У.Хүрэлсүх: Огцорно VS Х.Баттулга: Огцруулахгүй | News.MN

У.Хүрэлсүх: Огцорно VS Х.Баттулга: Огцруулахгүй

VS

У.Хүрэлсүх: Огцорно VS Х.Баттулга: Огцруулахгүй

"Өргөө" амаржих газарт дөнгөж амаржсан нялх биетэй ээжийг хүүхдийн хамт ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ халат, гэрийн шаахайтай нь хүйтэн машинд суулган авч явсанд иргэд бухимдаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж, УОК-ыг огцрохыг шаардсан. Улмаар иргэдийн шаардлагыг хүлээн авч, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаснаар иргэдийн эсэргүүцэл, цуглаан намжив.

Маргааш нь буюу нэгдүгээр сарын 21-ний өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрохоо мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийнхээ талаар тэрбээр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ "…Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймэн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид олон нийтийг хамарсан үймээн самуун үүсч, монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна" хэмээн онцолсон билээ.

Тус мэдэгдлийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы индрээс "Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна" гэж хариу тайлбар өгсөн.

Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх:

Манай улсын иргэд ээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон. Ийм хариуцлагагүй байдал гаргасан нөхдийн өмнөөс тэр эмэгтэйн ар гэр, иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна.

Би Монголын төрийг шударга, ард иргэдэд ээлтэй, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ итгэлийг даасан, эрх бүхий хүний ёсоор хариулахын тулд хичээж ирсэн. Дэлхий, улсын түүхэнд нийтийг цочроосон цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал цөөхөн тохиосон. Энэ цар тахлыг даван туулахын тулд бид бүхий л хүчээ дайчилж, цаг тухайд нь арга хэмжээ авч, өнөөдөр Covid-19-өөр нэг ч хүн нас бараагүй байна. Цар тахлаас үүдэж бид тэг зогсолт хийж, цаг алдалгүй арга хэмжээ авсан ч алдаа оноо гарсан. Гэхдээ миний хувьд цар тахлын төлөө тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цаг наргүй цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас хариуцлага алдаж, зарим хариуцлагагүй хүмүүсээс болж нэгэн эмэгтэйд хүнлэг бус хандсан. Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн, дайны галд хамт олонтойгоо орж, бөхдөг. Тиймээс би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Саяны болсон үйл явдлын талаар иргэд, залуучууд талбай дээр цуглаж, хариуцлагагүй байгаагаа илэрхийлж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна.

Ёс зүйтэй төр, Ерөнхий сайд байх ёстой, алдаа гаргасан бол түүнийгээ үүрч чаддаг, хариуцлагыг хамтаараа үүрдэг гэсэн зарчмын дагуу хариуцлага үүрч, Ерөнхий сайд гэсэн эрхэм албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Ард түмний жагсаал цуглааныг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаа явагдсан. Миний итгэж, найдаж, хамтарч явсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар илэрхийлсэн жагсаалыг улстөржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байгаа. Цаашид гудамж, талбайн жагсаалыг зохион байгуулалттай хийж, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгож, ард түмнийг өдөөн турхирахыг үгүйсгэхгүй гэж бодож байна. Би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн институт хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий, үүнээс болж олон нийтийг хамарсан үймээн самуун үүсч, монгол хүний амь нас хохирох вий гэхээс урьдчилсан сэргийлж байна. Бид долдугаар сарын 1-нийг мартаагүй, дахин ийм зүйл гаргахгүй байх ёстой. Тиймээс миний шийдвэр ч бас үүнтэй холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ард түмний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ч үүнийг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуульд зориулсан улс төрийн оноо авах гэсэн, ард түмний сэтгэл санааг үймүүлсэн ийм мэдээ, мэдээллүүдийг өөрийн харьяа хэвлэлээр дамжуулж явуулж байгаа.

Цаашид Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах хүн ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай гэж хүсч байна. Дээрээс нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаа.

Тиймээс улс орныхоо тогтвортой байдал, амгалан тайван байдлыг бодож цар тахлын хүнд цагт төр засгийг хэвийн үйл ажиллагаа явуулахын эсрэг асуудал үүсэх вий гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж надад алга боллоо. Би ард түмнээ боддог. Маргааш шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой. Улс төрийн үймээн самуунаас болж улс орон эмх замбаараагүй байдалд хүрэхийг би хүсэхгүй байна. Цар тахлын ийм хүнд цагт улс төр хийхгүй, хурдан давж туулах ёстой.

Цаашид аюулт цар тахлаас ард түмнээ аврах ёстой. Цагаан сарын дараагаас эхлэн вакцин оруулж ирнэ, эхний ээлжинд Энэтхэг улсын Засгийн газар өгөхөө мэдэгдсэн. Олон Улсын байгууллага, ДЭМБ гээд олон байгууллага вакцинаар туслана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн Засгийн газрыг хурдан эмхлэн байгуулж, ажилдаа орох ёстой. Би улс төрөөс явахгүй. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. АТГ нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй. Тиймээс ард түмэн хариуцлага тооцож ажиллана гэж итгэж байна. Надад таван жил итгэл хүлээлгэж, хариуцлагатай албанд ажиллуулсан ард түмэндээ баярлалаа. Надад дэмжлэг үзүүлсэн нийт ард түмэн, УИХ-даа чин сэтгэлээсээ талархлаа.

Монгол Улсын төлөө зүтгэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж тааварлахын аргагүй, учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов, үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг, үйлдлийг яагаад гаргах болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна.

Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг, үйлдэл гарна чинээ санасангүй.

Нэг зүйл тодорхой байна. Тусгаар Монгол Улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлбэл Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна.

Өнөөдөр Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан.

Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа.

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индрээс мэдэгдье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Би 2021-01-27 51.37.216.3

Аль аль нь асуудалтай. Улсын засагт нөлөөлдөг яасан айхтар явдал вэ тэр шинэ эхийн асуудал? Зүгээр л тэр явлыг далимдуулцгааж байна. Яасан их завтай улс төрчид вэ. Ямар их завтай ард түмэн бэ. Дэлхий нийтээр аюулт өвчнөөс болоод баярын жагсаал цуглаанаа цуцалж байгаа. Гэтэл Монгол улс эсрэгээрээ жагсаал цуглаан, улс төр хийгээд. Өвчин гаарвал энэ манатай болно шүү.

Avatar

Булган 2021-01-27 203.91.115.52

Хүрэл сүх ёрөнхийлөгчийг гүтгэсэн буургүи шуналтай бодлогогүй хүн бна ард иргэдийг тэнэг гэж бодоо юу хүний олон хүнээ барьж идэхгүй шүү ганц дайчин ганцаардахгүи монголын ард түмэн ёрөнхийлөгчийг хамгаална хүрэлсүх ерөнхийлөгч болно гэж битгий горьд чиний нэр хүнд унасан

Avatar

ХУУЛЬЧ 2021-01-27 192.82.64.190

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛААС ЗУГТААСАНГҮЙ ,,,,,ХАРИН ОЮУ-ТОЛГОЙ БАС БУС АВИЛГАД ХАМААРАЛГҮЙ,ШИНЭ ҮЕИЙН ХҮНЭЭР МӨНХИЙН ХЭРҮҮЛИЙГ ЗОГСООЖ ШУДАРГА БАЙДЛЫГ ТОГТООХ ГЭСЭН ХЭРЭГ,,,,,,,

Avatar

иргзн 2021-01-27 202.179.26.88

Сүүлийн үед манай Армийн Генерал , Хурандаа нар Найдваргүй хэрэгцээтэй цаг үед Улс орон Ард иргэд ээ хаяж Урваж шарваж зугтаадаг болсон, Хүрэлсүхэд одоо Найдаж хэрэггүй, Иргэд олон түмнийг Итгэлийг хөсөрдүүлсэн Хурандаа , одоо түүнд ахиж Итгэл үзүүлж болохгүй, Бид Хүрэлсүхэд хангалттай Итгэл үзүүлсэн тэр эргээд харин Түмэн олон луугаа Нулимсан,

Avatar

Зочин 2021-01-27 202.126.89.148

Энэ 2021 он маань 2 хоосон толгой ,хийрхэгч, хорчин,гацаагчид хамтдаа зайлсан сайхан жил гаржийн.

Avatar

Зочин 2021-01-27 64.119.21.117

ЗУГТААДАГ ОФИЦЕР БАЙДАГГҮЙ (ОФИЦЕР)

Avatar

Зочин 2021-01-27 203.91.115.50

Жагсаал зохион байгуулаад (төрсөн эмэгтэй, Ийгл ТВ-н зураглаач , хүүхдийг цэрвүүхэн тэвэрсэн эмч , халаадтай АН-н жагсагч ,50-н мянгын жагсагч нар…халуун аарц ,АН-н гишүүд бүгд мөнгөний төлөө байсаныг бид харсан) , худлаа хоосон мөнгө амлаад ард олныг ТӨР лүү турхирна. Ерөнхийлөгч нэг л бишээ!!!

Avatar

Зочин 2021-01-27 203.91.115.55

ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ Л ХҮН БАЙ

Avatar

Зочин 2021-01-27 66.181.188.96

Ерөнхий сайдаа юунаас айгаад байнаа. Зоигтой бай. Аймхай байвал улс төрөөс нэг мөсөн холдох хэрэгтэй. Одоогийн ерөнхийлөгч шиг зоригтой бай. Ерөнхийлөгч зөв зам дээрээ байгаа юм байна. Баярлалаа

Avatar

Зочин 2021-01-27 103.212.118.56

Сөрөг хүчин, халдвар тархсан хүнд байдлыг хортойгоор ашигланТэгээд, Засгийн газрыг анх байгуулагдсан үеэс нь эхлэн байнга дайрч давшлан, гүжирдэж гүтгэн,самуун дэгдээж,айлгаж сүрдүүлж хатгаж чичилсээр ЗГ-ыг унагаж,ерөнхий сайдыг огцруулав.Дараа нь Хүрэлсүхийг халдварын хүнд үед итгэл эвдэн хариуцлагаас зугтанхувиа хичээгч амиа бодогч бэртэгчин болгож гүжирдэв.Гэвч энэ нь түүний нэр төрийг хугалж,Ерөнхийлэгчийн сонгуульд нэр дэвших боломжийг хаасан АН-ын алсын хараатай бодлого болох нь ил боллоо

Avatar

Зочин 2021-01-27 150.129.140.181

Ерөнхий сайд аа! Ард түмэн чинь ухаантай шүү!
Болохгүй болоод л ухамсартайгаар талбайд очиж үзэл бодлоо илэрхийлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж