Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Тавантолгойн цахилгаан станцыг төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэр гаргасан. Тодруулбал, тус цахилгаан станцыг одоо бэлэн байгаа техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих боломжтой гэж үзсэн билээ.
Станцын хөрөнгө оруулалт “Оюутолгой” ХХК-ийн санал болгож буй саналаас 30 хувь бага, цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд юм.
Монгол Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хөрөнгөөр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг 2024 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Тавантолгойн цахилгаан станцын төслийн зорилго Өмнөговь, Ухаахудаг, Оюутолгойг найдвартай, байнгын эрчим хүчээр хангах, Хятадаас импортолдог эрчим хүчийг багасгах, орон нутгийн иргэдийг байнгын эрчим хүчээр хангаж, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах билээ. Станцыг барихаар төлөвлөсөн талбай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт буюу Даланзадгад хотоос зүүн тийш 95 км, Улаанбаатар хотоос урагш 550 км, Гашуунсухайтын хилийн боомтоос 254 км-т оршиж буй.
Тус цахилгаан станц нь Нүүрсний талбай, Эргэлтийн буцламтгай үет (ЭБҮ) зуух, Уурын турбин, цахилгаан үүсгүүр, Агаарын хөргөлттэй конденсатор, Хорт хий, хаягдлыг бууруулах технологи, Ус боловсруулах технологи, Үнс хаях цэг, 220 кВ-ын ЦДАШ зэрэг үндсэн хэсгүүдээс бүрдэх юм.
Энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээс хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, тус станцыг барьснаар улс орны эдийн засаг, аюулгүй байдалд олон давуу тал бий болно. Тавантолгойн цахилгаан станц төслийн нэгжийн захирал Г.Ганзул “300 МВт-ын чадалтай Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор “Оюутолгой” төслийн цахилгаан хангамж сайжирч, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллаж эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагаа сайжрах юм. 2018 оны байдлаар Оюутолгойн уурхайн төсөл нь Өвөр Монголын эрчим хүчний системээс импортоор авсан цахилгаан эрчим хүчний төлбөрт жилд ойролцоогоор 150 сая ам.доллар төлсөн байна. Үүнээс үзвэл Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсноор энэхүү 150 сая ам.долларын урсгал дотоодод үлдэнэ. Цаашлаад Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор эрчим хүчний хэрэглээ нь одоогийнхоосоо 30-40 хувь өснө. Тавантолгойн цахилгаан станц нь жилдээ 1,2 сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэх тооцоотой бөгөөд экспортонд гардаггүй, уурхайдаа овоолго болон үлдэж байгаа эрчим хүчний нүүрс эдийн засгийн эргэлтэд орно. Мөн станц ашиглалтад орсноор 200-гаад хүн байнгын ажлын байраар хангагдаж, үүнийг дагаж орон сууц, нийгэм ахуйн барилга нэмэгдэж, хот суурингийн хөгжил сайжрах талтай" хэмээн мэдэгдсэн билээ.
Тавантолгойд цахилгаан станц барих төслийн хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпораци шалгарсан ч үйлдвэрлэсэн эрчим хүчний дийлэнхийг худалдаж авах “Оюутолгой” компанийн гол хөрөнгө оруулагч “Рио тинто”-той үнэ тариф, санхүүжилтийн баталгаа гаргах хэлэлцээрийн хувьд тохиролцоонд хүрч чадаагүйгээс төслийг хэрэгжүүлэхээс татгалзсан билээ. Иймээс цахилгаан станц барих шинэ хувилбар эрэлхийлэх шаардлага үүсч, цахилгаан станц барих судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Тэдний хийсэн техник, эдийн засгийн үндэслэлээр нэг тэрбум гаруй ам.доллараар цахилгаан станц барих байв. Мөн энэхүү санхүүжилт “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтад тооцогдох нөхцөлтэй нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой нийцээгүй. Тиймээс Засгийн газар нөөц бололцоогоо дайчлан, “Оюутолгой”-н хийсэн техник, эдийн засгийн үндэслэлээс 30 хувийн хямд өртгөөр цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн билээ.
Хоёр тал Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг 2018 онд байгуулж, “Оюутолгой” төслийг дотоодын эрчим хүчээр хангах талаар хамтарч ажиллахаар тохиролцсон.
Эрчим хүчний яамнаас мэдээлснээр, Тавантолгойд 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад 734 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Мөн 56 орчим сая ам.долларын хөрөнгөөр эрчим хүчний шугам татах, дэд станц барих зэрэг цахилгаан станцын дагалдах дэд бүтцийг байгуулна. Тус цахилгаан станцыг барихад нийт 780 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолсон билээ.
Өнгөрсөн онд Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн хэлэхдээ “Төрийн санхүүжилтээр учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд Тавантолгойн цахилгаан станц барих концессын эрх авсан компанитай “Оюутолгой” ХХК хамтарч хэрэгжүүлэхээр заасан. Харамсалтай нь, харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. “Эрдэнэс Тавантолгой ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана” хэмээн мэдэгдэж байв.
Мөн Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газар, "Оюутолгой" компани хооронд байгуулсан Нэмэлт, өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан “Оюутолгой”-г эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан билээ.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний нийт хэрэгцээгээ нэгд, өөрийн барьсан цахилгаан станц, хоёрт, гуравдагч этгээдийн барьсан цахилгаан станц, гуравт Монгол Улсын цахилгаан станцын эх үүсвэрээс хангана хэмээн заасан.
Засгийн газар “Оюутолгой”-н эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо 100 хувь хангахын тулд Тавантолгойн нүүрсний уурхайд түшиглэн цахилгаан станц барихаар болсон. Монголын тал төслийг 100 хувь хариуцаж, ирэх долдугаар сарын 1-нээс өмнө барилгын ажлаа эхлэх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа юм. Уг нь төслийн нэгжийн захирал Г.Ганзул "Тавантолгой цахилгаан станцын барилга угсралтын ажил 2020 оны хавар эхэлнэ" хэмээн мэдэгдэж байсан билээ.
Төслийн санхүүжилт болох 560-600 сая орчим ам.долларын хөрөнгийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” гаргахаар болсон. Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийг хариуцаж буй тус компанийн хувьд 2020 онд цар тахлын улмаас нүүрсний орлого нь төлөвлөсөндөө хүрээгүй билээ. Иймд шинээр томилогдох Ерөнхий сайдыг хүлээж байгаа нэг томоохон ажил энэ юм.
Холбоотой мэдээ