МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академи, АНУ-ын Харвардын Бизнесийн сургууль хамтран бизнесийн шинэ үе бэлтгэх зорилгоор манлайллын ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Эхний хөтөлбөр болох “Harvard ManageMentor” хөтөлбөрийг ирэх сарын 1-нд эхлүүлэхээр оролцогчдыг бүртгэж эхэлсэн байна. Тус хөтөлбөр нь хувь хүнд бусдыг болон бизнесээ удирдах арга ухаан, ур чадварт суралцах боломжийг олгодог байна.
Харвардын Бизнесийн сургуулийн профессоруудын боловсруулсан шилдэг хөтөлбөрийг эх хэлээрээ сурах давуу талтай бөгөөд уг хөтөлбөр нь үндсэн гурав, 41 нэгж хэсэгтэй. Цахим болон танхимын хосолсон сургалтын загвартай тус хөтөлбөрт оролцогчид Walmart, Netflix, Apple, Amazon, Walt Disney, Nike, Tesla зэрэг дэлхийн томоохон компанийн бодит жишээн дээр ажиллах аж.
Хөтөлбөрт хамрагдсанаар дүн шинжилгээ хийх ур чадварт суралцах төдийгүй шинэ үеийн технологийн талаарх ойлголт нэмэгдэж, бизнесийн салбарын чиг урсгал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, бизнесийн шинэ загвар, менежменттэй танилцах давуу талтай бөгөөд хичээл дөрвөн сарын хугацаанд үргэлжлэх аж.
Харин Компанийн гүйцэтгэх дээд удирдлагын манлайллын холимог хөтөлбөрийн хувьд хичээл нь гуравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд менежментийн 32 сэдвээс суралцагчид өөрийн бизнест тулгарч байгаа хамгийн чухал 16 сэдвийг сонгон суралцах юм байна.
Д.ТУЯА