Герман улсад болсон жазз хөгжимчдийн олон улсын уралдаанд авьяаслаг монгол бүсгүйн ахалсан хамтлаг тэргүүн байр эзэлжээ. Түүнийг Эрдэнэбаатарын Шүтээн гэдэг. Одоо 22 настай. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжилтэй. Тэрбээр "Элбэрэл","Гэргий" зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г. Эрдэнэбаатарын охин юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Герман улсад болсон жааз хөгжимчдийн олон улсын уралдаанд төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.Шүтээний ахалсан хамтлаг тэргүүлсэн сайхан мэдээг сонслоо. Танд болон хамтлагийн уран бүтээлчдэд баяр хүргэе. Хоёр дахь магистраа хамгаалах гэж байгаа гэсэн үү?
-Би өнгөрсөн 2020 оны есдүгээр сард Герман улсын Мюнхен хотын Хөгжим, тайзны урлагийн их сургуульд жазз төгөлдөр хуурч мэргэжлээр Германы эрдмийн солилцооны албаны бүрэн тэтгэлэгтэйгээр магистрын зэргээ амжилттай суралцаж хамгаалсан. Одоо жазз хөгжмийн зохиолч мэргэжлээр хоёр дахь магистраа удахгүй хамгаалах гэж байна. Өнгөрсөн намраас эхлээд их сургуулиас олгодог хамгийн өндөр зэрэг буюу ахисан түвшний жазз төгөлдөр хуурын мастер класст, бас Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэгтэйгээр давхар сурч байна. Энэ зун төгсөлтийн тоглолтоо хийнэ.
-Олон улсын уралдааны үеэр монгол дээлээ өмссөн нь үнэхээр сайхан харагдаж байсан?
-Баярлалаа. Би хүндэтгэлийн арга хэмжээнд үндэснийхээ дээл хувцсаар гоёх дуртай.
-Олон улсын жазз хөгжимчдийн уралдаанд анх удаа оролцсон уу?
-Би жазз хөгжмөөр суралцаад удаагүй байгаа учраас энэ миний хувьд анхны уралдаан байлаа. Манай их сургуульд жазз хөгжмөөр суралцдаг олон улсын оюутнуудын дунд хоёр жилдээ нэг удаа зохион байгуулдаг тэмцээн байгаа юм.
-Жазз хөгжим юугаараа өөрийг чинь татав аа?
-Хөгжимчин хүний хувьд хөгжмийн болон сэтгэлгээний эрх чөлөө өөрийн эрхгүй татсан. Хөгжмийн зохиолчийнхоо зүгээс хөгжмийн хэмнэл, гармони, жазз хөгжимд түгээмэл хэрэглэдэг хөгжмийн зэмсгүүдийн дуугаралт, тэдгээрийг хэрхэн бүтээлд ашиглаж болох сонголт нь маш сайхан санагдсан.
-Яагаад жазз хөгжмийг сэтгэхүйн хөгжим гэдэг юм бол?
-Хөгжимчин хүн өөрийн ур чадвар, туршлага, мэдлэгээс гадна аливаа бүтээлийг тоглох бүртээ шинээр урладаг. Тийм учраас сэтгэлгээний хөгжим гэж нэрлэдэг байх. Нэг жазз хөгжмийн бүтээл л гэхэд тоглогдох бүртээ хоорондоо тэс өөр, дахин давтагдашгүй байдаг.
–Урлагийн хүрээнийхэн аавыг тань дуурийн найруулагч Г.Эрдэнэбаатар гэдгийг мэднэ. Урлагийн замыг сонгоход аав нь их нөлөөлсөн байх?
-Одоо бодоход ухаан орсон цагаас минь хойш миний эргэн тойронд хөгжим байдаг байсан юм шиг санагддаг. Сургуульд орохоосоо ч өмнө амралтын өдрүүдээр дандаа дуурийн театрын тоглолтууд үзнэ. Дуурийн бэлтгэл дээр ч аавыгаа хүлээгээд, хажууд нь сууж байдаг байсан. Хөгжмийн боловсролын эх суурь маань гэр бүлтэй минь шууд холбоотой.
-Хөгжим бүжгийн коллежид суралцаж, хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж дуулсан. Сургуульдаа ямар амжилт үзүүлж байв?
-Би Монгол Улсын консерваторид Маргарита Николаевна Григорьева багшийн ангид төгөлдөр хуурч мэргэжлээр зургаан настайдаа элсч орсон. Багшийгаа өөд болсны дараа Г.Ганчимэг багшийн ангид суралцаж төгссөн. Сурч байх үедээ мэргэжлээрээ тийм ч олон тэмцээн, уралдаанд орж байгаагүй юм байна. Төгсөх жилдээ этюдны конкурст хоёрдугаар байранд, Б.Сметанагийн нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байранд орж байснаас гадна 2014 онд Залуу хөгжмийн зохиолчдын анхдугаар уралдаанд байр эзэлсэн маань хөгжмийн зохиолч мэргэжлээр цааш суралцах замын маань эхлэл болж байсан.
Мэргэжлээсээ гадна аравдугаар ангидаа Япон улсын Минами Аважи хотод зохион байгуулсан олон улсын хүүхдийн кино фестивальд найруулагч, зураглаачаар оролцсон богино хэмжээний бүтээл маань шилдгээр шалгарч, Японд шагнал гардуулах үйл ажиллагаанд нь уригдаж байсан. Мөн дараа жил нь ангидаа "Зориг сан" болон Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулдаг Америк-Монголын соёлын солилцооны хөтөлбөрт сургуулиасаа шалгарч, Колорадо болон Аризона мужид монгол хөөмийн талаар богино хэмжээний илтгэл тавьж байсан.
Үүнээс гадна хэд хэдэн шүлэг, эссэний тэмцээнүүдээс шилдэг байрын шагналууд хүртэж байсан юм байна. Тэгэхээр ерөнхийдөө сурагч үедээ зөвхөн мэргэжил гэлтгүй тархиа аль болох зай чөлөөтэй байлгаж, бусад урлагийн салбаруудад ч өөрийгөө сорих, сонирхолоо хөгжүүлэхийг хүсдэг байсан юм.
–Монголчуудын хувьд жазз хөгжим гэдэг тийм ч өргөн сонсдог хөгжим биш. Таны хувьд жазз хөгжим, монгол хөгжим юугаараа ялгаатай, юугаараа төстэй вэ?
-Жазз хөгжим өөрөө үүссэн цагаасаа хойш 100 гаруй жил болж байна. Монголд жазз хөгжмийг нийтээрээ сонсдоггүй нь ч аргагүй байх. Улс орны хөгжим бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг учраас харьцуулж ерөөсөө болохгүй.
-Сургуулиа хэзээ төгсөх вэ. Эх орондоо ирж, мэргэжлээрээ ажиллах уу?
-Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас болоод ирэх оны өвөл төгсөхөөр болж байх шиг байна. Одоохондоо аливаа зүйлийг төлөвлөхөд хэцүү байгаа учраас яг баттай гаргасан шийдвэр байхгүй.
Одоогоор эхний ээлжинд өөрийн хамтлагтайгаа, зохиосон бүтээлүүдээрээ энэ ондоо, эсвэл ирэх онд цомог гаргах төлөвлөгөөтэй байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ