Солонгын өнгөтэй, хамгийн дэгжин тангараг өргөх ёслол

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

FASHION

Солонгын өнгөтэй, хамгийн дэгжин тангараг өргөх ёслол

Солонгын өнгөтэй, хамгийн дэгжин тангараг өргөх ёслол

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Жо Байдены тангараг өргөх ёслол олон улсын загварын салбарынхны анхаарлын төвд оржээ. Ялангуяа дэд Ерөнхийлөгч Камала Харрис, тэргүүн хатагтай Жилл Байден нарын хослуулан өмссөн дээд зэрэглэлийн хослол АНУ-ын загварынхны чадвар, чансааг илтгэсэн байна.

Харрисын өмссөн нил ягаан хослол Луйзиана мужийн Baton Rouge брендийн загвар зохион бүтээгч Кристофер Жон Рожерсийн бүтээл аж. Рожерс 2019 оны "Vogue" загварын сангийн шагнал хүртэж байсан бөгөөд тэргүүн хатагтай асан Мишель Обама, урлагийн од Бейонсе, Рианна нарт ажиллаж байсан, АНУ-ын хамгийн залуу, хар арьст загвар зохион бүтээгчдийн нэг юм.

Харин Ерөнхийлөгч Байден болон дэд Ерөнхийлөгч Харрисын нөхөр Дуглас Эмхофф нарын өмссөн хар хослол Ральф Лаурены бүтээл юм. Ральф бол АНУ-ын загварын ертөнцөд 40 жилийн турш алдар суугаа мандуулсан Еврэй гаралтай цагаачдын хүү.

Тэргүүн хатагтай Жилл Байден хилэн захтай цэнхэр пальто, Swarowski, сувдан шигтгээтэй дэгжин даашинз, өнгө дагуу амны хаалтаар гангарчээ. Түүний ийнхүү бүрдүүлсэн төрхийн ард Markarian брэндийн загвар зохион бүтээгч, Колорадо мужийн Александра О’Ньел бий аж. Тэрбээр “Тэргүүн хатагтайг “хувцаслана” гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Ийнхүү Америкийн түүхийн жижиг ч гэсэн тодорхой нэг хэсэг болсондоо таатай байна” хэмээн ярьжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нар ийнхүү дотоодын авьяаслаг загвар зохион бүтээгчдийг сонгосон нь Обамагийн үеийн Цагаан ордны хувцаслалтын хэв маягийг эргэн сэргээж буй үйл явдал хэмээн ажиглагчид үзэж байна.

Харьцуулж үзвэл, Тэргүүн хатагтай асан Меланиа Трамп өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үргэлж Европ уран бүтээлчдийн хувцсыг сонгон өмсдөг байсан юм. Тэрбээр Цагаан ордныг орхихдоо ч Chanel брэндийн хүрэм, Dolce& Gabbana брэндийн даашинз өмссөн байлаа. Харин түүний өмнө Мишель Обама үргэлж шинээр гарч ирж буй Америкийн залуу уран бүтээлчдийг дэмжиж, бүтээлүүдийг нь өмсөн сурталчилдаг байсан юм.

Нил ягаан өнгө бол дээд зиндааныхны сонголт

Камалла Харрис Цагаан ордонд нил ягаан өнгийн хувцас өмсөж ирсэн анхны дээд зиндааны эмэгтэй биш юм. Түүнээс өмнө Мишель Обама, Хиллари Клинтон нар анх Цагаан ордонд ирэхдээ Сержио Хадсон, Ральф Лаурен нарын бүтээл, нил ягаан өнгийн хослолтой ирцгээж байсан билээ.

Түүнээс гадна нил ягаан өнгө нь Ардчилсан намын цэнхэр өнгө, Бүгд найрамдах намын улаан өнгөний нийлбэр, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Мөн нил ягаан өнгө олон жилийн турш эмэгтэйчүүдийн хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн түүхтэй.

Оддын хүч

Сурсан зангаараа Лэйди Гага олны анхаарлыг өөр дээрээ татаж, хүмүүсийн нүдийг хужирласан билээ. Тэрбээр тэнгисийн цэргийнхний өмсдөг ноолууран хүрэм, дэрвэгэр том улаан торгон банзалтай ирж, төрийн дуулал эгшиглүүлсэн.

Мөн түүнээс гадна Женнифер Лопез өлмийнөөс толгой хүртлээ цав цагаан өнгөөр гангарч, “Энэ бол та бүхний нутаг”, “Үзэсгэлэнт Америк” дуунуудыг дуулав. Цагаан өнгө ч мөн эмэгтэйчүүдийн хүч чадлын бэлгэдэл юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж