Хэрэглэгчдэд үнэ өсч хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдэд үнэ өсч хүрч байна

Хаврын гурван сар тахианы мах, шар буурцаг “моод”-онд орж, монголчууд цөмөөрөө цагаан хоолтон болохоо шахсан. Гэтэл намрын сар гарч ч амжаагүй байтал гурил үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнийхээ үнийг  нэмлээ. Гэрэл цахилгаан, бензин шатахуун гэхчлэн бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлөх ямар ч өөрчлөлт гараагүй байхад гурилын үнийг үйлдвэрлэгч нар кг тутмыг нь 50-70 төгрөг, жижиглэн борлуулагч нар 100-150 төгрөгөөр   өсгөснийг зохиомлоор, зориудаар хийсэн “хэрэг” гэдгийг яамны удирдлагууд төдийгүй эгэл жирийн эзэгтэй хүртэл хэлж байна. Тэртээх Чикагогийн бирж дээрх улаан буудайны үнийн өсөлт, ОХУ-ын Ерөнхий сайдын шийдвэр хоёр гэрлийн хурдаар манайд үйлчилсэн нь монголчуудад бас ч гэж хууль хэрэгжүүлэх боломж байгааг илтгэж байна. Манай улс дэлхийн зах зээл дээрээс улаан буудай худалдан авдаггүй. ОХУ-аас багахан хэмжээтэй улаан буудай авдаг ч энэ жилийн хувьд импортоор буудай авахгүйгээр жилийн хэрэгцээгээ хангах нөөц элбэг бий гэдгийг яамныхан баталж байгаа. Тэднийг ийн хэрэглэгчдийн тархийг угааж, тайвшруулж суух хооронд гурил үйлдвэрлэгч, импортлогч нар хэдийнээ үнэ өртгөө нэмээд амжжээ. Тиймээс холбогдох яам, тамгын газар болоод хүнсний захаас доорх сурвалжлагыг бид бэлтгэлээ.

Гурилын үнийг сөрөх тактик хэрэглэхээр шийджээ

Хүмүүс хагас, бүтэн сайнд амарч, тав хоногийнхоо ядаргааг гаргахаар тухалж  суух зуур гурил үйлдвэрлэгч, импортлогч, худалдан борлуулагч нар гурилын үнээ сэмхэн нэмж орхижээ. Салбарын яамныхан өчигдөр өглөө гэнэт сандралдан шинэ  долоо хоногийн ажлаа хуралдаанаар эхэлсэн байна. Хурлын гол сэдэв мэдээж гурилын үнэ. Гурил яагаад үнэд орсныг  дээрээсээ доош нь асууж сураглахад “Чикагогийн биржийн ханш дээр В.Путин “ах”-ын шийдвэр нэрмэчихлээ” гэсэн хариултыг сонсчээ. Монголчууд бид хэзээ байтлаасаа америк, канад гурил зооглож байлаа даа. Хамгийн алсаас авчирсан гурил нь солонгос, герман гурил байдаг. Кг нь 1000-1500 төгрөгийн үнэтэй солонгос, герман гурилаар өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг айл өрх бараг л байхгүй. Олонх нь дотоодын гурилаараа өдөр хоногийг өнгөрөөдөг бөгөөд цагаан сар, баяр наадмаар л орос гурилын бууз хийх нь монголчуудын нийтлэг дүр зураг. Жилд 120-150 мянган тонн гурил импортоор оруулж ирдгийн 89,9 хувь нь ОХУ-ынх гэдэг нь үүнийг батална. Казакстан, Горный Алтайгаас импортын гурилын 8,5 хувь, БНХАУ-аас 1,5 хувь, Герман, Солонгосоос 0,8 хувийг импортлон оруулдаг ажээ. Гурил импортлогчдын манлайд “Өег” /24 хувь/, “Аляск импекс” /19 хувь/, “Ариун үндэс” /8,9 хувь/ компаниуд  жагсана. Дээр нь дотоодын  гурилын 73 үйлдвэр жилд 380 мянган тонн гурил үйлдвэрлэн гаргадаг. Гэтэл монгол зоны гурилын жилийн хэрэгцээ 245 мянган тонн. Ингээд бодохоор  “айдгаа авдартаа хийсэн”-тэй адил баймаар. Гэтэл яагаад гурилын үнэ гэнэт нэмэгдэх болов? Энэ талаар гурил үйлдвэрлэгч нараас тодрууллаа.

“Алтан Тариа ХХК” – ийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга Г.Ганзориг:

-Манай улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 1 хүртэл гурилын импортын татвар буурдаг . Энэ хугацаанд жилийн нийт импортын гурилын тал хувь нь орж ирдэг учраас үнэ нь ихээхэн буурдаг . Харин долдугаар сарын 1-ээс эхлээд татвар буцаад нэмэгддэг тул бид гурилынхаа үнийг өмнө байсан хэмжээндээ хүргэсэн . Хоёрдугаарт, ОХУ ган , байгалийн гамшигтай холбоотой ургац алдаж байгаагаас долдугаар сарын дунд үеэс улаанбуудай , гурилын үнээ 30 -50 хувиар нэмсэн байна . Үүнээс үүдэн импортын гурилын үнэ болон дотоодын гурилын үнэ нэмэгдсэн юм . Бас нэг шалтгаан нь олон улсын зах зээл , дэлхийн томоохон биржүүд дээр нэг тонн улаанбуудайн үнэ 70 ам.доллараар нэмэгдэж байгаа . Энэ бүхнээс үүдэн бид гурилын үнээ нэмсэн. Өчигдрөөс эхэлж дахин нэмэгдсэн нь манай компанийн улаанбуудай болон гурилын нөөц багассантай холбоотой . ХХААХҮЯ-ныхан улаанбуудайн хангалттай нөөц байгаа гэж мэдэгдэж буй ч нөөц буудайгаа дарчихаад байна шүү дээ. Одоогоос нэг сарын өмнөөс буудай авах гэтэл бүгд амарч наадамлаад явчихсан учир өгөхгүй байгаа . Яамны менежмент муу , төмөр замынхантай тохиролцож чадахгүй байгаа нь  ч гурилын үнэ өсөх шалтгаан болчихоод байна гэлээ.

Үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр улсдаа тэргүүнд жагсдаг “Алтан тариа”компанийнхан ийн тайлбарлаж байна. Тус үйлдвэрийн араас “Улаанбаатар гурил”, “Милл хаус” зэрэг үндэсний үйлдвэрлэгчид толгой цохино. Дээр нь аймаг бүрт гурилын үйлдвэр ажиллахын сацуу хувийн жижиг үйлдвэрүүд ч цөөнгүй. Ийм байтал үнээ зоргоороо нэмээд байгаа гурил үйлдвэрлэгч нарт сөрөг тактик хэрэглэхээр яамныхан хатуу шийджээ. Энэ бол улаан буудайн нийлүүлэлтийг зогсоох. Монгол Улсын Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон улсын нөөцөд хадгалсан улаан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд урьдын адил тонн тутмыг нь 220 мянган төгрөгөөр худалдсаар байтал үйлдвэрлэгч нар кг гурил тутамдаа 50-70 төгрөг нэмсэн нь яамныхныг ихээхэн бухимдуулж байгаа ажээ. Тиймээс ч тэд гурилын үнийг судлуулахаар ажлын хэсэг гаргасан байна.

Хүмүүс хэрэглээний гурилаа нөөцөлж чадахгүй байна

Хаваржин магнаг торго лу­гаа үнэд орсон махыг юугаар орл­уулах билээ гэж сэтгэл чилээсэн эзэгтэй нар энэ удаа ч мөн гурил орлуулагчийг хайхаар хүнсний захаар хөлхөж байна.  Харамсалтай нь гурил, гури­лан бүтээгдэхүүнийг юугаар ч орлуулж болохгүй тул гурилаа л ахиухан нөөцлөх нь хамгийн зөв шийдэл болохыг хэлж байна. Нэг хоёр оройг шар цагаан будаагаар өнгөрөөж болох ч гурилыг бүрмөсөн хэрэг­лээнээс гаргах ямар ч аргагүй ажээ. Өдрийн хоол хүнсний ихэнх хувийг талх нарийн боов, гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг болохоор гурилын үнэ өссөн гэнэтийн шийдвэр айл өрх бүрийн төсөвт хүндээр тусч эхэлжээ. Хэдийгээр энэ жил 5376 га-д арвай, 130,5 га-д хөх тариа тарьсан хэдий ч монголчууд улаанбуудайн гурилаа халах цаг хараахан болоогүй байна. Бөмбөгөр, Баянзүрх худалдааны төвүүдэд Алтан тарианы гурил зэргээсээ хамааран кг нь 500-900 төгрөгийн үнэтэй байна. Харин орос гурил үүнээс 100 төгрөгөөр илүү үнэтэй бол хятад гурил төдий хэмжээгээр хямд байна. Хүмүүсийн нийтлэг авдаг 25 кг-аар савласан нэгдүгээр зэргийн гурил л гэхэд 12500 төгрөгөөс аажим аажим өссөөр 16500-18500 төгрөг, зарим газарт 20 мянган төгрөгт хүрчээ. Сарын өмнө 30 төгрөгөөр нэмэгдсэн гурил энэ удаад үйлдвэртээ 50-70 төгрөгөөр өссөн бол хэрэглэгчдийн гар дээр 100-150 төгрөгөөр өсч хүрч  байна. Хэдийгээр үүнээс илүү нэмэгдэх байх даа гэсэн болгоомжлол байгаа ч их хэмжээгээр авч нөөцөлж байгаа хэрэглэгч тааралдсангүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр 5, 10, 25 кг-ын гурил авч байгаа нь олонх. Хаа нэг тааралдах хэд хэдэн  шуудай гурил авч буй хүмүүс нь жижиг дэлгүүр ажиллуулагсад ажээ. Тэдний хувьд бүр ч хүнд тусдаг гэнэ. Өөрсдөө нэмчихсэн юм шиг загнуулж аашлуулан арайхийн хэдэн шуудай гурил амралтын өдрөөр зарснаа Чингэлтэйн дөрөвдүгээр хорооны “Ашид эрдэнэ” дэлгүүрийн худалдагч өгүүлж байлаа.
Спиртийн үйлдвэрийн хэрэглээ хэд вэ?

Улаан буудайгаар зөвхөн гурил үйлдвэрлээд зогсохгүй спиртийн үйлдвэрийн түүхий эд болдгийг хэн хүнгүй андахгүй. Сүүлийн үед буудайг бензин үйлдвэрлэлд ч хэрэглэдэг болсон. Тиймээс манайхны онцгой хэрэглээний нэг архи, согтууруулах ундааны үнэд өөрчлөлт оруулж орхихыг үгүйсгэх аргагүй тул энэ талын мэдээллийг бас сонирхлоо. Манай улсад 16 спиртийн үйлд­вэр бий. Эдгээр үйлдвэрүүд жилд 150 мянган тонн улаан буудайг спирт болгон ху­виргадаг гэсэн мэдээллийн дагуу бид ХХААХҮЯ-ны хүнс­­ний үйлдвэрлэл, худалдаа үйл­­чилгээний бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газ­ры­н ахлах мэргэжилтэн Б.Чулуунцэцэгтэй уулзлаа.

-Спиртийн үйлдвэрт цар­дуулын агууламжтай, бусад үй­лдвэрийн шаардлагыг хангахгүй улаан буудайг голчлон боловсруулдаг. Өөрөөр хэлбэл гурилын үйлдвэрт тэнцэхгүй хэсэг нь спиртийн үйлдвэрүүдэд очдог гэсэн үг. Дийлэнхдээ чийг ихтэй, хорчгор бяцарсан үртэй буудайг спиртэнд хэрэглэдэг. Импортын буудай харьцангуй өндөр натуртай, хог хольц багатай, цардуул өндөр байдаг учир спиртийн үйлдвэрт очих нь бага. Засгийн газрын тогтоолын дагуу нэг тонн цардуулаас 650 литр шингэн спирт гарган авах норм нормативтой. Энэ нормативийн дагуу тооцон үзэхэд өнгөрсөн онд 10 мянган тонн улаан буудайг спиртийн үйлдвэрүүдэд хуваарилсан гэлээ.

Албаны хүний үг, хэвлэлийн мэдээ хоёр ийн алд дэлэм зөрлөө. Чухам аль нь үнэн бол гэсэн эргэлзээ уншигч танд ч төрөх нь магад. Иймд бид дараа дараагийн сурвалжлагаараа энэ тухай дэлгэрэнгүй хүргэх болно.

Буудай эрт боловсорчээ

Энэ жилийн хувьд агаарын температур халуун байснаас буудайн болц эрт эхэлсэн байна. Одоогийн байдлаар  буудай аарцан боловсролтын дунд үедээ орсон гэнэ. Энэ нь 10-14 хоногийн дараа үр тариа боловсорч эхэлнэ гэсэн үг юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ХХААХҮЯ-ныхан Дархан, Сэлэнгэд ажиллаад иржээ. Тэнд буудайн болц ямар байгааг мэргэжилтнүүддээ үзүүлэхээр хэсэг бут тасдаж авчраад ширээн дээрээ тавьсан байлаа. Ямартай ч энэ жил 310-320 мянган тонн ургац авах зорилтоо биелүүлэх нь гэсэн итгэл тэдэнд төржээ. Учир нь хөдөө орон нутагт ургац хураалт болоод хадлан тэжээл хураан авах бэлтгэл сайн байгаа гэнэ. Гэвч үүнд сэтгэл амрах цаг болоогүй байна. Хойшид хэрхэх вэ, дэлхийн зах зээл байнга хэлбэлзэж буй энэ цаг үед хүн амаа гурилаар яаж хангах вэ гэдэгт толгой гашилгах үүрэг яамныханд оногдсон хэвээр байна.

ОХУ цагаан хааны үеэс л гурил, улаанбуудай импортлогч орон байжээ. Бүүр 15 автономитыг нэгтгэсэн их гүрэн байхдаа ч гадаадаас гар хардаг, авдаг байж. Гэтэл сүүлийн жилүүдэд улаан буудайн экспортын хэмжээ нь жил тутам нэмэгдсээр өдгөө дэлхийд гуравдугаарт жагсах томоохон гурил экспортлогч болсон. Үүнийг Брежневийн үеэс газар тариаланд хаясан хөрөнгө, шинэ технологийн үр дүн гэж эдийн засагчид дүгнэдэг аж. Тэгтэл тус  улстай байгаль цаг уурын нэг ижил нөхцөл байдалд байгаа манай орны хувьд өнгөрсөн оноос л дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлсэн нь тус салбарт дэмжлэг ихээхэн хэрэгтэйг харуулж байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж