ч байхгүй монголчууд бидний уламжлалт их өв соёл юм. Энэ өв соёлоо бид, хойч үе маань нандигнан хамгаалах ёстой гэдгийг юуны өмнө онцолъё. Гарч буй жилийн ёгт нэрний тухайд Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил гарч байна. Цөөвөр гэсэн үг нь оноосон ёгт нэр юм. Монголчууд бид жаран жилийн тооллын цаг тооны бичиг ашигладаг. Жишээ нь, 60 жил болоод нэг цагаагчин үхэр жил гардаг. Цагаагчин үхэр гэдэг нь махбодын тооллоор төмөр үхэр жил гэсэн үг.
-Цар тахлын улмаас сүм хийд ажиллахгүй байгаа. Иргэд сар шинийн дараа хэрхэн заслаа хийлгэх вэ, сүм хийдүүдийн үйл ажиллагааг нээхэд засал хийлгэж болох уу?
-Монголчууд бид амны билигтэй ард түмэн. Уламжлал ёсоор цагаан сар (шинэ он) гарахаар өглөө эртлэн босч, зүг мөрөө гаргах, өвөг дээдсийн шүтээн, өөрсдийн шүтээн, уул овоо, газар лусын эздэд авралыг одуулж, даатгах, мөргөх, идээ ундааныхаа дээжийг өргөх, ахмадаа хүндэтгэн тохойг нь түшиж золгож, мэнд усаа мэдэлцэх, сургаал номлолыг сонсох, уламжлалт ёсоор гарч буй ондоо амар төвшин, аз жаргалтай, эрүүл энх, бодсон санасан зөв ажил үйлс нь бүтэмжтэй байхыг билигддэг. Мөн жилийн засал номоо хийлгэж авралыг одуулбал зохилтой. Үүнийг шинжлэх ухааны үүднээс үнэлж, дүгнэж өөрсдийн тусын тулд жилийн засал гүрэм хийлгэх нь тус эрдэм ихтэй.
Өвгөд дээдсийн олон зуун жилээр шүтэж ирсэн ариун нандин, амилсан шүтээнээ дээдэлж гэр бүл, хамаатан садан, ах дүүс, монгол түмнийхээ заяа буяныг даатгаж хийд , дацанд ном айлдуулж бичүүлэх нь хамгийн чухал. Тиймээс өвчин тахал намжсаны дараа онцлох засал номоо биечлэн хийлгэж болно.
Сар шинийн баярын дараа иргэд жилийн засал номоо Гандантэгчэнлин хийдийн Gandan.mn цахим хуудсаар бичүүлж болно.
-Хүмүүс шинэ жаран эхэлж байна гэж ярих болжээ. Энэ үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл. XVII жарны тооллын эхлэл нь 1987 оны гал туулай жилээс эхэлсэн. XVII жаран 1987-2046 он хүртэл үргэлжилнэ. Харин 2047-2106 оны хооронд XVIII жарны тооллын жилүүд болох юм.
-Жилийн жилд хулгана жил хатуу ордог гэх. Монголчуудын хувьд ямар жил болж өнгөрөв?
-Хулгана жилийн хувьд зөвхөн Монгол орон төдийгүй, дэлхий даяар хүнд хэцүү жил болж өнгөрлөө. Гарах гэж буй Цагаагчин үхэр жил Монгол оронд минь эдийн засаг сайжирсан, ард иргэд нь эрүүл энх, аж амьдрал нь дээшилсэн сайхан байх болтугай гэж ерөөе дөө.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ