Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй

Эдийн засгийн тусгаар тогтнолыг авчрах хуулиас татгалзах учиргүй

Түлш, шатахуун бол ямар ч улс орны стратегийн амин чухал, суурь бүтээгдэхүүн. Харин монголчууд бид энэхүү стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр нэг улсаас хараат байсаар. Бид өөрсдөө газрын тосоо боловсруулах хэрэгтэй хэмээн ярьж, ерөөл тавьсан төдийгөөр 30 жил өнгөрчээ.

30 жил ярьсны эцэст Монгол Улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих мега төслийг эхлүүлээд алхам алхмаар тууштай урагшилж байна.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол улсад 2015 онд айлчлах үеэрээ нэг тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдсэн бөгөөд тэрхүү амлалт эдүгээ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хоёр орны харилцаа, найрамдлын бэлгэ тэмдэг болж буй Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) болон цогцолж байна.

Зургийн тайлбар: Зүүн гараас “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн (2021.01.22) УИХ-ын нэгдсэн чуулганаар энэхүү мега төсөлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ ямар учиртай хууль вэ? Газрын тос боловсруулах үйлдвэр бол манай оронд цоо шинэ салбар, нэн шинэ технологи, мэдлэг учраас энэ төслийг хэрэгжүүлэгчид урьд өмнө учирч байгаагүй олон давхар сорилтой нүүр тулахад хүрч байна. Монголын эдийн засгийн системд өөрчлөлт авчрах нэгэн шинэ тулгуур болохын хувьд арга ч үгүй биз.

Энэ үйлдвэрийг босгохын тулд бүхий л салбарын уялдаа холбоо шаардлагатай, нэн ялангуяа инженерчлэл, төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын шатанд ажил өрнүүлэх явцад одоогийн хэрэгжиж буй хууль эрх зүй, дүрэм журам, зохицуулалт үнэхээр бүтэхгүй болох нь тодорхой болжээ. Нэг л жишээ хэлэхэд, ГТБҮ болон түүхий тос дамжуулах хоолойг бүтээн байгуулах явцад олон улсын 2000 гаруй норм, дүрэм стандарт шаардлагатай. Гэтэл Монгол улс жилд 10 орчим норм, дүрэм стандартыг орчуулж нутагшуулдаг. Ийм хурдаар явбал 200 жилийн дараа л бид нефтийн үйлдвэрийн барааг харах нь. Тиймээс үйлдвэрийн барилгын явцад нэг л удаа ашиглагдах олон улсын норм, дүрэм, стандартуудыг англи хэлээр хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байна. Энэ мэтээр манай төрийн байгууллагуудын нүсэр том шат дамжлага, явдал чирэгдлийг товчлоход энэ хуулийн зорилго чиглэжээ. Товчхондоо, үйлдвэр барих явцыг л түргэтгэх, саад тотгорыг бага ч атугай хөнгөлөхөд зориулагдсан гэсэн үг.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль нь нэг удаагийн хууль бөгөөд ГТБҮ-ийг бүтээн байгуулах, бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл хэрэглэгдэх юм. Үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг 2024-2025 он гэж төлөвлөсөн. Үйлдвэрийн хүчин чадал жилдээ 1.5 сая тонн газрын тосыг үлдэгдэлгүй боловсруулах технологитой.

Уул уурхайн салбараас хараат Монгол улсыг эдийн засгийн шинэ тулгууртай болгож, эрчим хүчний эрх чөлөөг авчрах энэ үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах, улмаар хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдүүлэх эсэх нь УИХ-аас хамаарах цаг мөчид тулж ирээд байна.

Дэлхийд нефть химийн аж үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл, технологиор дээгүүрт тооцогдох Энэтхэгийн Engineers India Limited компани болон монголын сор болсон инженерүүдийн тооцоо судалгаа, инженерчлэлийн ажлын үр дүнгээр үйлдвэр нэгэнт бүтээн байгуулалтын шатандаа ирсэн. Тус салбарын үндэстэн дамнасан корпорициуд патентаа нийлүүлэх, лицензтэй технологийн зураг төсөл боловсруулах ажил гэрээ хэлэлцээрийн түвшинд дундаа ороод явж байна. Дээрээс нь дэлхийн геополитикийн гол тодорхойлогчдын нэг болох Энэтхэг улсын Засгийн газрын итгэл найдвар, нэр хүндийг умартах ёсгүй. Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь, нүүр улайхааргүй хийх нь чухал. Одоо нэгэнт буцах зам байхгүй. Гагцхүү тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж, эрвийх дэрвийхээрээ, улстөржилтгүйгээр дэмнэж, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах нь УИХ-ын гишүүдийн байр суурь, алсын хараанаас хамаарах болоод байна. ГТБҮ-ийг дэмжих хуулийг батлах нь Монголын иргэн бүрийн ирээдүйн амьдралд шууд нөлөөлнө гэдгийг цохон тэмдэглэе. Улс орноо хөгжүүлнэ, иргэдээ аз жаргалтай амьдруулна гэсэн амлалт өгөн сонгогдсон л бол УИХ-ын эрхэм гишүүд энэ хуулиас татгалзах учиргүй.

Энэхүү мега төслийг талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?

-ҮЙЛДВЭРИЙН ӨРТӨГ МОНГОЛЫН НЭГ ЖИЛ ХАГАСЫН ГАЗРЫН ТОСНЫ ИМПОРТЫН ӨРТӨГТЭЙ ТЭНЦҮҮ

Монгол улс ОХУ-аас жилд 1-1,2 тэрбум орчим ам.долларын газрын тос импортолдог. Харин энэ ГТБҮ-ийг 1,236 тэрбум ам.доллараар буюу 1,5 жилд импортын шатахуун худалдан авахдаа гадны оронд “тушаадаг” мөнгөөр барьж, Монгол улсын ирээдүйн хөгжлийн найдвартай үндэс болох нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавих болно.

-ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ ХАЛНА

Боловсруулах үйлдвэртэй болсноор Монголын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэд суурилсан бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэх стратегийн ач холбогдолтой юм. Засгийн газар түлш шатахууны үнийг дотооддоо бодлогоор зохицуулах боломж бий болно. Импортын шатахууны үнээр талхныхаа үнийг “удирдуулсаар” байгаа бидэнд үүнээс илүү хэрэгтэй зүйл үгүй.

-БЕНЗИНИЙ ҮНЭ БУУРАХ УУ?

Үүнийг урьдчилан тооцоолох боломж хомс. Яагаад гэвэл газрын тосны үйлдвэрийн нэгж бүтээгдэхүүний өртөг зардлын 80-85 хувь нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнээс шалтгаалдаг. Энэ үнийг урьдчилан таамаглахад хэцүү, нэг жилийн дотор баррель нь 140 доллар байсан тос 40 доллар хүртэл унаж байсан тохиолдлыг бид мэднэ. Тэгэхээр энэ үйлдвэрийн эдийн засаг дэлхийн зах зээлийн үнэтэй хамааралтай харагдаж байна. Харин энэ хамаарлыг үгүй болох анхны сэдлийг уг хуулиар гаргаж иржээ. Монголын төр газрын тосны түүхий эдийн өөрийн түшиц газартай болсноор энэ хамаарлаас холдох боломжтой. Төр өөрийн өмчийн түүхий тосоо өөрийн өмчийн үйлдвэртээ үнэгүй ч өгч болох дархан эрхтэй болно. Энэ хэрээр бензин, түлшээр хөдөлдөг бүхэнд хүрч очих шатахууны үнэ хямдрах нь ээ. Үр дүн нь мэдээж тээврийн үнэ шингэдэг бүх л төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төсөр, иргэдийн гар дээрх мөнгө үнэ цэнтэй болох нь ойлгомжтой. Том зургаараа төр газрын тосны стратегийн ордоо төр өмч болгон авснаар газрын доорх баялгаа иргэн бүр өмчлөх боломж бүрдэх юм.

-ЦОГЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэрээс гадна түүний дагалдах дэд бүтцүүдийг барьж байгуулж байна. Эдгээр нь автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам (ашиглалтад орсон), дамжуулах хоолой, Сайншандад баригдаж буй ажилчдын хотхон юм. Сүүлийн 20 жилийн туршид Монголд томоохонд тооцогдох төслүүд яг ийм жишгээр хөгжиж буй нь үгүй. Тийм учраас энэ төслийг Эрдэнэтээс хойш Монголд хийгдэж байгаа цогц бүтээн байгуулалт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ажил явагдаж байна

Газрын тосны нөөцгүй улс орнууд ч нефть боловсруулах үйлдвэртэй байдаг. Аль нэг улсаас бэлэн шатахуун худалдаж аваад л биеийн амрыг харан суухын оронд өөрсдөө түлш шатахуунаа үйлдвэрлэх бэрх ажилд дарагддаг нь юуны учир вэ? Эрчим хүчний эх үүсвэрээрээ гадны улс орноос хараат бус байх нь тусгаар улс байхын үнэт зүйл гэдгийг тэд мэддэгийнх бас мэдэрснийх. Монгол орон Арабын Судан, Венесуэл, ОХУ, АНУ шиг газрын тосны магнатууд биш ч дотоодын хэрэгцээгээ хангахаар хэмжээний  газрын тосны нөөцтэй. Гэхдээ зөвхөн өнөөдрийн байдлаар олж тогтоосноор. Цаашид нөөц нэмэгдэх боломжтой. Тэгсэн хэрнээ түлш шатахуунаа бүгдийг нь гадны орноос худалдаж авч байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнол байхгүйтэй адил, эмзэг хэврэг байгааг илтгэдэг. Энэ бол төр түшин, бодлого зангидаж буй хүн бүрийн ашид санаж сэрэх асуудал мөнөөс мөн. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь монголчууд бидний хувьд мөрөөдөл биш бодит ажил хэрэг болж эхэллээ. Ажлын хүндийг нугалж, ард нь гарахаар хичээн ажиллаж байгаа хүмүүсийн хөлд нь тушаа, явдалд нь саад болохгүйг төрийн түшээд ч, түмэн олон нь ч хичээх нь хөгжлийн төлөөх бүтээн байгуулалтад оруулж буй асар том хувь нэмэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж