Сураг ажиг: Шинэ Засгийн газрын бүтэц

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Сураг ажиг: Шинэ Засгийн газрын бүтэц

Сураг ажиг: Шинэ Засгийн газрын бүтэц

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр шинэ Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслөө УИХ-д өргөн барина. Тиймээс УИХ өнөөдөртөө шийдвэрлэж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдоно. Л.Оюун-Эрдэнэ багаа, хамтрагчдаа, танхимаа хэрхэн бүрдүүлэх, хэнтэй гар нийлж ажиллах вэ гэдэг улс төрийн анхаарлын төвд байгаа сэдэв.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлснээр шинэ Засгийн газар ажлаа эхлүүлэх юм.

У.ХҮРЭЛСҮХИЙН ТАНХИМААС ХЭН ХЭН ҮЛДЭХ ВЭ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн үр дүнд шинэ Засгийн газраа бүрдүүлэхдээ Үндсэн хуулийн дагуу сайд нарын дөрөв нь УИХ-ын гишүүн, бусдыг нь танхимын гаднаас бүрдүүлсэн. Тухайн үед түүний байгуулсан Засгийн газрыг мэргэжлийн, салбар бүрт мэргэжлийн хүмүүсийг нь томиллоо хэмээж байв. Мөн тэрбээр сая огцрох хүсэлтээ өгөхдөө одоогийн танхимын сайд нар маань сайн ажилласан, үргэлжлүүлэх боломжтой гэдгийг хэлж байв. Хуулийн хүрээнд ч ийм зохицуулалттай.

Засгийн газрын тухай хууль:

  • 21.8.Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно.

Шинэ Засгийн газарт буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хуучин буюу сая огцорсон Засгийн газраас хэд хэдэн сайд үлдэх сурагтай. Тодруулбал, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар үлдэж магадгүй гэнэ. Тэднийг салбартаа олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүс хэмээн үзэж байгаа бололтой.

ЗАСГИЙН ГАЗРААС ЯВАХ САЙД НАР ХЭН БЭ?

У.Хүрэлсүхийн Засгийн газраас түүнтэй хамт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Соёлын сайд С.Чулуун, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар явахаар болсон гэнэ. Харин тэдний оронд танхимын гаднаас шинэ сайд нарыг томилох гэнэ. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тус яамны дэд сайд Г.Ганбаяр томилогдож магадгүй гэсэн мэдээлэл байгаа бол Гадаад харилцааны сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхжин томилогдож магадгүй гэнэ. Соёлын сайдад горилогчид олон байгаа ч эцсийн шийдвэрийг шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргах юм байна.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ц.Ариунзаяаг өөрчлөх, эсвэл түүний оронд өөр хүн томилох асуудал тодорхойгүй байгаа аж.

ДАВХАР ДЭЭЛТЭЙ 4 САЙДЫН ХОЁР НЬ ЯВАХ УУ?

У.Хүрэлсүхийн Засгийн газарт давхар дээлтэй дөрвөн сайд байсан. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нар давхар дээлтэй ажиллаж байсан. Эдгээр дөрвөн сайдын хоёрыг нь сольж магадгүй гэнэ. Хөшигний ард яригдаж байгаагаар ЗГХЭГ-ын даргаар С.Амарсайханы нэр яригдаж байгаа бол Хууль зүйн сайд Х.Нямбаатар үлдэж магадгүй гэнэ. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд хоёрын оронд УИХ-ын өөр гишүүд сонгогдож магадгүй гэнэ. Хэрэв шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг үлдээх эсэх нь тодорхойгүй байгаа ч хэрэв түүнийг солихоор бол УИХ-ын гишүүн Б.Жавхланг Сангийн сайдаар томилох гэнэ. Харин Байгаль, орчин аялал жуулчлалын сайдаар УИХ-ын эмэгтэй гишүүд М.Оюунчимэгийг “зүтгүүлж” байгаа гэх мэдээлэл байна. УИХ дахь эмэгтэй гишүүд сайд нарын томилгоонд эмэгтэйчүүдийн квотыг хангах ёстой хэмээн албан бичиг ч хүргүүлээд байгаа юм.

Мөн эрх баригч намын удирдлагын түвшинд дараагийн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Соёлын сайд нарын томилгоон дээр эцэслэн тохиролцоогүй гэх мэдээлэл байна. Мэдээж сайдын суудалд горилогчид олон байгаа ч шинэ Ерөнхий сайд хэнтэй хамтрахыг хүсэхээс бүх зүйл шалтгаалах юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж