Путины засаглалыг эсэргүүцэгч, сөрөг хүчний улстөрч Алексей Навальный саяхан Ерөнхийлөгч Путины авлигын мөнгөөр босгосон нууц орд харшийн талаар бичлэгийг олон нийтэд цацсан билээ. Уг видео бичлэгийг цацагдсан даруйд олон сая хүн үзэж, удалгүй Орос улсад олон зуун мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Жагсагчид Навальныйг суллахыг, шударга ёсыг нэхэн жагссан билээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн ойрын холбоотнууд авлигаар босгосон мөнгөөрөө барьсан гэгдэж буй Хар тэнгисийн эрэг дээрх энэхүү тансаг харшийг Путин өөрийнх биш хэмээн мэдэгджээ. Тэрбээр өчигдөр /2021.01.25/ тохиосон “Оросын оюутны өдөр”-ийг тохиолдуулан оюутнуудтай цахимаар уулзсан юм. Энэ үеэр оюутнуудын зарим нь Навальныйн дэлгэсэн видео бичлэгийн талаар, бичлэг дээрх орд харш Путиных мөн эсэхийг асуусан байна.
Үүний хариуд Путин “Тэр бичлэгийг би үзсэн. Гэхдээ бүтэн үзэж амжаагүй байна. Энэ бүхэн худал зүйл. Уйтгартай эвлүүлэг байна лээ. Тэр бичлэг дээр гарч буй ордонд миний болон миний ойрын хамаатан садан, танилуудын нэг ч өмч хөрөнгө байхгүй байсан. Эсэргүүцлийн жагсаалын хувьд цар тахлын үед хориотой байсан. Мөн насанд хүрээгүй хүүхэд оролцох ёсгүй байсан. Мөн цагдаа нар ч хуулийн хүрээнд ажиллах ёстой. Хэн нэгэн өөрийн улс төрийн амбицаа хэрэгжүүлэхийн тулд иргэдийг жагсаал цуглаанд турхирах ёсгүй” хэмээн хэлжээ.
Навальныйн хэлснээр Путин тус 17691 метр.кв харшаа ойролцоогоор 2014 оноос хойш бариулж байгаа гэх бөгөөд уг харшийг тойроод усан үзмийн талбай, гольфын талбай, казино, цанын талбай байгааг бичлэг дээр харуулж байгаа бол дотроо усан сан, фитнесс танхим, кино театр зэрэг хүний бүхий л хэрэгцээг хангах зүйлсээр тоноглогдсон байна. Навальный бичлэг дээрээ энэ харшийг “Энэ бол бүтэн хот, эсвэл хаант улс гэсэн ч болохоор том” хэмээн тодорхойлсон юм.
Өнгөрөгч оны наймдугаар сард Навальныйг Сибирьт ажлаар явж байх үед нь Оросын тагнуулынхан хордуулсан бөгөөд Германд эмчлүүлж байгаад энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр нутагтаа эргэн ирсэн юм. Гэвч түүнийг өмнө эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан гэсэн үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь баривчилсан юм.
Эх сурвалж: BBC