Бэлчээрийн тухай хуулийн төсөлд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Бэлчээрийн тухай хуулийн төсөлд санал авч байна

Хөдөө аж ахуйн салбарт 2015 оны байдлаар нийт ажиллах хүчний гуравны нэг нь ажиллаж дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар 80 хувийг үйлдвэрлэж байна. Мал тооллогын 2015 оны жилийн эцсийн дүнгээр адуу 3.3 сая, үхэр  3.7 сая, тэмээ  367.9 мянга,  хонь 25.9 сая, ямаа  23.5 сая  нийт 55.9 сая толгой мал тоологдож өмнөх 2014 оныхоос 3.9 саяар буюу 7.9 хувиар өслөө. Нийт малыг хонин толгойд шилжүүлэхэд 94.1 сая хонин толгой болж, 100 га бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 83 толгой мал ноогдож байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал мал аж ахуйн салбарын хамгийн гол хүчин зүйл болох бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно.

Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хуульд бэлчээрийн газрын харилцааг зохицуулсан тодорхой заалтууд байгаа боловч өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа бэлчээрийн газартай холбоотой асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байна.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”/2008/, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”/2009/, “Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” /2010/, “Монгол мал” үндэсний хөтөлбөр /2010/, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” /2015/ зэрэг бодлогын баримт бичгүүдэд бэлчээрийн газрын харилцааг зохицуулсан бие даасан хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага байгааг тусгасан.

Сүүлийн жилүүдэд Монгол оронд уул уурхайн ашиглалт эрчимтэй явагдаж бэлчээрийн газрын ангиллаас уул уурхайн газрын ангилалд шилжиж байгаагаас бэлчээр, хадлангийн талбай жилээс жилд багасаж байна. Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, малын тоо толгойн өсөлт, уул уурхайн зохисгүй ашиглалтын улмаас бэлчээрт учруулах хүний хүчин зүйлийн нөлөө нэмэгдэж, бэлчээр ашиглагчид бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж байгаагаас бэлчээр талхлагдан доройтсоор байна.

Иймд мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах менежментийг боловсронгуй болгох бэлчээрийн газрын харилцааг нарийвчлан зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа “Бэлчээрийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны www.mofa.gov.mn веб сайтад байршуулж иргэдээс санал авч байна.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж