Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

LiveЛ.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Tuesday, January 26, 2021

18 : 02
2021-1-27

Л.Оюун-Эрдэнэ 87.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд боллоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан.

Завсарлагын хугацаа дуусч, санал хураалт явуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 66 гишүүн оролцсоноос 58 нь буюу 87.9 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. 

17 : 10
2021-1-27

УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.

Үргэлжлүүлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/-үүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад оролцсон гишүүдээс 50 нь дэмжиж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдэхээр, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)-үүдийг хийлээ.

Улмаар гишүүдийн 71.6 хувийн саналаар тус хуулийн төслүүдийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийв.

Санал хураалтад оролцсон гишүүдийн ихэнх нь дэмжсэн тул төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

15 : 58
2021-1-27

"Урьдчилсан тооцооллоор хоёр яам нэмж байгуулна гэж бодож байна"

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Долоо хоногийн өмнө 1990 оны залуус талбайд жагссан. Үүний үр дүнд Засгийн газар нь огцорч, 1980 оны хүн Ерөнхий сайд боллоо. Энэ сайны дохио гэж бодож байна. Нам харгалзалгүйгээр, мэргэжлийн хүнээр нь кабинетаа бүрдүүлээрэй. Өмнөх Засгийн газар банкны эздийн түрэмгийллийг зогсоосон. Үүнд зоригтой алхам хийсэн. Мөн уул уурхайн засаглал руу ороод байсныг зогсоосон. Мөн шүүхийг цэгцэлсэн. Энэ ажлуудыг нэр төртэй авч яваарай. Бизнесийг улс төрөөс тусад нь авч явж байгаа нь өөрт тань үлдээсэн өв. Үүнийг үргэлжлүүлээрэй.

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Урьдчилсан тооцооллоор хоёр яам нэмж байгуулна гэж бодож байгаа. Нэг нь, Эдийн засгийн яам, хоёр дахь нь Цахим хөгжлийн яам. Ингэснээр асар их цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх ажлыг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн хүнд суртал, авлига багасна.

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:

-Цар тахалтай, том сонгууль дөхсөн, жагсаал цуглаантай хүнд үед Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байна. Хэрэггүй зүйлд цагаа зарцуулчих вий, харлуулчих вий гэж болгоомжилж байна. Энэ үед эдийн засагт цаг гаргаарай гэж хүсч байна. Хүний хөдөлмөр эрхлэх хүслийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт бодлого гаргаж ажиллаасай, халамжаас бүтээмж рүү шилжүүлээсэй гэж хүсч байна. Цар тахалд хүндэрсэн аж ахуйн нэгжүүдийн 94.4 хувь нь орлого буурсан, үүний 46 хувь нь 50 хувь буурсан гэж мэдээлсэн байна. Үүний ард 1.2 сая мянган иргэн ажиллаж байна. Эдийн засгийн байнгын хороо хэрхэн хамтран ажиллах вэ, юугаар дэмжих вэ?

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Монголбанк, эдийн засгийн байнгын хороо зэрэгтэй ойрын хугацаанд төлөвлөгөө гаргаж уулзана. Сангийн болон мөнгөний, эдийн засгийн гэсэн ойролцоо гурван бодлого тусдаа үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ийм хүнд үед энэ гурван бодлого нэгдэхээс өөр аргагүй. Самбар тавьж, жинхэнэ ажил ярьдаг тогтолцоонд шилжинэ. Төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзана. Хувийн хэвшлийнхэн яаж ажлын байраа авч үлдээх вэ гэдэг нь чухал. Үүнийг Эдийн засгийн байнгын хороонд хэлье.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Шинэ сайдаас маш их зүйл хүсч байгаа. Энэ нь таны санаачилсан "Алсын хараа 2050" бичиг баримт юм. Энэ хүрээнд хэдэн салбарт гоц анхаарах шаардлага байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн яам байгуулъя гэж ярьсан. Эдийн засаг нь хүн рүү чиглэсэн байх ёстой. Ажлын байрны цаана үйлдвэрлэл гэсэн маш чухал зүйл бий.

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Эдийн засаг хөгжлийн яамыг Ардчилсан нам байгуулсан. Экспортыг нэмэгдүүлэхэд Эдийн засаг, хөгжлийн яамны бодлого чиглэнэ. Энэ бүтэц үе үеийн Засгийн газарт хэрэгтэй.

15 : 23
2021-1-27

"Засгийн газар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана"

УИХ-ын гишүүн Б.БЕЙСЕН:

-Коронавируст халдварыг дотоодод алдлаа, байдал хүндэрлээ. Одоо хүртэл бид мутацид орсон ямар хэлбэр вэ гэдгийг тогтоогоогүй байна. Ховдод халдвар гарахад тусгай үүргийн онгоцоор нийслэл рүү зөөж байна. Орон нутагт эмчлэх боломжгүй гэж байна. Жилийн хугацаанд бэлдлээ. Юу бэлдэв? Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү? Багш, эмч нарын цалинг нэмэх үү? Хос хэлтэй сургуулиудын асуудалд хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Цар тахал Монголд тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 2 сая хүний амь насыг авч одсон ийм цар тахал гараагүй. Монгол Улс 10 сарын хугацаанд дотооддоо халдвар гаргахгүй ажилласан. Бид нэн тэргүүнд вакцинжуулалт хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариу авсан. Вакцинжуулалт хийснээр эдийн засгаа аварна гэж бодож байна. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилт эдийн засгийг анхаарах. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Залуу хүний аагаар төрийг удирддаггүй. Сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийг чинь магтдаг хүнээр хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бид ч талбайд гарсан. Тэр үед цахилгаан тасалж, микрафоныг нь хааж новшроогүй шүү дээ. Шинэ үе үгэнд хууртахаа больсон. Бид сонгуулиар 65-уулаа гарч ирсэн. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Улс төрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Хууль засагладаг төртэй байхыг хүсч байна гэдэг үгэнд баяртай байна. Манай улсад төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчит 4862 нийт 6012 байгууллага байна. Эдгээрт 250 мянга орчим хүн ажиллаж байна. Нийт 64 их наядын хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 35 их наяд нь өр төлбөр байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад, гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?

УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Төрийн өмчийн байгууллагыг анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:

-Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэж, амжилт хүсье. Монголын ард түмэн шинэ Ерөнхий сайдаас их зүйл хүлээж байна. Өмнөх Ерөнхий сайд маш том сургамж үлдээсэн. Доод, дунд шатны төрийн алба хаагчид бүгд муу биш. Гэхдээ дийлэнх нь хариуцлага алддагаас нийгэмд өнөөдрийн ойлголт бий болсон. Шинэ Засгийн газраас их зүйл шалтгаална. Бүх алба хаагчийг чадавхжуулах хэрэгтэй. Хоёрт, айл өрхийн амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэх вэ?

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Цар тахлын хүнд үед Монгол Улсын үйл хэргийг үргэлжлүүлэх хүнд ачаа үүрч байгаа Л.Оюун-Эрдэнэд амжилт хүсье. Цар тахлын үед боловсролын салбарт маш том эрсдэл нүүрлэж байна. Теле хичээл болон интернэт хичээлд хүүхдүүдийг тэгш хамруулж чадахгүй байна. Төрийн, хувийн сургуулийн ялгаа их байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбар нийгмийн тэгш бус байдлыг бий болгоод байна. Боловсролын шинэчлэлд ямар зорилт тавьж байна вэ? Мөн дундаж давхаргыг дэмжих, хуримтлалын сан бий болгох чиглэлд ямар бодлого баримтлах вэ?

УИХ-ыг гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Оюутолгойтой холбоотой, 2051 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй байх зэрэг асуудал байсан. Одоо энэ асуудлыг яриад байгаа хүмүүс энэ асуудлын талд байр суурьтай байсан. Дубайн гэрээг хуулийн хүрээнд өөрчлөх үү, хуульд нийцүүлж өөрчлөх үү. Тэр үед олон хүн хууль зөрчөөгүй гэдэг дээр дүгнэлт гаргах талд байсан. Тиймээс бидний хэлсэн үг, цэг таслал бүрийг эргээд судалдаг нийгэм рүү явах хэрэгтэй. Улс төрийн өнгөц шоу хийх гэж байгаа бол өөр асуудал байх. Хэрэв тийм бол бид олон өдөр нойргүй хуралдах хэрэг гарна. Олон хайрцаг материалтай танилцах хэрэг гарна. Оюутолгойн баримт бичигтэй яс танилцсан хүн байдаггүй юм билээ. Гэхдээ энэ талаар яриад л байдаг.

Энэ бол манай үндэсний эрх ашиг. Тийм болохоор энэ бүх зүйл дээр нухацтай ажиллана. Хэд хэдэн том ажил хийж байгаа. Арбитрын шүүх хэрэг үүсгэсэн байгаа. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглох хэрэгтэй. Үүнийг монголчилж болохгүй. Хэлцэл эхэлсэн өдрийн маргаашаас эхлээд л олон хүн энэ талаар ярьсан. Өмнө нь энэ талаар ярилцахаар надтай нэг ч хүн уулзаагүй. Бид уг нь энэ талаар сайн ярилцаж, мэдээллийн нэгдсэн байдалд хүрэх хэрэгтэй. Тэгээд хэн буруутайг тогтоож болно. Оюутолгойтой холбоотой хамгийн их мэдээлэлтэй хүн нь өнөөдөр Монголд би байгаа байх.

Монгол Улсын их сургууль одоогоор 3500-д жагсч байгаа. Таван жилд 500 байраар ухраад байж болохгүй. Дэлхийтэй өрсөлдөх талаар ярилцах цаг болсон. Тиймээс олон зүйл дээр ярилцах хэрэгтэй байгаа. Ордонд самбартай өрөө байхгүй байсан. Илүү бүтээлчээр хамтран ажиллахыг би хичээнэ. Боловсролын салбарт хэрэгтэй зүйлийг цаг алдалгүй хэрэгжүүлж ажиллах болно. Цар тахлын сэтгэлзүйд хөтлөгдөөд эдийн засаг, боловсролоо дүгнэж болохгүй.
 
14 : 23
2021-1-27

Л.Оюун-Эрдэнэ: "Оюутолгой"-н хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал өгсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.
11 : 44
2021-1-27

"Хүүнд хязгаар тавьчихаар далд зах зээлд орох эрсдэлтэй"

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарын санаачилсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуульд барьцаалан зээлдэх төвийн алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байлгахаар тусгажээ.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Ломбардын зээлийн үйл ажиллагаа зохицуулалтгүй явж ирсэн. Хүүнд хязгаар тавьчихаар далд зах зээлд орох эрсдэлтэй. Бид хүүг хязгаарласнаар үр дүн эсрэгээрээ гарах магадлалтай. Иргэдийн барьцаанд тавьсан хөргөгч, зурагт, гар утас үнэгүйднэ. Зохицуулах нь зөв ч эрсдэлийг хэрхэн тооцох нь чухал. 

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Хуулийг дэмжихгүй байгаа. Яагаад гэхээр, мөнгө санхүүгийн байгууллагын зөвхөн нэг хэсгийг барьж орж ирсэн хуулийн төсөл. Сүүлийн үед зээлийн аппликейшн ч үүнд хамрагдах ёстой. Гэхдээ зөвхөн барьцаалан зээлдүүлэгч нарын асуудлыг барьж ирсэн байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага дунд ч ийм хүүтэй нь бий. Тэдний асуудлыг ч оруулж ирэх хэрэгтэй. Барьцаалан зээлдэх төв гэдэг нь санхүүгийн ТҮЦ. ТҮЦ-ийн амыг барих үйл ажиллагаа явуулаад байна. Зах зээлийн жамаар нь үйл ажиллагааг явуулалгүй захиргааны аргаар ингэж шийдэж болохгүй.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Зах зээлийн механизм өнөөдөр ажиллахгүй байна. Англи, Америкт Монголтой адил зээл олгодог газрууд байдаг. Эдгээр газруудыг царцаах, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн байсан.

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Аливаа зүйлийг хорьж, хязгаарлалт тавьснаар хууль бус байдал далд байдалд шилжиж нэмэгдэх магадлалтай. Энэ талаарх судалгаа дутуу байна.

УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:

-Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ би захиргаадалтаар асуудлыг шийдэхийг дэмждэггүй. Барьцаалан зээлдэх төвүүдэд залуучууд, оюутнууд их шулуулдаг. Харин хүүхдэд зориулсан "Үдийн цай"-ны мөнгийг дээрэмдэж болохгүй. "Үдийн цай"-ны мөнгийг ядуу өрхийн хүүхдүүдэд компьютер авч өгөхөд зарцуулах нь зөв. Цаашид хүүг бууруулахдаа зах зээлийн нийтэд хамарсан арга хэмжээ авах ёстой. Түүнээс биш захиргаадалт хэрэггүй.

УИХ-ын гишүүн Ц.ТУВААН:

-Энэ төсөл Covid-19-тэй уялдан орж ирж байгаа. Бидний яриад байгаа асуудал нь амьдрал дээр өөр шүү дээ. Хэн ч барьцаалан зээлдэх төвд оч гэж хэлээгүй. Хууль санаачлагчид хоёр зүйл дээр алдаад байна. Мөнгө хүүлэгчдийн асуудал мэтээр ярьж, хуулийн зөвшөөрөлгүй, хяналтгүй үйл ажиллагаа явуулж байгаа мэт яриад байна. Иргэдийн хүсэлт, бусад байгууллагуудын иргэдэд үйлчилдэг хүнд суртлыг тойроод, шууд үйлчилж байгаа газруудыг сонгон үйлчлүүлж байна гэж бодох хэрэгтэй. Бас 0.2 хувийн алданги нь хүүгийнх юм уу, яг юуных вэ? Мөн барьцаа хөрөнгийг борлуулахгүй байх гэдгийг тодруулж өгөөч!

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Ер нь ломбардын үйл ажиллагааг бүхэлд нь харлуулаагүй. Барьцаалан зээлдэх төвүүдээр 400-500 мянган хүн үйлчлүүлдэг гэх судалгаа бий. энэ утгаараа олон зуун мянган хүний эрх ашгийг хөндөж байгаа юм. Энэ талаас нь асуудалд хандах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.БУЛГАНТУЯА:

-Барьцаалан зээлдэх төвүүд нь 7-30 хоногт 3.5 болон түүнээс дээш хүүтэй зээл олгож байгаа. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувиар төлөх ёстой ч амьдрал дээр нэг болон түүнээс дээш хувиар алданги бодож байна. Хуулийн дагуу барьцаа хөрөнгийг зарж борлуулахаасаа өмнө мэдээлэх ёстой ч манайд тийм газар алга.

УИХ-ын гишүүн О.ЦОГТБАЯР:

-Барьцаалан зээлдэх төвийн дээд хүүг тогтоох талаар хуулийг хараад харамсаж байна. Энэ нь цаг үеэ олоогүй хууль байна. Банкны, банк бусын шаардлага хангахгүй байгаа иргэд тэгээд хаана очих юм бэ? Гурван хувийн хүү гэдгийг хаанаас, ямар тооцооллоор гаргаж ирсэн юм бэ?

Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтад нийт 65 гишүүн оролцсоноос 44 нь дэмжиж, хуулийн төслүүдийг УИХ-ын аюулгүй байдал, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
11 : 19
2021-1-27

Төв банкинд 6.7 их наяд төгрөг бий, Засгийн газар хөнгөлөлттэй зээл гаргах ёстой

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. Covid-19-тэй холбоотой ажлуудыг шуурхай хэрэгжүүлмээр байна. Энэ үед 200-400 мянган ажлын байр бий болгох боломж байгаа. Тогтоолын төслийг холбогдох газрууд руу явуулсан ч хариу ирсэнгүй. Хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд өгөөч, УИХ-ын дарга аа. Оюутны хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд 24.8 тэрбум төгрөг оюутны эх үүсвэрт хэрэгтэй байна. Өнөөдөр танхимаар хичээл хийхгүй байгаа үед энэ мөнгө хэмнэгдэж байгаа. Энэ мөнгийг оюутны хөнгөлөлттэй зээл рүү шилжүүлэх хэрэгтэй. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцсэн. Гишүүд хоёрын хооронд зүйл дээр маргалдаж, намчирхдагаа болиод, хуулиа хэлэлцэх, дэмжих зүйлийг нь ярилцах хэрэгтэй. Төлөвлөсөн нислэгээ хойшлуулсан бол нөхөн төлбөр төл гэдэг зүйлийг хуульд оруулахыг санаачилсан ч уначихсан.

УИХ-ын гишүүн С.АМАРСАЙХАН:

-Covid-19-ийн талаарх хуулийн 7.6 алдаатай байгаа нь төслийн хэлэлцүүлгийг алдаатай болгож байна. Хоёрт, бид маш олон хуулийн төслийг хэлэлцэх санаа оноог хэлэлцэж байна. Хамгийн гол асуудал гүйцэтгэл дээр байна.

Оюутны сургалтын төлбөртэй холбоотой асуудал маш чухал зүйл. Мэдээллийн нэгдсэн сантай болно гэдэг маш чухал асуудал. Хүний аюулгүй байдлыг хангах, эрхийг нь зөрчихгүй байх нэн тэргүүний асуудал.

УИХ-ын гишүүн Д.ДОРЖХАНД:

-Хямралын үед эрүүл мэнд чухал ч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Энэ үед боловсролын салбарын бүсийг чангалж болохгүй. Танхимаар хичээл орохгүй байгаа энэ үед үдийн хоолноос 40 тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Гэтэл энэ үед оюутны 24.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгодог нь орхигдоод байна. Энэ эх үүсвэрийг төсөвт өөрчлөлт оруулалгүйгээр шийдэх боломжтой. Засгийн газар нь мөнгөгүй, иргэд нь мөнгөгүй байгаа энэ үед Засгийн газар ажиллах ёстой. Одоо 6.7 их наяд төгрөг Төв банкинд байна. Ийм үед Засгийн газар ажиллах, бонд гаргаж, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл гаргах ёстой.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 19 нь дэмжиж, 46 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

10 : 46
2021-1-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы 2021.01.27-ны Лхагва гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд: 

-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

-Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

-Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ багтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж