Шинэ хууль гурилын үнэд нөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Шинэ хууль гурилын үнэд нөлөөлөх үү?

Гурил үйлдвэрлэгч, жижиглэн борлуулагч нарын хувьд шалтгаангүйгээр үнээ нэмсэн эсэх талаар бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга Ц.Доржпаламаас лавласан юм.

-Гурилын үнэ гэнэт нэ­мэгджээ. Бензин шата­хуун, гэрэл цахилгааны аль нь ч үнээ нэмээгүй байхад гурилын үнэ өссөн нь үгсэн хуйвалдсан хэрэг мөн үү?

-Үүнийг нэг үгээр шууд дүгнэхэд эрт байна. Бид өнөө өглөө /өчигдөр/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран гурилын үнийн судалгаа, үнэ нэмсэн шалтгааныг үнэлэн дүгнэх ажлын хэсгийг томилсон. Тэдний дүгнэлт гарсны дараа таны асуултын хариу гарах болно.

-Үгсэн хуйвалдсан нь илт байтал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийхгүй байна гэж иргэд бухимдаж байна шүү дээ. Ер нь үгсэн хуйвалдсан хэрэг баримтаар баталгаажих нь ховор. Хоорондоо ярьж тохироод үнээ нэмснийг та бүхэн яаж баталдаг юм бэ?

-Манай байгууллага бол хүнс, барааны үнэ ханшид хяналт тавьдаг байгууллага биш гэдгийг тодотгон хэлье. Хүмүүс ойлгохдоо хаана үнэ ханш өсч байна тэр газарт манайхан цагдаж байх ёстой гэж ойлгодог. Бид чинь зах зээлийн нийгэмд аж төрж байгаа учир чөлөөт үнэ үйлчилж, эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагдаж байдаг шүү дээ. Гэвч үндэслэлгүйгээр үнэ ханш өсгөсөн, үгсэн хуйвалдсан нь илэрхий тохиолдолд бид хяналт тавьдаг. Үгсэн хуйвалдсан хэргийг илрүүлэхэд тухайн ажилтны ур чадвар их чухал. Мөн иргэдийн мэдээллийн дагуу ч үгсэн хуйвалдсан хэргийг илрүүлж байсан. Нефть импортлогчид болон аудитын компаниуд үгсэн хуйвалдсан тохиолдлыг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулж байсан.

-Хуучин бол үгсэн хуйвалдагсдад 250 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг байсан. Энэ удаа гурилын үнэ нэмсэн нь хууль бус гэдэг нь илэрвэл шинэ хуулийн дагуу арга хэмжээ авах уу?

-Хууль батлагдсаны дараа “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж байж хүчин төгөлдөр үйлчилдэг. Гэтэл “Өрсөлдөөний тухай хууль” уг сэтгүүлд хараахан гарч амжаагүй байгаа. Хуучин үгсэн хуйвалдсан тохиолдолд 250 мянган төгрөгийн торгууль оногдуулж байсан бол шинэ хуулиар өмнөх жилийн орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний торгууль оногдуулахаар болсон. Хууль маань одоогоор хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй болохоор гурил үйлдвэрлэгч нарт шинэ хуулийн дагуу арга хэмжээ авах эсэхийг хэлж мэдэхгүй байна гэлээ.

Р.НЯМЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж