Жолооны ард стресст орохгүй гэвэл

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Жолооны ард стресст орохгүй гэвэл

Өнөөдрийн их хотын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин машинтай хүний амьдралыг замын бөглөрөл, соёлгүй жолооч нарын бүдүүлэг авир, эвдэрсэн замгүйгээр төсөөлөхөд бэрх болж.

Бөглөрөл, бүдүүлэг авир, эвдэрхий зам нь ямар ч жолоочийг маш хүн стресст оруулдаг зүйл. Энэ стрессийг тайлж сурах нь жолооч, цаашилбал явган зорчигчийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болоод байна.

Юуны өмнө стресс гэдэг орчин үеийн амьдралын, тэр тусам жолоо барьж байгаа хүний салшгүй хэсэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингээд стрессээс зайлсхийх бус харин урьдчилан төлөвлөж, хэт стресст орсон үедээ тайлж сурах хэрэгтэй.

Жишээлэхэд, бөглөрөл үүсэх эрсдэл хамгийн баг байдаг цагуудад замд гарах. Бөглөрөл хамгийн бага байдаг тэр бүр хүн мэддэггүй туслах замууд, тэдгээрт хүрэх маршруутаа урьдчилан судлаад бөглөөтэй үед ашиглах.

Харин яалт ч үгүй дээр дурдагдсан шалтгааны улмаас бухимдаж, стресст орсон бол тамхи татаж тайлах гэсний хэрэггүй гэж сэтгэл зүйчид үзэж байна. Учир нь тэртээ тэргүй олон арван машин бөөгнөрч хортой утаагаар эргэн тойрноо бохирдуулж байхад дээр нь тамхины утаагаар нэмж хордуулах хэрэггүй.

Ганцаар явж байгаа бол суудлаа цохиод авч болно. Ингэснээр стрессийн үед үүсдэг булчингийн чангарлыг суллана, өөрийгөө суудлаа балбаж байгааг хөндлөгийн хүний нүдээр харж төсөөлбөл инээд хүрэх нь гарцаагүй. Харин инээд бол стресс тайлах хамгийн шилдэг аргуудын нэг.

Стресст орох үед хүний амьсгалын давтамж аяндаа нэмэгддэг.Иймд бөглөрөл нэлээд удах янзтай бол нүдээ анин амьсгалынхаа давтамж дээр анхаарлаа төвлөрүүлэн аажмаар удаан, тайван болгох хэрэгтэй.

Бухимдлаа тэвчихэд бэрх болсон бол цонхоо хааж байгаад зарим хүний хэлэх дуртай хараалын үгийг чанга хэлж уураа гаргсан ч болно. Ингэхдээ хэн нэгнийг харааж зүхэх бус харин сэтгэл хөдлөлөө илэрхийлэх замаар бухимдлаа л тайлж байгаа төдий гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ мэдээж дэргэд чинь хүүхэд, эмэгтэйчүүд, найз нөхөд чинь байхгүй ганцаараа яваа үед л энэ арга тохиромжтой гэдгийг бүү март.

Бөглөрөлтөнд орж гацсан тайван байх нь хамгийн чухал. Радио, хөгжим сонс. Хурдлан давхих үед тэр бүр чухал зүйлийн талаар таатай эргэцүүлэн бодох завдал олддоггүй шүү дээ. Тэгэхээр өчигдөр амжуулсан ажил, өнөөдөр амжуулах гэж байгаа ажлынхаа талаар сайтар бод. Олдож байгаа цагийг бухимдаж уурлахын оронд өөртөө ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй.

Таны эрэн тойронд болж байгаа бүхнийг огт хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. Яг зурагтын нэвтрүүлэг, эсвэл баримтат кино үзэж байгаа мэт.

Мөн эелдэг, бусдыг хүндлэх энгийн дүрмийн дагах нь мэдрэлийн энергиэ хадгалаха д чухал үүрэгтэйг санаж байх хэрэгтэй.

Хамгийн наад нь зах нь бусад жолооч нар өөрт чинь яаж хандаасай гэж хүсдэг вэ яг тийм байдлаар тэдэнтэй харьц.

Бусад жолооч, явган зорчигчдод ойлгомжтой үйлдэл хийж байх хэрэгтэй.

Бусдын гаргасан алдаанд хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Өөгүй хүн гэж байхгүй гэдгийг сана.

Эгнээгээ солих, эсвэл түрж орж ирэх гэсэн жолооч нарт зам тавиад өгчихөд буруудах зүйлгүй. Нэг ч гэсэн хүнээс бага ч гэсэн талархсан дохио авна гэдэг ямар ч л байсан сайн зүйл.

Зам удаан гарч байгаа явган зорчигч, улаан гэрэл, том оврын машин, замыэн бартаа зэрэг зүйлсд бухимдаж уурлах хэрэггүй. Цас, эсвэл бороо орлоо гэж мянга уурлаад зогсоож чадахгүйтэй адил энэ бүхэнд тайван, ойлгоцтой хандвал мэдрэлийнхээ хэд гурван эсийг үхүүлэлгүй үлдээж өөртөө буян үйлдсэн хэрэг болно.

Хүн рүү хуцаж, зуухаас өөр юм мэддэггүй нохой дайрахад өөдөөс нь адилхан архираад уралцаад байдаггүй биз дээ. Үүнтэй адил бүдүүлэг зангийн хариуд уурлаж, адилхан бүдүүлэг зан гаргаж доройтох хэрэггүй.

Явган зорчигчид зам хөндлөн гарах, өөр машинд зам тавих боломж өгөх төдийхэнд уурлах хэрэггүй. Учиргүй баян, учиргүй том албан тушаалтай биш л бол танд ч гэсэн нэгэн цагт хоёр зээрдээрээ зам хөндлөн гарах хэрэг зайлшгүй ирнэ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр намайг ингээд зам гарч явахад урдаг нохой шиг жолооч сигналдаад, дайрах гээд байвал яах вэ гэж бодоод үз.

УИХ-ын гишүүн, мафийн босс, олигарх, эсвэл цагдаагийн ахлах офицер биш л юм бол бусад жолооч, цагдаатай биеэ барьж тайван харьцсан нь дээр. Таны уур хилэнгийн хариуд тэд ч бас уур хилэнгээр хариу барьж чадна гэдгийг сана.

Стрессгүй, аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэдэг жолооч нарын уралдаан бус харин хамтын ажиллагаа байх ёстой мартаж болохгүй.

Зам тавьж өгсөн, ямар нэг зүйл анхааруулсан жолооч ид гар өргөн талархал илэрхийлж байхаа бүү март.

Туршлагагүй, эсвэл ороо нь орсон буур шиг ухаан муутай жолоочтой маргалгүй зүгээр л зам тавиад өгчихөж бай. Тэнэг хүнтэй маргаж адилхан тэнэг болох хэрэг юу байна.

Уурандаа хэзээ ч бүү сигналдаж бай.

Эх сурвалж: www.103.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж