"Шинэ багийнхантайгаа уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь"

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

"Шинэ багийнхантайгаа уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь"

"Шинэ багийнхантайгаа уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь"

Английн Челси клуб өнгөрсөн Даваа гаригт ахлах дасгалжуулагч Фрэнк Лампардаа халж буйгаа мэдэгдсэн билээ. Лампардын үлдээсэн орон зайг нөхөхөөр Герман мэргэжилтэн Томас Тухел ирж буйг өнөөдөр (2021.01.27) Челси албан ёсоор мэдэгдэв. Тус клубын мэдэгдэлд “Томас Тухел Челси клубын шинэ ахлах дасгалжуулагчаар томилогдлоо. Тэрбээр багийг 18 сарын хугацаатай удирдах болно. Ийнхүү Томас Тухел Челси клубыг удирдсан анхны герман дасгалжуулагч болж байна” хэмээжээ.

Харин Томас Тухел “Челси клуб надад болон миний дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд итгэл хүлээлгэсэнд баярлалаа. Фрэнк Лампардын энэ багийн төлөө хийсэн ажил болон бий болгосон өвийг хүндэтгэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинэ багийнхантайгаа уулзаж, хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн сэтгэл догдлом лигт хүч үзнэ гэхээс хүлээж тэсэхгүй нь. Энэ гайхалтай гэр бүлийн нэг хэсэг болсондоо баяртай байна. Үнэхээр гайхалтай” хэмээн ярьжээ.

Өнөө цагийн дэлхийн шилдэг залуу дасгалжуулагчдын нэг Томас Тухелыг “Профессор” гэж хочилдог.

Челси клубын захирал Марина Грановскайа “Улирлын дундуур ахлах дасгалжуулагчаа солино гэдэг амаргүй. Гэхдээ Томас Тухел шиг Европын шилдэг дасгалжуулагчдын нэгийг багтаа авчирсандаа баяртай байна. Энэ улиралд ч, цаашдаа ч манай багт оролцох олон тэмцээн, хүртэх олон цом бий. Бид Томасыг багтаа найрсгаар угтан авч байна” хэмээжээ.

Томас Тухел өнөөдөр шинэ багийнхантайгаа анхны бэлтгэлээ хийж, орой нь Вулверхемптон багийн эсрэг Премьер лигийн анхны тоглолтдоо оролцох болно.

Өдгөө 47 настай герман мэргэжилтний хувьд оны өмнөхөн Францын ПСЖ багаас халагдаж, ажилгүй болоод байсан юм. Тэрбээр Францын аваргуудыг хоёр улирал удирдахдаа Францын лигийн аваргын цомыг дараалан хүртэж, өнгөрсөн улирлын УЕФА Аваргуудын лигийн финалын шатанд хүрч байлаа. Үүнээс өмнө Томас Тухел Германы Майнц 05 болон Боруссиа Дормтунд зэрэг багуудын дасгалжуулагчаар ажиллаж, чамгүй чадварлаг мэргэжилтэн болохоо харуулж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж