С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив

С.Ганбаатарыг өлсгөлөнгөө зогсоож, ажлын хэсэгт орохыг урив

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ЗГХЭГ-ын дэд дарга өнөөдөр /2021.01.26/ Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй С.Ганбаатар гишүүнтэй уулзлаа.


“ОЮУТОЛГОЙ” ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ТАТВАРЫН АРБИТРЫН МАРГААН БАЙГАА”

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.СОЛОНГОО:

– Таны мэдээллийг сонсоход 2021 оны нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргахгүй бол Засгийн газар “Оюутолгой” төслийг алдах гэж байна гэсэн. Одоогийн байдлаар нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай маргаан байхгүй. “Оюутолгой” төсөлтэй холбогдуулан үргэлжилж буй татварын арбетрын маргаан байгаа. Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний дотор хариу өгөх ёстой. Үүнд, бид үндэслэлтэй тайлбар бэлдэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ арбетрын маргаан юунаас болж үүссэнийг ард иргэдэд тайлбарлахад, 2018 онд 350 тэрбум төгрөгийн татварын актыг “Оюутолгой” компанийн зүгээс Засгийн газарт тавьсан. Нэмээд 2020 оны арванхоёрдугаар сард 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Эдгээр төлбөрийг “Оюутолгой” компани төлөхгүй гэж маргаан үүсгэж байгаа. Бид байр сууриа хамгаалж арбетрын маргаан оролцож байгаа. Засгийн газрын ажлын хэсэг 2019 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Бид хоёр ажлын хэсгийн гишүүн. Гурван ажлын дэд хэсэг гарч, бэлтгэл ажлыг хангаж, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нью-Йорк хотын шүүхийн зарим материалтай танилцсан. Шүүхэд өгсөн материалыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна гэж ойлгож байгаа. Үнэн эсэх шүүхийн шийдвэр гараагүй байна. Рио Тинто компани “Turquoise Hill Resources”  компанийн эсрэг АНУ болон Англи улсад үнэт цаасны зохицуулах газраас тодорхой хяналт шалгалтыг ажлыг явуулж байгаа гэдэг мэдээллийг авсан. Хэрвээ Рио Тинто компани холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдвол Монгол Улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр арга  хэмжээг хэрэгжүүлнэ.

"С.ГАНБААТАР ГИШҮҮН ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООЖ, ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА”

ХЗДХ-ийн сайд Х.НЯМБААТАР:

-Засгийн газраас “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлыг хэсэг “Рио Тинто” компанийнхантай хэлэлцээрийн ширээний ард суусан. Энэ үеэр Монголын Засгийн газар анх удаагаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд, нэгдүгээрт 2015 онд зурагдсан “Дубайн гэрээ”-г бүрмөсөн цуцлах шаардлагыг тавьсан. Хоёрдугаарт 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэсэн. Өөрөөр хэлбэл, бид энэ гэрээг сайжруулна гэж олон жил ярьсан. Одоо бүрэн өөрчлөх цаг болсон гэдгийг хэлсэн. Тэгээд 2021 оны нэгдүгээр сарын 18-нд ажлын хэсэг хөрөнгө оруулагчийн талтай цахим уулзалтыг хийж, дээрх шаадлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг бүрэн цуцлах хүртэлх дараагийн шатны арга хэмжээнд орохоо илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид нэлээд цочирдсон байр суурьтай байгаа. Өмнөх Засгийн газруудын асуудал бол “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээ байсан. Тэгэхээр энэ асуудалд бид тантай хамтарч, тэмцэл зохион байгуулж, ард түмэнд ашигтай байх тал дээр хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хэлүүлж байна. Шинэ Ерөнхий сайд хараахан томилогдоогүй байгаа учраас ирж, таны тавьж байгаа шаардлагыг авах боломжгүй байгаагаа илэрхийлсэн.

Засгийн газар “Оюутолгой” төслийн үйл ажиллагаатай холбогдуулж, 2018 онд одоогийн ханшаар 350 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт нэмж төлбөр төлөх ёстой гэсэн. Өнгөрөгч 2019, 2020 онуудад энэ зөрчил давтагдсан. Сая 2020 оны арванхоёрдугаар сард “Оюутолгой” талд нэмж, 650 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Нийтдээ нэг их наяд төгрөгийн татварын акт тавьсан. “Оюутолгой” төслийн тал энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр арбетрын шүүхэд хандаад байгаа. Энэ шүүхийн хэрэг маргаантай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний дотор арбетрын шүүхэд тайлбар өгөх ёстой. Хоёрдугаарт, “Дубайн гэрээ”-г бүхэлд нь цуцалъя. Гуравдугаарт, 2009 онд анх байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээг засан сайжруулах бус нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байгаа. Тиймээс Засгийн газрын ажлын хэсэгт гишүүнээр орж, ажиллахыг хүсч байна.

Бид өчигдөр “Оюутолгой” төслийн 2029 он хүртэлх санхүүгийн заварчлалыг хүлээж авсан. Уг загварчлалд 2023 оны нэгдүгээр сараас эхэлж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орсноор бүтээн байгуулалтын орлого өсөн нэмэгдсээр байгаад 2029 он гэхэд “Оюутолгой” төсөл нийтдээ 29 тэрбум ам.долларын борлуулалт хийхээр байгаа. Үүний 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулж, 19 тэрбум ам.долларыг зээлийн эргэн төлөлт, бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг хүлээлттэй байсан чинь уг санхүүгийн загварчлал 19 тэрбум ам.доллараас 12 тэрбум ам.долларыг нь элэгдэл хорогдолд тооцно гэдэг муу мэдээллийг өгсөн. Цаана  нь 6.3 тэрбум ам.доллар үлдэж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөхөд дахин гурван тэрбум ам.доллар зээлж төлөхөөр байдалтай байна. Тиймээс бид “Энэ том төсөл Монгол Улсад ашиггүй” гэж санал нэгдсэн. Шууд цэрэг цагдаа хөдөлгөөнд энэ төслийг зогсоох нь олон улсын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ зөрчинө. Тийм учраас Засгийн газрын ажлын хэсэг хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулж, гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлийг тодорхой болгох ажлыг хийж байна. Хөндлөнгийн шинжээчид удахгүй дүгнэлтээ гаргамагц олон улсын гэрээнд нийцүүлж, гэрээг бүхэлд нь өөрчлөх шат дараатай арга хэмжээг авна. Тэгэхгүй бол Засгийн газар санхүүгийн эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн. Таныг ажлын хэсэгт орж, олон улсын гэрээнд нийцүүлэх замаар санал бодлоо илэрхийлэхийг хүсч байна” гэв.

“ЕРӨНХИЙ САЙД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ХҮРТЭЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА”

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

Өнөөдөр Монголын ард түмний эрх ашгийг хүндэтгэн үзэж, надтай уулзаж байгаад талархая. Би гуравхан зүйл хэлье. Нэгдүгээрт, Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүх дээр “Оюутолгой” төслийн гэрээг авлига өгч, авч байгуулсан гэдэг нь нотлогдсон энэ үед шууд олон улсын байгууллагуудад Ерөнхий сайд ард түмний эрх ашгийг төлөөлж, нэхэмжлэл гаргаад энэ гэрээг цуцлах үндэслэл болсон байна. Тэр нэхэмжлэлээ хэзээ гаргах вэ. Тэр хүртэл би өлсгөлөн зарлана. Хоёрдугаарт, олон улсын шүүх дээр МАН, АН-ын 24 улс төрч оролцсон авлига өгч царцаасан хөрөнгийг буцаан Монголд авч ирэх нэхэмжлэл гаргана уу. Гуравдугаарт, хэрвээ өнөөдөр намайг ажлын хэсэгт оруулбал олон улсын шүүхүүд рүү гарах нэхэмжлэл дээр өөрийн хувилбар, томъёоллыг бичих боломжтой. Монгол Улсын Засгийн газар яагаад "Оюутолгой" төслийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн талаарх албан бичгийг маргааш надад өгөхийг хүсье

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж