Улаанбаатар хүхрийн хөндий болов

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хүхрийн хөндий болов

Улаанбаатар хүхрийн хөндий болов

Улаанбаатар хотод уржигдар шөнө цас орсоноор агаар цэвэршиж, нийслэлчүүд цонхоо онгойлгох боломжтой болсон ч өнөөдрөөс өмхий үнэртэж эхлэв.

Түлшнийх нь үнэр үү, Төв цэвэрлэх байгууламжийнх нь үнэр үү учир нь олдохгүй удаж байна.

Гэхдээ Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээлэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар бол Улаанбаатар хот дахь агаарын чанар маш муу дүнтэй гарах болсон. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл  “Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн агууламж 2018 онд 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт  211 микрограмм болж ихэссэн. Мэргэжлийн хяналтын газар нь Тавантолгой түлш компанийн шахмал түлшинд лабораторийн шинжилгээ хийхэд хүхрийн хэмжээ стандартад заасны дагуу нэг буюу түүнээс бага ч Багануур, Налайхын нүүрсэнд агуулагдах хүхрийн агууламжаас бараг хоёр дахин их үзүүлэлттэй гарсан. Хүхрийн давхар ислийн хэмжээ шаталтын шатанд ихэсдэг. Тийм учраас "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшин дэх хүхрийн агууламж бусад улс орны сайжруулсан түлшний стандартын хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг судлахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж эхэлсэн. Одоогоор БНХАУ-ын шахмал түлшний стандарт  ирсэн, харьцуулж үзэхэд "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлшний хүхрийн агууламжтай ижил түвшинд байгаа. Бусад орны түлшний стандарт ирээгүй байна” гэж тодотгож байв.

Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодистой амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг байна. Эрдэмтэд энэхүү хурц үнэртэй бодисыг хүний эрүүл мэндэд маш хортой хэмээн тодорхойлдог.

Харин манай улстөрчид “Улаанбаатар хотын агаарын бохирдол 60 хувиар буурсан” гэж залж суугаа.

Жишээ татвал, УИХ-аар Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед Ц.Даваасүрэн гишүүн “Бид хамтдаа үе үеийн Засгийн газрын хэдэн зуун тэрбум төгрөг заруулаад шийдэж чадаагүй гамшиг болсон утааны асуудлыг шийдсэн. Сэтгэл байгаад бизнесийн сонирхол байхгүй бол бүтдэг юм билээ” гэж ярьсан бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг 60 хувиар бууруулж чадсан” гэж магтан дуулсан. Хөвсгөлөөс УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэн гишүүнд нийслэлийн агаарын бохирдол хамаагүй юм байж гэж бодоход Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг гишүүн хариуцлагатай хандах ёстой.  Тойрог нь Төрийн ордноос тав алхаад л  эхэлнэ. Сонгогчидтойгоо уулздаг хүнд бол Тасганы овоо хүрэхэд л автомашины цонхоор түлшний эвгүй үнэр ханхийхийг мэдэрнэ.

Түүхий нүүрс түлж байсан үетэй харьцуулахад өнөөдөр машины хамар харагддаг болсон байж болох ч хүний эрүүл мэндэд маш аюултай хүхрийн хүчлийн хэмжээ эрс өссөнийг анхаарах учиртай.

Зөвхөн Монголын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр ийм дүн үзүүлээгүй. Air Quality Index (AQI-Агаарын чанарын индекс)-ээр Улаанбаатар хот өнгөрсөн онд ч дэлхийн хамгийн муу агаартай нийслэлээр нэрлэгдэж иржээ.

Шинэ он гарсан ч байдал дээрдсэнгүй, агаарын чанар аюултай түвшнийг заасан хэвээр байгааг мэдэж болно. Тухайлбал, хүхрийн хүчлийн хэмжээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлж байснаас илүү хэд дахин өссөнийг agaar.mn-ээс нэгдүгээр сарын 18-24-ний өдрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулан гаргасан энэхүү мэдээллээс харж болно.

Харин өнөөдрийн 13.45 цагийн мэдээллээр Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолттой бүсээр Монгол газар нэрлэгдэв. Тус газарт агаарын чанарын индекс 500-г заагаад байна. Өдрийн цагаар галлагаа буурч, оройдоо нэмэгддэг. Энэ үед агаарын чанарын индекс дахин өөрчлөгдөж, гэр хороолол руу дөхөх тусам аюултай хэмжээ нэмэгддэг.

Агаарын чанарын индекс 400-500 гэсэн үзүүлэлт заасан үед нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймд зүрх, уушигны архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх шаардлагатай.

Харин 500-гаас дээш гарах нь маш их бохирдолтой буюу аюултай түвшинд тооцогдоно Энэ үед нийт хүн амын эрүүл мэндэд аюултай тул хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж, гэртээ байх. Боломжтой бол цэвэр агаарт салхинд гарч, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах ёстойг зөвлөж байна.

Түүхий нүүрсний хэрэглээг халах зорилгоор Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд хоёр ч сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан. Харамсалтай нь, үр дүн муу харин ч хоруу чанар нь улам ихэсч, Улаанбаатар хот хүхрийн хөндий болж хувирлаа.

Шинэ Засгийн газар байгуулагдсан даруйдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, сайжруулсан түлшний чанарыг сайжруулах ажлыг хийхгүй, энэ хэвээр үргэлжлүүлбэл, нийслэлийн иргэдээс хэд нь уушиггүй болж, эрүүл мэндээрээ хохирохыг хэлэхэд бэрх байна. Тэр цагт иргэд төрөөс нөхөн төлбөр шаардахыг ч үгүйсгэхгүй. Харин Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурсан гэж буруу мэдээлэл тараагаад байгаа гишүүд тэр цагт хэлсэн үгэндээ эзэн л болоорой доо.

                    Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ХарамсалтайХарамсалтай
19
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж