Зам-Үүдийн гаалийнхныг үйлдэл дээр нь баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Зам-Үүдийн гаалийнхныг үйлдэл дээр нь баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулжээ.

Тодруулбал, Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтод тус газрын байцаагчид одоо хүртэл ажиллаж байгааг АТГ-аас мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр АТГ, Мөрдөн байцаах газрын байцаагчид гаалийн байцаагчдын ажлын байр, боомт дахь гэрийг үүрийн 05.00 цаг хүртэл нэгжжээ. Харин энэ талаар Гааль, татварын ерөнхий газраас тодруулахад бидэнд гаалийн байцаагчдыг шалгаж байна гэсэн мэдээлэл ирээгүй. Хуулиараа шалгалт хийж буй мэргэжлийн байгууллагууд хийсэн шалгалтынхаа талаар мэдээлэх байх гэсэн хариултыг өглөө. Өөр нэг эх сурвалж Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтод саяхан нэг томилгоо хийгдэж өмнө нь ажиллаж байгаад “Алтанбулаг” боомт руу шилжсэн байцаагч тушаал дэвшиж ахлах байцаагч болон буцаж ирсэн. Энэ мэтээр өмнө нь ажиллаж байсан “архаг” байцаагчид буцаад ирэхээр иргэд дургүйцэж хуулийн байгууллагуудад гомдол гаргасан байж болзошгүй. Мөн Гааль, Татварын байгууллага нэгдсэнээр өмнө нь боомтоор нэвтрэх гэж буй иргэдээс авдаг тасалбарын мөнгийг бэлнээр авдаг байсныг болиулсан. Үүнээс болоод тус боомтоор нэвтрэх иргэдийн урсгал бага зэрэг удааширч, дараалал үүссэн тухай ч мэдээллээ.  

Гаалийн найман байцаагчийг АТГ шалгаж байлаа

Үйл явдлыг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 12 дугаар сард хуучин Гаалийн ерөнхий газрын дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт холбон шалгаж байсан юм. Тодруулбал ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн ч удаатай. Замын-Үүд дэх гаалийн газрын тухайд гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн  шалгаж эхэлсэн тухай ч тухайн үеийн ГЕГ-ын дарга О.Ганбат бидэнд мэдээлж байсан юм. Товчхондоо ГЕГ-ын нийт  найман албан тушаалтныг хуулийнхан шалгаж байлаа.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж