Аялж зугаалсан хэмээн эвлүүлдэг бүсгүйн жаргалтай төгсгөл

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Аялж зугаалсан хэмээн эвлүүлдэг бүсгүйн жаргалтай төгсгөл

Тэрээр Дональд Трампын хажууд зогсч, Хятадын Цагаан хэрмэн дээгүүр алхаж, Тор, Ким Кардашьян, Кейн Уэст нартай хамт зургаа авахуулж “явсан” бүсгүй. Түүнийг Севлин Гат гэдэг, Кенид амьдардаг. Түүнд паспорт, мөнгөний аль нь байхгүй, хэзээ ч хилийн дээс алхаж үзээгүй аж. Харин тэр одоо алдартай болжээ.

Дэлхийг таньж мэдэх хэмжээлшгүй их хүсэлтэй, Photoshop-ийн багахан мэдлэгтэй кени бүсгүйн түүх ингэж эхэлсэн юм. Найзуудынхаа дунд Севе хэмээн дуудагддаг тэрээр энд, тэнд амарч зугаалж явна хэмээн зургандаа эвлүүлэг хийн Facebook хуудсандаа тавьдаг нь интернэт хэрэглэгчдийн инээд, доог тохуу, эгдүүцэл хайрыг зэрэг төрүүлдэг байв. Гэвч хэн ч харсан эвлүүлэг гэдэг нь шууд л мэдэгддэг түүний зургууд Нүүр номыг байлдан дагуулсан юм. Тэрээр хөшөө мэт зогссон нэг л дүрсээ өөрөөс нь алс хол орших гайхалтай, гоё газрууд, алдартай хүмүүсийн хажууд тавьж “аялдаг” байлаа. Аялж зугаалах мөнгөгүй ч Photoshop-ийн тусламжтайгаар мөрөөдлөөрөө нисч, Хятадаар мөн ч их аялжээ.

Энэ бүгдийн эцэст Севе бүсгүй итгэмээргүй үр дүнтэй учирлаа. Тэрээр хэдэн мянган Like цуглуулж интернэтийн од болсон юм. Зураг нийтлэх хэв маяг нь хэтэрхий ил, өрөвдмөөр байсан уу, яасан, түүнийг дайрч доромжилж буй сэтгэгдэл бараг байсангүй.

Севегийн зурагнууд Кенийн бизнесмэн Сам Гичуругийн сэтгэлийг хөдөлгөж, тэрээр бүсгүйн мөрөөдлийг биелүүлэхээр иржээ. Гичуру Севлин Гатыг Хятад руу мөрөөдлийн аялалд илгээхээр хандивын аян зарлаж, кени бүсгүйг Kenya Airways-ээр нисгэж, дөрвөн одтой зочид буудалд тухлуулах мөнгийг түвэггүй босгосон байна. Севегийн амьдрал ч өөр хэмнэлийг олов. Паспорт авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа түүнийг нэгэн компани төслийн менежерийн дадлагажигчаар ажилд авчээ. Дэлхийн интернэт хэрэглэгчид #WhereIsSeveGatsNow гэсэн хаштагаар бүсгүйг “дэлхийгээр аялуулан” саран дээр хүртэл буулгаж зургийг нь нийтлэх болжээ. Одоо тэрээр Парис, Лондон, Мексик, Буэнос-Айресээр үнэнч таних тэмдэг нь болсон муу Photoshop-той “тэнүүчилж”, бүгдэд инээд хөөр бэлэглэсээр явна.

Н.МӨНХЖИН

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж