Орос улс Спортын арбитрын шүүхийн шийдвэртэй санал нийлэв

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Орос улс Спортын арбитрын шүүхийн шийдвэртэй санал нийлэв

Орос улс Спортын арбитрын шүүхийн шийдвэртэй санал нийлэв

Орос улс олимпийн наадмын хоригтой санал нийллээ. Тодруулбал, Оросын допингийн эсрэг агентлаг өнгөрсөн Даваа гаригт мэдэгдэл хийж, CAS буюу Спортын арбитрын шүүхээс гаргасан 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл олон улсын томоохон тэмцээн, уралдаанд ОХУ-ын оролцох эрхийг хассантай санал нийлж, давж заалдахгүй гэв.

Тус агентлагийн мэдэгдэлд “РУСАДА Швейцарийн дээд шүүхэд CAS-ийн эсрэг зарга мэдүүлэхгүй гэж шийдвэр гаргалаа. РУСАДА энэ асуудлыг үүгээр дуусгавар болж байгаа гэж үзэн, WADA-тай гишүүнчлэлийн статусаа сэргээх зорилгоор хамтарч ажиллах болно” хэмээжээ.

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн зүгээс РУСАДА-г улсынхаа баг тамирчдын допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулдаг, өөрчилдөг хэмээн буруутгаж, эрхийг нь түдгэлзүүлээд байсан юм.

Оросын допингийн эсрэг агентлаг 2019 онд дэлхийн допингийн эсрэг агентлагийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, CAS-д давж заалдаж байсан юм. Тухайн үед дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-ын баг тамирчдын олимп, паралимп тэргүүтэй томоохон тэмцээн, уралдаанд улсынхаа нэр, төрийн дуулал, туг далбаа зэргийг дөрвөн жилийн хугацаанд ашиглах эрхийг нь хассан юм. Харин өнгөрсөн оны сүүлээр Спортын арбитрын шүүх (CAS)-ээс Оросын дөрвөн жилийн хоригийг хоёр жил болгон бууруулсан.

Допингийн асуудалд ороогүй Оросын баг тамирчид тодорхой шалгуур хангаж, өөрсдийгөө допингтой холбоогүй гэдгээ баталж чадвал ирэх Токиогийн олимп, паралимп болон 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд оролцоход асуудалгүй.

РУСАДА анх 2015 онд гишүүнчлэлийн эрхээ хасуулж байсан бөгөөд учир нь 2014 оны Сочигийн өвлийн олимпийн наадамд засгийн газартайгаа хамтран тамирчдын допингийн шинжилгээг өөрчилсөн, нуун дарагдуулсан аж. Үүний улмаас 2016 оны Рио де Жанейрогийн паралимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид оролцоогүй юм. Харин дараа нь 2017 онд Оросын олимпийн үндэсний хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсний улмаас Пёнчаны өвлийн олимпийн наадамд ОХУ-ын баг тамирчид “Оросын олимпийн тамирчид” гэх нэрэн дор өрсөлдсөн юм. Ирэх Токиогийн олимпийн наадамд ч энэ нэрэн дор, "Катюша" дууг эгшиглүүлэн оролцохоор яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж