УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд "Үндсэн хуулийн 39.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана" гэж заасан. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцээд, 81.2 хувиар дэмжлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ ХАРИУЦЛАГЫГ ЕРӨНХИЙ САЙДААС НЭХНЭ
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
-Монгол Улсын Ерөнхий сайдалд нэр дэвшигчид нэг зүйл хэлье. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн жилээс дагаж мөрдөж эхэлсэн. Гэвч бид сүүлийн 30 жилд хэн хуулийн хариуцлага хүлээх талаар тодорхойгүй явж ирлээ. Бүгд хариуцлага ярьдаг. Үндсэн хуульд заасанчлан хуулийн биелэлтийг улс даяар хангаж, УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ганцхан албан тушаалтан нь Ерөнхий сайд. Энэ үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг бэхжүүлсэн. Цаашдаа УИХ хариуцлагыг Ерөнхий сайдаас нэхнэ. Яагаад гэвэл УИХ-ын төсөв томилгооны эрхийг хязгаарласан. УИХ хууль биелүүлэх үүргийг Ерөнхий сайдаас нэхнэ. Ерөнхий сайд Үндсэн хуульд захирагдах ёстой. Энэ дээр таны тууштай хүсэл зориг ямар байна вэ? Монгол Улсад ганцхан хаан нь Үндсэн хууль.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллах үүрэгтэй. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналт тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Энэ хяналт, тэнцвэрийг барьж ажиллана. . Ийм итгэл үнэмшлээр ажиллана.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНХИМЫН ТЭРГҮҮН ХИЙНЭ ГЭХЭЭР ТУРШЛАГА ДУТНА
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:
-Л.Оюун-Эрдэнэ танхимын тэргүүн хийнэ гэхээр өмнөх Ерөнхий сайд шиг намын дарга биш, мөн туршлага дутна. “Сайд нарыг чөлөөлөх асуудлыг би мэднэ. УИХ-ын гишүүдийн сонирхлын зөрчилд орохгүйгээр яв” гэдэг үүргийг өмнөх Ерөнхий сайд өгсөн юм шиг байна лээ. Гэтэл сүүлийн үед нөгөө сайд нар нь УИХ-ын танхим руу орж ирэхээс зугтдаг, асуудлыг энд ярихаас бултдаг болсон. Тийм учраас давхар дээлтэй буюу ачааны хүндийг үүрэх сайд нарыг туршлагатай хүмүүсээр томилох нь зөв. Засгийн газар танхимаараа огцорсон тул давхар дээлтэй сайд нарт шинэ хүмүүсийг томилоод яваарай. Огцорно гээд явсан сайд давхар дээлтэй сайд нарыг дахин томилохгүйгээр илүү туршлагатай гишүүдийг УИХ-аас сонговол Засгийн газар илүү тогтвортой ажиллана.
Холбоотой мэдээ