Өсөлт бууралтын зөрүүг үржүүлж хуваахын учир

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Өсөлт бууралтын зөрүүг үржүүлж хуваахын учир

Мянганы хөгжлийн зорилтын гурав дахь удаагийн илтгэлд “Монгол улсад ядуурлын түвшин 35,2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл 2,7 сая хүн амын 930,0 мянга нь ядууралд өртсөн гэсэн үг юм. Судалгаанаас үзэхэд 100 хүн тутмын 35 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлсээ худалдан авах чадваргүй байна” гээд хүснэгтээр үзүүлсэн байна. Уг хүснэгтээс харахад ядуурлын түвшин 1990 онд 36,3 хувьтай байсан бол 2008 онд 35,2 хувь болж бүтэн 17 жилийн хугацаанд ердөө л 1,1 хувиар буурсан байна. Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 онд нэг хүнд 426,2 мянган төгрөг байснаа 2008 онд 2 сая 305,2 мянга болж бараг зургаа дахин нэмэгдсэн байх юм. Уг нь энэ өсөлт ядуурлын түвшингийн бууралт хоёр шууд хамааралтай байх ёстой атал яахаараа ядуурал нь дөнгөж нэг хувиар буурч байхад дотоодын нийт бүтээгдэхүүн нь зургаа дахин өсдөг байна аа. Эрүүл хүний ухаанаар бодоход энэ тоон үзүүлэлтийг харахад ядуурлыг нэг хувь биш, доод тал нь нэг дахин бууруулах боломж байх ёстой. Энэ боломж хаашаа яагаад алга болов?

Хэрэв энэ бүхэн бүгдээрээ хөрөнгө оруулалт болоод үйлдвэр аж ахуйн газар, байшин барилга болсон юм бол түүнийг дагаад ажлын байр нэмэгдсэн байх учиртай. Тайланд Монгол Улсын засгийн газар 2008 онд 76,000 ажлын бий болгожээ гэж дурдсан байна. Үнэхээр 76,000 ажлын байр бий болгосон эсэх нь эргэлзээтэй. Жил бүр л 70-80 мянган ажлын байр бий болгоод байсан юм бол ядуурал яагаад ч энэ олон жилийн хугацаанд нэг түвшинд байх учиргүй. За яахав үнэхээр жил тутам тийм хэмжээний ажлын байр бий болгосон байлаа гэж бодъё. Тэгвэл яахаараа ажил хийгээд байгаа хэрнээ хүмүүс ядуураад байгаа юм бэ? Магадгүй үүнд л хэргийн учир байж мэднэ.

Үнэхээр Мянганы хөгжлийн зорилтын илтгэлд “Монгол Улсад орлогын тэгш бус байдал арилахгүй байна. Тайлангийн хугацаанд тэгш бус байдлын хуваарилалт монголын бүх бус нутгуудад өссөн дүр зурагтай байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийн үр шимийн дийлэнх хэсгийг амьдралын боломжтой хүмүүс хүртэж байгааг илэрхийлж байна”  гэж дурджээ. Өөрөөр хэлбэл 17 жилийн хугацаанд ядуучуудын орлого огт нэмэгдэхгүй дороо дэвхцэж байхад амьдралын боломжтой хүмүүсийн орлого сүүлийн 10 жилийн дотор 6 дахин өссөн гэсэн үг. Энэ бол монголд баян хоосны зааг тэр хэмжээгээр холдож, нийгмийн харьцааны асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн оролцооноос илүүтэй эдийн засгийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэх хэмжээнд хүрч байгааг илтгэж байна.

Одоо аливаа асуудлыг хөрөнгө мөнгөөрөө шийдэх гэсэн хандлага илт давамгайлж байгаагийн бодит нотолгоог энэ тайланд тодорхой гаргаж иржээ.

Монгол Улсын засгийн газраас ядуурлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн чиглэлтэй мөнгөн тэтгэлгийн хөтөлбөрүүд нь хүн амын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын баталгаанд нөлөөлөх ямарч боломжгүй харин ч ядуурлыг хэт өргөжүүлэхгүйгээр барьж тогтоох гэсэн ядмаг оролдлого болж байна. Нийт олгож байгаа мөнгөн дүнгийн хэмжээ ч гэсэн олгож байгаа хүмүүстээ хувуугаад үзэхээр харьцангуй байна. Тийм учраас өрхийн амьдарлын ялгаа зааг, хэрэгцээ шаардлагад нийцсэн өвөрмөц шийдэлтэй урамшууллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна. Өөрөөр хэлбэл хүн болгонд өгч байгаа мөнгөн тэтгэлэг, ядуу айлд ч, баян айлд ч адилхан очиж байна. Гэтэл баячуудын хөрөнгө өдөр ирэх тусам нэмэгдэж байхад төр засгаас өгч байгаа тэдгээр “тэтгэлэг”-үүд хөх инээдийг хүргэхээс өөр “нэмэр”-гүй байгаа учраас тэгшитгэсэн тэтгэлгээс татгалзах зайлшгүй шаардлага гарч байна.
Засгийн газраас 2015 он гэхэд амьжиргааны доод түвшнээс доогуур орлготой иргэдийн тоог 2 дахин бууруулах амлалтыг НҮБ-ын өмнө аваад байгаа. Энэ байгаа янзаараа амлалтаа биелүлэх боломж тун хомс байгаа учраас хүн амын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээнд зарцуулж байгаа хөрөнгийг нийгмийн эмзэг хэсэг, зорилтот бүлгүүдэд үр ашигтай механизмаар дамжуулан хүргэх, нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэх, ажлын байр шинээр бий болгоход чиглэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай боллоо.   

Энэ асуудлыг ойрын хугацаанд дорвитой шийдвэрлэхгүй бол УИХ-ын гишүүд нь ч “Би ч гэсэн хүүхэдтэй. Хүүхдийн мөнгийг адилхан авна” гэж мэдэгдчихээд цагаа болохоор Хүүхдийн мөнгөө авахгүй хэдэн сар жил болж мартчихдаг хүмүүст халамжийн мөнгийг өгөх гээд зүтгээд байх юм бол ядуурлыг бууруулахад ямарч ахиц гарахгүй. Түүний оронд эргэлтэд орохгүй байгаа эдгээр мөнгөн дээр нийгмийн даатгалын болон тэтгэвэрийн даатгалын хөрөнгийг урт хугацааны хөрөнгө оруулалтад ашиглах  замаар ажлын байрыг нэмэгдүүлэх нь зөв юм.

Ажилтай хүн амьдралаа аваад явж чадна. Харин амь торгоосон цалинтай хүн өрөнд орж улам ядуу болно гэдгийг санахад илүүдэхгүй. Иймд хөдөлмөрийн үнэлэмж, баялгийн хуваарилалтыг шударга болгох нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс ч дутахгүй ач холбогдолтой гэдгийг мартаж болохгүй. Үүнд л өнөөх ядуурлын 1,1 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан дахин өссөнийн учир нуугдаж байгаа юм биш үү.

Г.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж