Нойтон өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаашид хуурай өлсөх, эсвэл өөрийгөө шатаах эсэхийг эхнэрээсээ асууна гэжээ. Гэртээ суугаа эхнэр юугаа мэдэх вэ дээ, “эзнээсээ” асуух биз. Ийм явдал анх удаа болж байгаа юм биш. С.Эрдэнэ гэгч “Эрдэнэс Тавантолгой”-н жолооч Тавантолгойн гэрээ яригдах үед өөрийгөө шатаахыг завдаж байсан явдал бий.
С.Ганбаатартай өчигдөр (2021.01.27) Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар очиж уулзжээ.
Тэгээд “Засгийн газраас “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг “Рио Тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суусан. Өлсгөлөнгөө зогсоогоод, ажлын хэсэгт орж ажилла” гэх санал тавьсан байна.
Мэдээж С.Ганбаатарын зорилго Оюутолгойн ажлын хэсэгт орж ажиллах биш. Тиймээс Оюутолгойн гэрээг заавал цуцлах ёстой гэсэн муйхар шаардлага сөргүүлэн тавьж.
Оюутолгойн гэрээг цуцалбал Х.Нямбаатарын хэлснээр Монголын Засгийн газар санхүүгийн том эрсдэлд орох нь үнэн. Засгийн газрын төлөөлөгч (Х.Нямбаатар өөрөө тэгж хэлсэн) үүнийг мэдэж байгаа нь бас яамай. Гэхдээ ганц санхүүгийн эрсдэлд орох юм биш, Монгол Улс тусгаар тогтнолоо алдах аюултай. Оюутолгой бол монголчуудын цор ганц өөрсдөө бие дааж, толгой мэдэж хийсэн гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан мега төсөл. С.Баярцогт нэгэнтээ Оюутолгойг мөнгө гэж харахаасаа илүү тусгаар тогтнолын баталгаа гэж харах ёстойг зөвлөж байв.
Гэвч энэ бүхэн С.Ганбаатарт чухал биш. Оюутолгойн гэрээг цуцла гэж хашгирах бүрийн тоогоор түүний дансанд төлбөр төлөгдөж байгаа. Тэр тусмаа захиалагчид бас хамаагүй. Төв талбайд хиншүү сайн тавих хэрэгтэй. Түймэр болж дүрэлзвэл бүр сайн. Тэгвэл “Монгол ялна”.
Гэрээ зурагдсан цагаас Оюутолгой цаг цагийн улс төрийн том хэрүүл болжээ. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх гээд бүгд Монголын эрх ашгийн төлөө ажилласан. Улсаа түймэрдээд, хиншүү, май тавиад дуусгая гэх Ерөнхий сайд байхгүй биз.
У.Хүрэлсүхийн засаг Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг өнгөрсөн оны намар байгуулж, Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан. Ажлын хэсэг юуны өмнө Дубайн гэрээг Монголд хохиролтой гэж үзээд, цуцлах санал гаргасан байдаг.
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгын мэдээлснээр, У.Хүрэлсүхийн засаг өмнө нь Канадад төлдөг хэмжээний татварыг Монголд төлөх ёстой гэсэн шаардлага тавьж, 155 сая ам.долларын татвар нэхэмжлэн, "Рио Тинто"-г арбитрын шүүхэд өгчээ.
“Оюутолгой” төсөл нь “Эрдэнэт” үйлдвэрийн ижил Засгийн газрын нийгмийн хариуцлагын төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэх Монголын Засгийн газрын шаардлагыг "Рио Тинто" хүлээж авсан бололтой.
Хэлэлцээрийн хүрээнд Оюутолгой төслийг дотоодоос цахилгаанаар хангахаар хөрөнгө оруулагчид санал нэгджээ. У.Хүрэлсүхийн засаг 2019 онд 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг М.Энхсайханы ТЭЗҮ-гээр нэг тэрбум ам.доллараар барихаар шийдвэрлэсэн.
Оюутолгойг цахилгаанаар хангах Тавантолгойн цахилгаан станцын төслийг урьд нь М.Энхсайхан хариуцаж байсан. Нэг тэрбум ам.доллараар 450 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих төслийг Ц.Даваасүрэн сайд болсныхоо дараа хоёр жил гацааснаар Оюутолгой одоог хүртэл цахилгаанаа Хятадаас худалдан авч байна.
С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын “эх оронч” тэмцлээс их гүрнүүдийн эрх ашиг харагддаг.
Фэйсбүүкийн найзын маань “Оюутолгойг буцааж авахгүй бол Ганбаа өлсч үхнэ. Оюутолгойг буцаагаад авчихвал бүгдээрээ өлсч үхнэ. Сонголтоо хийгээрэй” гэсэн пост хоржоонтой ч гэсэн үнэн үг л дээ.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ