ТАНИЛЦ: Банкны тухай хуулийн төслийн ОНЦЛОХ заалтууд | News.MN

ТАНИЛЦ: Банкны тухай хуулийн төслийн ОНЦЛОХ заалтууд

ТАНИЛЦ: Банкны тухай хуулийн төслийн ОНЦЛОХ заалтууд

ТАНИЛЦ: Банкны тухай хуулийн төслийн ОНЦЛОХ заалтууд

"News" агентлаг “Хууль төрөхийн өмнө” буландаа Банкны тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг онцолж байна.


УИХ энэ долоо хоногт Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батална. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль болон бусад дагалдах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр УИХ-д өргөн мэдүүлж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажиллаж байна.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЗОРИЛГО:

Банкны зээл, бусад активын эх үүсвэрийн 70 орчим хувийг олон нийтийн мөнгөн хөрөнгө, 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бүрдүүлдэг. Гэтэл уг 10 хувийг төлөөлж байгаа банкны хувьцаа эзэмшигчид банкны удирдлагыг хэт төвлөрсөн байдалтай дангаар хэрэгжүүлж, олон нийтийн хяналт, оролцооноос ангид байгаа нь Монгол Улсын банкны тогтолцоо засаглал, эрсдэлийн удирдлагын хувьд сул тал болж байна. 2000 оноос хойш төлбөрийн чадваргүй болж, төрөөс 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарч, татан буугдсан зарим банк (Анод, Зоос, Хадгаламж, Капитал)-ны хүндрэлийн гол шалтгаануудын нэг нь банкны хувьцаа эзэмшигч нь Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг шууд ба шууд бусаар гүйцэтгэж, эрсдэл шинжилгээгүй, барьцаа хөрөнгийн бодит бус үнэлгээтэй, ашиг сонирхолын зөрчилтэй, холбогдох этгээдэд хамаарах зээл, актив үүсгэснээс шалтгаалсан болохыг холбогдох тайлан тэнцэл, шүүх, хууль сахиулах байгууллагаас шалгаж тогтоогдсон нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкуудын хувьд хамгийн их хувьцаа эзэмшдэг эхний гурван хувьцаа эзэмшигчид хувь нийлүүлсэн хөрөнгийн дийлэнх хувийг эзэмшдэг, 12 хувьцаа эзэмшигчтэй Хас банкийн эс тооцвол хувьцаа эзэмшигчийн тоо дунджаар 4 байгаа нь онолд дурдагдсан зохистой байдал алдагдсан байгааг илтгэдэг.

 ХУУЛИЙН ТӨСЛИЙН АГУУЛГА:

Хуулийн төслийн агуулгыг банкны хэлбэр, хувьцаа эзэмшлийн хэмжээ болон банкны хяналт шалгалт, албадлагын арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг боловсронгуй болгох гэсэн хоёр үндсэн чиглэлээр дараах байдалтай тодорхойлсон:

1.Банкны үйл ажиллагааг зөвхөн хувьцаат компанийн хэлбэрээр явуулах эрх орчныг тодорхойлоход чиглэсэн зохицуулалтын дагуу банк нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй байх бөгөөд банкны хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагдана.

Аливаа этгээд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглоход чиглэсэн зохицуулалтаар аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ нь тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх үндсэн шаардлагыг тогтоох бөгөөд Засгийн газраас үүсгэн байгуулсан банк, Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан тусгай зориулалтын банк, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс дахин санжүүжүүлсэн төрийн эзэмшлийн хувьд дээрх зохицуулалт үйлчлэхгүй.

Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн шалгуур нэмэгдсэн. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь өөрөө, эсхүл холбогдох этгээд, нэгдмэл ашиг сонирхолтой этгээд нь Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтан биш байх.

2.Банк байгуулах тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлд банкийг төлбөрийг чадваргүй болсонд тооцох нөхцлийг нэмж, Монголбанкнаас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаагүй банкийг төлбөрийн чадваргүйд тооцох, зөвхөн системийн нөлөө бүхий банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авдаг байх, банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг банкны төлбөрийн чадвараас үл шалтгаалан зохистой удирдлага алдагдсан байдлыг оруулах, албадан татан буугдаж байгаа банк дах нэхэмжлэлийн дарааллыг шаардах эрх бүхий этгээд болон банкны эх үүсвэрийн төрлөөр нь ялгаж, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгалд хамаарахгүй хадгаламжийг үндэслэл болгон тодорхойлжээ.

ОНЦЛОХ ЗААЛТУУДААС:

“Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг;

“Банкны системд нөлөө бүхий банк” гэж банкны хөрөнгө, өр төлбөрийн хэмжээ, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал зэрэг шалгуурыг нэгэн зэрэг баримтлан банкны тогтолцоонд нөлөөтэй гэж Монголбанкнаас тогтоосон банкийг,

Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй байна.

Банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид зээл олгохыг хориглоно.

Банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох.

Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байх бөгөөд төрийн өмчит банкны хувьд Засгийн газар, түүнээс эрх олгосон этгээд тус тус хэрэгжүүлнэ.

БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН  ГИШҮҮН

  • Банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш гишүүнтэй байна
  • Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй;
  • Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
  • Тухайн банк, түүний нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаж байгаагүй;

БАНКНЫ ХУВЬЦААГ ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ    

36.1.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны хорин хувиас хэтрэхгүй байна.

36.2.Энэ хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хязгаарлалт нь дараах тохиолдолд хамаарахгүй:

36.2.1. Энэ хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан тусгай зориулалтын банк;

36.2.2.Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс дахин хөрөнгөжүүлсэн банкны төрийн эзэмшлийн хувьд;

36.3.Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монголбанкнаас тухай бүр зөвшөөрөл авах бөгөөд нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад Монголбанкнаас тогтоосон шалгуурыг үндэслэн мэдэгдэх, зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг энэ хуулийн 36.11-д заасан журмаар зохицуулна.

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан зөвшөөрлийг авахдаа банк хувь нийлүүлэх хөрөнгийн гарал үүсэл, тухайн этгээд нь хууль, журмын шаардлагыг хангасан эсэхийг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хувьцаа эзэмших хугацаандаа тогтмол хангана.

36.5.Энэ хуулийн 36.4-т заасан баримт нь үнэн зөв, бодит байдалд нийцсэн байх шаардлагатай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд энэ хуулийн 27.1.5-д заасан үндэслэл үүснэ.”

36.6.Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ.

36.7.Нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахыг Монголбанк зөвшөөрөөгүй, эсхүл энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангаагүй бол тухайн хувьцаа нь саналын эрхгүй, ногдол ашиг авах эрхгүй байна.

36.8.Энэ хуулийн 36.7-д заасны дагуу зөвшөөрөл аваагүй хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээг Монголбанк банкны өөрийн хөрөнгөөс хасч тооцох бөгөөд хувьцаа эзэмшигч нь хувьцааг сүүлд авсан дарааллаар 30 хоногт багтаан хуульд заасан хязгаарлалтад хүрэх хэмжээнд худалдах, шилжүүлэх үүрэгтэй.

36.9.Энэ зүйл нь энэ хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан банк байгуулах, банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас эзэмших иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн холбогдох этгээдэд нэгэн адил хамаарна.

36.10.Үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага нь банкны хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээг Монголбанкинд ирүүлнэ.

36.11.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, шинээр хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувьцаагаа нийтэд санал болгох, банкны хувьцааг худалдах, шилжүүлэх, үүнтэй төстэй бусад хэлцэл хийх болон аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад энэ хуулийн 36.3-т заасны дагуу тогтоосон шалгуурыг үндэслэн Монголбанкинд мэдэгдэх, зөвшөөрөл авах журмыг Монголбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

36.12.Банкны хувьцаа эзэмшигч нь хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг барьцаалах, Монголбанкны зөвшөөрөлгүйгээр банкинд буцаан худалдахыг хориглоно.

36.13. Иргэн, хуулийн этгээд бусдын нэрийг ашиглан банкны хувьцааг шууд бус хэлбэрээр эзэмшихийг хориглоно.

36.14.Энэ хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно.

36.15.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.

36.16.Банкны гаргасан хувьцааг худалдан авах хөрөнгө нь мөнгөн хөрөнгө байх бөгөөд энэ хуульд заасны дагуу өр төлбөр, хоёрдогч өглөг, хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэхэд энэ шаардлага хамаарахгүй.

36.17.Банк нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны эцсийн өмчлөгчийг тодорхойлсон мэдээлэл, холбогдох баримт бичгийг Монголбанкинд ирүүлэх бөгөөд эцсийн өмчлөгч өөрчлөгдөх бүрт уг мэдээллийг шинэчилж ирүүлнэ.

36.18.Монголбанк банкны хувьцааны эцсийн өмчлөгчийн мэдээллийг шалгасны үндсэн дээр энэ хуулийн 36.3 дахь хэсэгт зааснаар зөвшөөрөл авах этгээдийг тогтоож банкинд мэдэгдэнэ.

36.19.Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч дараахь шалгуурыг хангасан байна:

36.19.1.тухайн этгээд нь дампуурлын хэргийн хариуцагч, эсхүл хариуцагч хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан бус байх;

36.19.2.эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй;

36.19.3.санхүүгийн чадавхтай байх;

36.19.4.нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол тухайн банкны нэгдэл нь Монголбанкнаас хяналт шалгалт хийх боломж бүхий бүтэцтэй байх;

36.19.5.тухайн хувьцааны эцсийн өмчлөгчийг нотолсон байх

36.19.6.өөрөө, эцсийн өмчлөгч нь төрийн өндөр албан тушаалтан бус байх.”

Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монголбанк банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохгүй. Банкинд албадлагын арга хэмжээ авах тухай Монголбанк, эрх бүхий бусад этгээдийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-01-28 178.17.174.164

>>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

kub 2021-01-28 66.181.190.66

Manaikhan khuuliin kheregjiltee khangaj chadakhgui bolokhooroo unuudriin tulgamdsan asuudlyg khuuliar shiidekh geed baikh yum … teriigee oilgokhgui neg shinechlel yarisan khumuus

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж