Өмнөд Хятадын тэнгист олон улс, ялангуяа АНУ, Хятад улсууд зөрчилдөөнтэй байгаа энэ үед Бээжин хүч чадлаа харуулан, гадаад орнуудад сануулга өгөх зорилгоор цэргийн сургуулилалт хийхээ зарласан билээ. Тиймдээ ч сургуулилалтад зориулан дунд зайн баллистик пуужин харвагчдыг олноор нь илгээжээ.
Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад, Хятадын арми сургуулилалт хийхээр төлөвлөж буй зүүн эргийн Шандун мужид DF-26 IRMB пуужин харвагчдыг олноор байршуулсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт нэгэн эх сурвалж “Хятадын арми Шандун мужийн Чинжөү цэргийн бааз болон баруун хязгаарын Шинжааны нутаг дахь Корла цэргийн баазуудад 16 баллистик пуужин харвагч байршуулсан” хэмээн мэдээлсэн билээ.
Эх сурвалжуудын үзэж буйгаар, ийнхүү пуужин харвагчдыг тараан байрлуулж байгаа нь өмнөд Хятадын тэнгист АНУ болон Японыг, баруун хязгаарт Энэтхэгийг сүрдүүлэх гэсэн арга аж.
DF-26 IRMB бол баллистик пуужин тээвэрлэгч, харвагч бүхий хуурай газрын тээврийн хэрэгсэл бөгөөд 5000 км хүртэл зайд цөмийн цэнэгт хошуутай баллистик пуужин харвах чадвартай юм байна.
Сүүлийн үед Хятадын эрх баригчид хилийнхээ дагуу хоёр асар том DF-26 IRMB-ийн агуулах барьжээ. БНХАУ-ын цэргийн мэргэжилтэн Жөү Ченмин “Шинжааны Корла бааз дахь пуужин харвагчид бол сургалтынх. Тэд хүн суурьшаагүй говь нутагт туршилт хийх зорилготой. Тэгээд ч энэ бол тэр нутагт пуужин харвагч туршиж буй анхны тохиолдол биш. Бид энэ хүчирхэг зэвсгийг Энэтхэгийн өөдөөс ашиглах шаардлагагүй. Мөн зүүн эргийн Чинжөү бааз бол ердөө пуужингийн хүчний сургууль төдий” хэмээн ярьжээ.
Түүний мэдээлснээр, Хятад тус пуужин харвагчдаа өмнөд эргийнхээ дагуу байрлуулахгүй нь. Учир нь АНУ-ын усан онгоцноос харвадаг пуужингуудад ил зогсож буй DF-26 IRMB харвагчид хялбар бай аж.
Эх сурвалж: SCMP