Байр суурь: Буддын шашинд нөхөн олговор олгох зөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.01.27-нд нийтлэгдсэн

Байр суурь: Буддын шашинд нөхөн олговор олгох зөв үү?

Байр суурь: Буддын шашинд нөхөн олговор олгох зөв үү?

Монгол Улсын иргэд олон шашинтай, олон соёл холилдсон шашин шүтдэг. Гэхдээ нийгэмд олон төрлийн шашны урсгал дагасан олон ургальч байдлаас шалтгаалан монголчууд шашнаараа хагаралдаж, бутрах болсон гэхэд буруудахгүй. Өөрийнхөө шашнаас бусад шашныг дор гэж үзсэнээс болж хэт туйлшрах, өөр шашинтай хүнийг үл хүлцэх чиг хандлага нийгэмд, ялангуяа интернэт орчинд ажиглагдах болжээ.

Тухайлбал, УИХ-ын нэр бүхий  54 гишүүний санаачлан боловсруулсан Бурхны шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох хуулийн төслийг цахим орчинд бараг “дайн” болж байгаа мэтээр хүлээж авсан нь нууц биш.

Уг хуулийн төслийн танилцуулгад “1920 оноос эхлэлтэй улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монголын соёл, оюуны өв болсон бурхны шашин, соёл хамгийн ихээр хохирч, бүхэл тогтолцоогоороо сүйтгэгдсэн. Монгол дахь бурхны шашин, соёлыг устгаснаар манай үндэсний оюун санааны өв тээгчдийг шийтгэж, соёлын биет болон биет бус өвийг үгүй хийж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан. Иймд 1930-1940 онд Монголд устаж үгүй болсон бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэх зорилгоор нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсруулсан” гэжээ. Мөн “Нөхөн олговрыг улсын төсвөөс олгох бөгөөд УИХ жил бүр улсын төсөвт тусгаж батална. Нөхөн олговрын хэмжээ нь улсын төсвийн 0.1 хувьтай тэнцүү байна” хэмээн заасан байна.

Улмаар Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед төсөвт нэмэлт зардал гаргах  боломжгүй гэх үндэслэлээр хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсан юм. Дээрх хуулийн төсөл нь Засгийн газар огцрохоос өмнө олны анхаарлыг татсан сэдвүүдийн нэг байв. Ингээд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг дэмжиж байгаа эсэх талаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

ШАШИН ШҮТЛЭГЭЭРЭЭ ХАГАРЧ, ТАЛЦАХ НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш, докторант С.ДЭМБЭРЭЛ: 

-Улс оронд зонхилох шашныг тодорхойлохдоо шашин судлаачид олон шалгуур үзүүлэлтийг харгалзан үздэг. Тухайн улс орны хүн амын дийлэнх хувь нь шүтэхээс гадна тэр орны түүх, соёл уламжлал, ёс заншил, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй шалгуур үзүүлэлтээр нь зонхилох шашин гэж тодорхойлдог. Монголд буддын шашин зонхилох шашны үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар  янз бүрийн урсгалын 800 орчим шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр шашны байгууллагын зарим нь гадаадын улс оронд хуулиар хориглогдсон, гаж буруу урсгалын жагсаалтад орсон шашны урсгалд багтдаг. Төрөөс улс орны нийгэм, соёл, хүний итгэл үнэмшил, оюун санааны амьдралд чухал нөлөө үзүүлдэг шашны талаар цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг болжээ. Сүүлийн 30 гаруй жил төрөөс шашны талаар баримтлах бодлого саармаг, ойлгомжгүй байдлаар хэрэгжиж байгаа нь нийгэмд тулгамдсан олон асуудлыг үүсгээд байна. Тиймээс төр, шашны харилцааны хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, Монголын өнөөгийн нийгэмд сөрөг нөлөө үзүүлж буй шашны урсгалуудыг зохицуулах шаардлагатай. 

Гадаадын улс орнуудаас шашны үндэслэгч нь сүмийн гишүүдээ хүчирхийлсэн, татвараас зайлсхийсэн, итгэгчдийн хандивыг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогдож байсан, хуулиар хориглогдсон шашны урсгалууд Монголд ямар ч цензургүй орж ирдэг. 

Зарим шашны буруу номлолоос үүдэн гэр бүл салж сарних, найз нөхдийн хооронд хагарал үүсэх, Монголын түүх, соёл, ёс заншил, уламжлалт баяр ёслолыг хоцрогдсон бүдүүлэг хэмээн гутаан доромжилж, буруугаар тайлбарлах, шашин хоорондын үл ойлголцол, зөрчлийг өдөөж байгаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх болсон. Тиймээс шашны байгууллагыг бүртгэдэг Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд шашин судлаач мэргэжилтэн зайлшгүй ажиллах хэрэгтэй байна. Монгол Улс импортоор орж ирдэг хүнсний бараа, бүтээгдэхүүнд хяналт тавьдаг шигээ шашны элдэв гаж урсгалыг хязгаарлах, зохицуулах цаг нь болсон. Шашны гаж урсгалууд хүмүүсийн итгэл үнэмшлээр тоглож байна гэхэд буруудахгүй. 

Хүн шашин шүтэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй боловч хэрээс хэтэрвэл хүмүүс хоорондоо итгэл үнэмшлээрээ хагарч, талцах асуудал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүргэж болзошгүй. Шашны байгууллагууд бусад хуулийн этгээдийн нэгэн адил Монгол Улсын хуулийг дагаж биелүүлэх, үүрэг хүлээх ёстой. Дэлхийн улс орнуудыг харахад төр, шашны харилцааг Үндсэн хууль, түүнээс урган гарсан бусад хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, гэрээгээр зохицуулдаг жишиг байна. Улс орнуудын төр засаг өөрсдийн түүх соёл, уламжлал, ёс заншилтай холбоотой шашныг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, ОХУ гэхэд үнэн алдартны шашныг, АНУ христийн шашин, Ойрхи Дорнодын улс орнууд исламын шашныг, Тайланд зэрэг зүүн өмнөд Азийн улс орнууд буддын шашныг дэмждэг.

Монголчуудыг нэгдмэл байлгахын тулд төрөөс Монголын түүх соёл, ёс заншил, ёс суртахуун, уламжлалтай ойр шашныг дэмжих, нийгэмд гүйцэтгэх үүргийг удирдан чиглүүлэх шаардлага тулгараад байгаа нь нууц биш.  

Тиймээс бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох  хуулийн төслийн гол зорилго нь буддын шашны нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх, бурхны шашны сүм, хийдийн үйл ажиллагааг дэмжих, гүн ухааны уламжлалт сургалтыг сэргээх, хүүхэд залуучуудад бурхны шашны хүмүүнлэг, энэрэнгүй сургаалыг ойлгуулахад чухал ач холбогдолтой гэж бодож байна. Монголд зонхилох шашин нь буддын шашин учраас тус шашны нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлж, ялангуяа өөрсдийгөө буддистууд гэж тодорхойлдог сүсэгтэн олны нийгэмд хандсан хүмүүнлэг, сайн санааны үйл ажиллагааг дэмжихэд чиглэх болов уу хэмээн судлаач хүний хувьд бодож байна. 

ШАШНЫГ БИ ЁС СУРТАХУУН ГЭЖ ТАЙЛБАРЛАДАГ

Түүхийн ухааны доктор Х.МӨНХБАЯР:

-Энэ бол зөвхөн лам нар, сүм хийдийн тухай яриа биш. Энэ бол монголчуудын тухай яриа юм. Нөхөн олговор олгоно гэхээр сүм хийдэд дэмий, улс мөнгөгүй байж яах гэж байгаа юм бэ гээд л ярьж байна. Нарийндаа тэнд хийх гэж байгаа энэ хөрөнгө оруулалт эргээд монголчууд бидэнд хэрэгтэй. Бид үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй болжээ. Түүнийг сэргээх, Монгол Улс цаашаа хөгжихөд нэг тулгуур бий болгох зорилготой агуулга харагдаад байгаа юм. 1921 оны долдугаар сард эхэлсэн урт хугацааны хэлмэгдүүлэлтэд одоогийн дүнгээр нийт 31 мянган хүн хэлмэгдсэн нь тогтоогдоод, албан ёсны баримтаар цагаатгагдсан. Үүний 19 мянга орчим нь лам байгаа юм. Нийт хэлмэгдсэн лам нарын 80 хувьд буудан алж, хөрөнгийг нь хураах ял өгсөн. Өөрөөр хэлбэл давхар ял явсан.

Хэлмэгдүүлэлтийн гол хохирогчид лам нар байсан. Тэд олон тоогоор байсан болохоор лам нар руу чиглүүлсэн үү гэвэл үгүй. Энэ бол монголчуудын олон зуун жилийн оюун санаа, үнэт өвийг тээж явсан бүлэг. Эд нарыг байхгүй болгож байж шинэ оюун санаа марксист үзлийг суулгасан. Энэ хүмүүс, сүм хийдийг устгаснаар хохирол болоод байгаа юм биш. Тэдний оюун санаа, үеэс үед уламжилж ирсэн үндэсний сэтгэлгээг байхгүй болсон. Энэ бол эд материал болон үнэлэх аргагүй оюуны өвийнхөө хувьд ч үнэт зүйл. Өнөөдөр бидэнд гаднаас жуулчин ирэхэд үзүүлж харуулах зүйл байдаггүй. Хагас дутуу үлдсэн Гандан, Эрдэнэзуу гээд хэдхэн зүйл л байна. 700 оюуны охь болж байсан бүхэн зүгээр оршоод, сайхан харагдаад байсан биш, түүгээр дамжуулж монголчуудыг гэгээрүүлж нэгтгэж зангидаж байсан. Сүм хийдэд байсан соёлын өв байхгүй болсон. Энэ бүгд үндэсний үнэт зүйл. Шашныг би ёс суртахуун гэж тайлбарладаг.

ЗАСГИЙН ГАЗРААС ӨНГӨРСӨН ТҮҮХЭЭ ЗАСЧ БУЙ ТОМ ХЭЛБЭР ЮМ

Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.ЧОЙЖАМЦ:

-Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг боловсруулахад оролцсон хүний нэг нь би. Бид 1990 оноос хойш Засгийн газар, төрийг харж, ширтэж байгаа. Учир нь их хэлмэгдүүлэлтээс үүдэлтэй хор уршгийг шинэ нийгэмд нөхөн олговор олгохгүйгээр даван туулж, цэгцрэхэд бэрх. Жишээлбэл, хуучин социалист нийгэмтэй байсан Польш, Унгар, Герман тэргүүтэй улс шашны байгууллагаасаа уучлалт гуйж, нөхөн олговор олгож, сүм дуган, шашны хэрэглэгдэхүүнийг нь буцаан өгсөн байдаг. Тэр их хэлмэгдүүлэлтийн үед хохирч үлдсэн шашин нийгэмд үйл ажиллагаа явуулахад бэрх байсан. Дэлхийн ухаалаг орнууд нөхөн олговор олгож эхэлснээр орчин үеийн сүм дуган байгуулж, лам, пастерууд ажиллах боломжтой болсон. Азийн олон оронд энэ нөхөн олговрыг олгосноор маш үр дүнтэй байгаа.

Бидний энэ шашин бол өнгөрсөн үеийн 300 жил, цаад тал нь 2000 жилийн түүхтэй. Энэ түүхийг коммунизм л Монголын түүхээс арчин хаях гэж оролдсон. Дэлхийн ямар ч орон ард түмнийхээ олон зуун жил шүтэж ирсэн шашныг түүхээсээ хасах гэж оролдоогүй.

Төр төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд шарын шашин гэж онцгойлон бичсэн байгаа. Бусад шашин Монголд хэлмэгдэж байгаагүй. Энд хэлмэгдлийн тухай ярьж байгаа. Засгийн газраас өнгөрсөн түүхээ засч буй том хэлбэр юм. Энэ бол хамгийн зөв зүйтэй бодлого гэж бодож байна. Хувилгаан хутагтыг баян айлын хүүхдүүдээс тодруулдаггүй. Номын ёсоор л тодруулдаг. Шашинд тийм баян тарган амьдрал байхгүй. Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд дээр 21 аймгийн төвийн хамба лам нар, уламжлалт хийдийн 30-40 хамба, нийслэлийн есөн дүүргийн ахлах хамба лам нарын бүрэлдэхүүнтэй Хамба лам нарын зөвлөл гэж бий. Энэ зөвлөлөөс тухайн хуулийн дагуух хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьж ажиллана. Гандантэгчэнлин хийд долоо, найман төрлийн татвараа төлж, жилдээ нэг удаа аудит хийлгэж, улсдаа тайлангаа өргөдөг.  Олон нийтэд ч санхүүгийн тайлангаа ид тод мэдээлж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
327
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж