Өдрийн 13.00 цаг гэхэд Сүхбаатар дүүргийн 3, 8 дугаар хороонд харьяалах банкинд дугаарлан зогсох хүн үзэгдсэнгүй. Учир нь энэ хорооны иргэдийн хуваарь болоогүй юмсанж. Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 дугаар хороооны харьяалах банкинд харин өмнөх эх орны хишгийг тарааж байсантай харьцуулбал хөл хөдөлгөөн бага. Гэтэл яг Чингэлтэй дүүргийн тамгын газар дээр нь очоод асуухаар “Өнөөдөр зарим дүүргүүд тараагдаад эхэлсэн. Хөл хөдөлгөөн бага байгаа учир нь хүмүүс шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх ёстой. Хамрагдаагүй хүмүүст олгохгүй” гэсэн хариултыг өгч байсан юм.
Өмнөх далан мянган төгрөгийг тараах үеэр урт дараалал үүсч иргэдийг багагүй бухимдуулж байсан. Харин энэ удаагийн тараалт дээр ийм дараалал үүсгэх нь битгий хэл хүмүүс бараг харагдахгүй байлаа. Яагаад ийм байгаа тухай нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц. Дэлэгжунайгаас тодруулахад “Улсын бүртгэлийн газраас бүх юм шалтгаалж байгаа. Тэнд шинэчилсэн бүртгэлийн ажил хэдэн хувьтай байгаагаас хамаарч бид хүмүүсийн нэрсийг дүүрэг дүүргийн сонгогдсон банкуудад өгч байгаа. Энэ удаагийн тараалт бол өмнөх далан мянгыг тараасан шиг урт дараалал үүсгэж сандаргасан юм болохгүй. Яагаад гэвэл өмнө нь зохион байгуулчихсан туршлагатай учраас. Шаардлагатай мөнгийг дансанд суулгачихсан байгаа” гэсэн хариултыг өгч байв.
Эх орны хишгээ авах гэсэн хүмүүс харьяа дүүрэг, хорооныхоо холбогдох банкин дээр биш Улсын бүртгэлийн газарт материалаа бүрдүүлэх гэж дугаарласан хүмүүс их байлаа. Тэнд харин иргэдийг бухимдуулахаар урт дараалал үүсчээ. Бүртгэлийн газрын ажилтан “Манайд төрсний гэрчилгээгээ шинээр авах гэсэн хүмүүс их ирж байгаа. Тэгээд овгоо шүүлгэх, ээжийнхээ нэрийг шүүлгэх гээд асуудал их гарч байна. Ирсэн хүмүүс нь бол төрсөн өдрөө буруу хэлэх тохиолдол бас гарч байна. Бид шаардлагатай мэдээллээ үнэн зөв бүрдүүлээд хүрээд ир гээд буцаах тохиолдол ч олон гарч байгаа” гэсэн бол тэнд дугаарласан хүмүүс “Энд нэг юм хийх гэж нэлээд удах юм. Тэгээд шаардлага тавихаар өөдөөс том дуугарчихаад энэ олон хүний ажлыг алдуулж байна” гэх аж.
Зарим дүүрэгт “Манай хороог болохоор наймдугаар сарын дундуур тараана гэсэн шүү дээ. Гэтэл хэвлэл мэдээллин хэрэгслээр өнөөдөр тарааж эхэлж байгаа гээд байх юм. Ойлгохгүй л байна” гэх хүмүүстэй таарч байлаа. Харин холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авах гэсэн хүмүүс Чингэлтэй дүүргийн “Нэг цонхны” үйлчилгээн дээр их. Гэтэл яг тэр мэдээллийг өгдөг хүмүүс нь ээлжийн амралтаа авсан, эсвэл өдрийн цайндаа гарсан гэх шалтгаанаар эзгүй таарав.
Ямар ч байсан энэ удаагийн арван мянган төгрөгийг тараах ажил тайван эхэллээ.
Б. Болорсүх