Улаанчулуутынхны хоол

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Улаанчулуутынхны хоол

Он удаан жил хэл амны бай болж байсан Улаанчулуутын хогийг өнгөрсөн жилээс булж, хөрсжүүлэн, Нарангийн энгэрт шинэ хогийн цэгтэй болсон тухай нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан. Гэсэн ч одоо Улаан чулуут руу хог ачсан машинууд нааш цааш холхилд­соор л байна. Энд урьдын адил хог ухаж амьдардаг хүмүүс бужигнасаар л … Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн III, IV хорооны нутаг дэвсгэрт ор­ших энэ хогийн цэг рүү ойртох тусам хог новшны исэлдэж, шатсан эхүүн үнэр хамар цоргин ханхийж, хаа сайгүй дүнгэнэлдэх ногоон толгойтой ялаанууд хамаг бие бүрхээд авах нь уу гэлтэй эргэлдэнэ.

Хог ачсан машин тэртээ доороос утаа татуулан аахилан мацахыг харсан уут шуудай, урт гозгор төмөр барьсан хүмүүс бие биесээсээ өрсөн тосч гүйнэ. Өдөрт энэ хогийн цэгт 50-60 машин хог ирнэ. Тэндээс ундааны хуванцар сав, архины шил, гялгар уут, цаасан хайрцаг, шар айрагны лааз, төмөр, яс гээд тэдэнд хэрэгтэй зүйл мундахгүй. Тэр бүхнийг бусдаасаа өрсөн өөрийн болгохгүй бол хоолгүй хонох хувьтай. Уг нь энд хуванцар сав гэхэд цэвэр бохироосоо хамаараад нэг кг нь 150-200 төгрөг, төмөр кг нь 30-50 төгрөгийн  үнэ хүрдэг ажээ. Ингэж худалдан авдаг ченжүүд нь хажуухан талд нь машинтай ирээд зогсчихсон, түүхий эдээ ачиж байгаа харагдав.

Тэдний цаана уул овоо мэт нуруулдсан цаасан хайрцагууд дээр арав гаруй насны тэрсхэн гурван хүү  үсэрч харайн тоглоно. Тэднийг дуудтал их л сонирхсон янзтай инээлдсээр дөхөж ирлээ.  Хоёр нь ах дүү,  харин нөгөөх нь тэдний найз гэнэ. Өөрсдийгөө Одонбаатар, Өлзийбаатар, Отгонбаяр гэж танилцууллаа. Гурван сарын өмнөөс авга ахынхаа зааж өгснөөр энд ирж хог түүдэг болсон гэнэ. Одоо тэд нар нөхцөл байдалтайгаа хэдийн дасчээ. Тэдний ярианаас томчууд нь “Хог түүж мөнгө ол” гэж зарчихаад олсон хэдийг нь архи дарсанд үрэх энүүхэнд аж. “Энд ажиллахад ямар вэ, муухай юу?” гэвэл нэг нь бусдаасаа түрүүлэн “Гоё шүү дээ”  гэх нь тэр.

Энэ үетэй зэрэгцээд  25 орчим насны шуудай үүрсэн залуу “Юу нь гоё байгаа юм. Ийм муухай газар ажиллаад. Энд удаан байх юм бол та нарын ирээдүйд бид нар шиг л харанхуй болно” гэж загнаад “Эд нарын эрүүл мэнд одоо авах юмгүй болж байгаа шүү дээ”  гэсээр ярианд орж ирлээ. Эхлээд түүнийг харахад нэг л хэвийн бус хүн шиг харагдаж байсан ч яриаг нь сонсоод байвал бас ч эрүүл бодолтой нэгэн бололтой. Түүний ажиллаж байсан барилгын компани нь дампуурч, гахай хооллох ажил хийж байгаад сүүлдээ хогийн цэг дээр ажиллаж, тэндээ амьдрах болсон гэнэ. “Одоо бол өөр ажил хийх сонирхолгүй, хэдийгээр энд бохир заваан ч гэлээ өдрийнхөө хоолыг залгуулж дөнгөдөг юм. Би ч яахав, энд байгаа хүүхдүүдийн ирээдүй л бүрхэг байна даа. Хогийн цэг дээрх амьдрал өдөр бүр л өргөжөөд хүмүүс нэмэгдсээр байна”  гэснээ миний зургийг битгий дараарай гэсээр явж одлоо. Хэдийгээр өнөөдрийнхөө амьдралд дасч, өөрийгөө гаргуунд нь хаясан ч гэлээ энд хог түүх хүүхдүүдийн төлөө санаа зовж яваа түүний сэтгэл энэ хогон дундаас ялгарах нэгэн сайхан гэрэл байлаа.

Үнэхээр Улаан чулуутын хогийн цэг дээр өлгийтэй нялхаас өвгөд хөгшид хүртэл зүсэн зүйлийн түмэн хүмүүс бужигнаж байна. Навсархай оромжныхоо хажууд нялх хүүхдүүд тоглоомын талбайд наадаж байгаа мэт аз жаргалтай нь аргагүй хогон дуунд хөөцөлдөн гүйцгээнэ. Тэднээс арай ах болов уу гэмээр хүүхдүүд урд зүгээс ирж яваа машины өмнөөс тэнхээ мэдэн гүйлдэцгээнэ. Машин ч зогсч, ачаагаа өргөн хогоо асгахад томчуул, хүүхдүүд гэлтгүй хогонд дарагдахаас ч сийхгүй ойрхон зогсоно. Асгаж байгаа хогийг ийш, тийш нь цацан хэрэгтэй гэсэн зүйлсээ эрчимтэй хайж байгаа харагдана. Төд удалгүй тэдний хойно хоцорсон залуучууд, эмэгтэйчүүд, хөгшид нэмэгдлээ. Тэднийг ажиглаж хэсэг зогсоод зургийн аппаратаа гарган хэдэн зураг дартал хаа нэгтэйгээс хахир хоолойгоор “Хөөе наад зургаа дарахаа болиорой, хохь чинь шүү” хэмээн хашгирах нь цочоов. Сандарсандаа зургийн аппаратаа хурдан гэгч цүнхэндээ хийлээ. Ингээд хамгийн ойр байсан эрэгтэй эмэгтэй хоёр руу дөхөж очоод мэнд асуутал  намайг гайхсан, сонжсон харцаар хэсэг харж байснаа хариу мэнд мэдлээ. Шууд уурлаад хөөхгүй болохоор нь хажууд нь очиж цөөн хором ярилцлаа.

-Та хоёр хогийн цэгт ажиллаад хэр удаж байгаа вэ?

-2006 оноос  хойш дөрвөн жил ажиллаж байна. Урьд нь барилгын компаниудад өрлөгчин, шаварчин гээд барилгын ажил хийж байгаад гарсан юм. Харин манай эхнэр СХД-ийн 118 дугаар цэцэрлэгт асрагчаар ажилладаг байсан чинь орон тооны цомхотголд ороод ажилгүй болсон. Тэгээд л амьдрахын эрхэнд хоёулаа хог түүж хэдэн хүүхдээ тэжээж байна.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээ сургуульд сургаж байгаа юу?

-Бид хоёр таван хүүхэдтэй. Том нь 15 настай,  бага нь есөн сартай. Хоёр том хүүхдээ сургуулиас нь гаргахгүйг хичээж байна даа.  Уг нь ийм муухай газар байлгахгүй гэж боддог ч заримдаа хүүхдүүд маань энд ирж бид хоёрт тус нэмэр болдог юм.

-Энд ажиллахад муухай үнэрээс эхлээд эрүүл мэндэд хортой нь мэдээж. Яагаад өөр ажил хийдэггүй юм бэ?

-Ажлаасаа гараад ажил хайж үзсэн. Нас заачихаад мань мэтийг авах газар олдохгүй юм билээ. Ер нь тэгээд бие ч дийлэхгүй янзтай.

-Өдөрт хэдэн төгрөгийн орлого олж, мөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?

-Зарим өдөр 10 мянга хүргэнэ. Ихэвчлэн 5000-6000 төгрөг олдог. Олсон мөнгөө тэр өдрийнхөө хоолонд зарцуулаад л таардаг. Ер нь бол  энд байгаа хүмүүс бүгдээрээ л хоолоо л олж идэх гэж энд ирдэг.

-Цаашдаа эндээ ажиллаад байх уу эсвэл өөр ажилд орно гэж бодож байна уу?

-Энд ажиллах их хүнд. Ядаж нэг төсвийн байгууллагад ажиллах юмсан гэж боддог  л юм. Одоо үе чинь мөнгөгүй танилгүй бид нарт  ажил олно  гэдэг хэцүү л болсон байна шүү дээ гэснээр бидний яриа өндөрлөлөө.

Тэд ажлаасаа буух гэж байгаа бололтой цүнхэн доторхоо янзалж байгаа харагдав. Хүмүүсийн хэрэггүй гээд хаясан хогоор таван хүүхдийнхээ хошууг тосдож, хоолтой залгуулж байгаа энэ гэр бүлийн амьдрал олон зүйлийг өгүүлнэ.

Нэг хэсэг хүмүүсийн хог, хаячихсан зүйлс өөр бусад хүмүүсийн өдрийн хоолыг залгуулах зүйлс болон хувирдаг нь үнэнийг хэлэхэд хатуу боловч хүний ёсны жам ч юм уу даа. Их хотын хог Улаан чулуутад ирэхдээ олон “шат дамжлага”-аар шүүгдсээр яваад энд ирэхдээ ихээхэн “хорогдож”, үнэ ханш нь ч буурсаар ирдэг бололтой. Адгийн наад зах нь хог ачиж ирсэн тээврийн машины ачигч нар хүртэл өнгөтэй өөдтэйг аваад хоцордог нь гачлантай. Гэвч яая гэхэв. Шар нар, бор хоногийг өнгөрүүлж ядаж яваа тэдэнд тогоогоо тослох өмх юм олдож байгаа нь яамай даа. Амьдрах гэж аргаа барж яваа тэднийг буруутгахаас өмнө олон жилийн ул болсон хог тойрсон асуудлыг нэг мөр шийдэж дөнгөхгүй байгаа хотын дарга нарыг буруутгах учиртай. Нийгмийн олон асуудал үүнтэй холбогддог ч нэгэнт хог тойрсон энэ амьдралыг зөвхөн сугалж аваад шийдэх тал дээр анхаарах цаг болжээ.

Хог боловсруулах үйлд­вэрийн тухай мөн ч их ярьсан даа. Хэрэв үүнийг байгуулчихвал эдгээр хүмүүсийг ангилан ялгах цехэд нь ажиллуулахад л нэлээд асуудлыг шийдвэрлэнэ. Бүр цаашилбал хог худалдан авах тогтолцоог бий болговол эд нар хэнээс ч дутахгүй сайхан амьдарч чадах л хүмүүс шүү дээ. Мунхаг гэлээ ч муу амьдралыг хүсэх хүн бий бил үү.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж