“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд Covid-19-ийн халдвартай хүн үйлчлүүлсэн байж болзошгүй учраас худалдааны төвийг түр хаасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тус худалдааны төвөөр өчигдөр халдвартай иргэн үйлчлүүлсэн байж болзошгүй гэж үзэж, бүх худалдагчид, ажилчдаасаа шинжилгээ авч, өнөөдөр халдваргүйжүүлэлт хийж байгаа гэв.
Энэ талаар худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлээс тодруулахад “Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 23-наас бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлэх захирамж гаргасан. Уг захирамжийн дагуу өнөөдөр хуваарийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг худалдааны төв дээр хийхээр үйл ажиллагаагаа эрт хаасан. Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө 530 орчим түрээслэгчээ PCR шинжилгээнд хамруулж, бүгд сөрөг гарсан. Маргаашаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана” гэв.
Үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай шаардлагыг мөрдөнө. Иргэд халдвар, хамгааллын дэглэмээ сахиж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэл ашиглан үйлчлүүлэх шаардлагатай.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд холбогдох хяналтын байгууллагууд тогтмол шалгалтын ажиллагаа явуулах бөгөөд шаардлага хангахгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байгаа юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ