Өвөрхангайн малчин өрх бүрт тэжээлийн тусламж хүрч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн малчин өрх бүрт тэжээлийн тусламж хүрч эхэллээ

Өвөрхангайн малчин өрх бүрт тэжээлийн тусламж хүрч эхэллээ

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цас ихтэй байгаагаас малын хорогдол өдөр бүр нэмэгдсээр байна. Өнгөрсөн онд тус аймгийн нийт нутгийн 50 хувь нь гантай байснаас мал сүрэг бүрэн тарга хүч авч чадаагүй.

Ялангуяа говийн зургаан сумын малчдын хувьд өвөлжилт хүнд байгаа учир идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд 2000 гаруй малчин өрх бэлчээр сайтай нутаг бараадан оторлож явна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 16500 малчин өрхөд 4.4 сая мал өвөлжин, хаваржиж байгаа бөгөөд ган зуд, байгалийн гамшгийн нөхцөл байдлаас 52 мянган мал хорогджээ. Хэдийгээр цаг уярч байгаа ч цаана нь хатуу хавар хүлээж байна. Малын хорогдол дуусаагүй, цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд нийт 2000 гаруй тонн өвс тэжээлийн бэлтгэл хангаснаас гадна 100 сая төгрөгийн эх үүсвэрээр өвс, тэжээл худалдан авсан ч өвлийг өнөтэй давахад үл хүрэлцэнэ.

Цаг хүндхэн үед мал, малчин хоёрт нэн шаардлагатай байгаа зүйл бол өвс, хивэг тэжээл. Тиймээс Засгийн газраас зарим арга хэмжээг авч хэрэгжүүсэн. Үүний нэг нь өвөлжилт хүндэрсэн Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгийн малчдад зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгждэг Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.

Дээрх тэжээлийн тусламжийг Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Тодруулбал, Өвөрхангай аймгийн 19 сумын малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4 сая гаруй тонн хүчит тэжээлийн цуваа сум бүрт очиж эхэллээ.

Өвөрхангай аймгийн 16500 малчин өрхөд буюу нэг өрхөд 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж хүргэгдэх юм. Хүчит тэжээлийн үйлдвэрлэлтийн явцаас шалтгаалан энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнө гэхэд малчдын хотонд бүрэн хүргэж дуусгахаар ажиллаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Манай аймгийн хувьд нэлээд хүнд өвлийг давж байна. Хаваржилт өвлийг дагаад хүндэрнэ. Өнгөрсөн 2020 онд зун нь их гантай байсан. Зун намартаа өвс сайн гараагүй, мал өвс тэжээлгүй болж анхны цаснаар л өвөлжилт хүндэрч эхэлсэн. Хүйтэн, идэх өвс бага байгаа учраас малын хорогдол их байна. Малчин бүхэн мал сүргээ онд мэнд оруулахын тулд хичээж, зэргэлдээ сумд болон гаднын 10 гаруй аймагт отроор 1 сая толгой мал өвөлжиж байна. Дэлхийн банкны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн малчин өрх бүрт зургаан шуудай буюу 250 кг хүчит тэжээл /хорголжин тэжээл/ олгож байгаа нь малчдад маань бага ч гэсэн дэмжлэг болно гэж найдаж байна” гэсэн юм.

Өвөрхангайн гишүүдийн хувьд өнгөрсөн намраас хойш малчдаа дэмжлэг үзүүлэх, отрын малчдад анхаарах хүсэлтийг Засгийн газар, УОК, Хөдөө аж ахуйн яаманд тавьж байсны хүчинд 400 сая төгрөгийг гаргуулж, мөн улсын нөөцөөс 400 тонн өвс үнэгүй, 300 тонн тэжээл хөнгөлөлттэй үнээр Өвөрхангай аймагт хуваарилуулсан байдаг.

Зарим сумын малчдын хувьд цас их орсны улмаас малаа бэлчээрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Улмаар малчид байгаа өвс тэжээлээ хэрэглээд үндсэндээ дуусжээ.

Малаараа амьдралаа залгуулдаг, мал аж ахуй эрхлэхээс өөр мэргэжилгүй малчид хэдэн малаа зуданд барчихвал амьдрал ахуйгаа авч явахад хүндэрнэ. Хот суурин бараадлаа ч ажлын байр олдохгүй, ах дүү, хамаатан садангаа түшлээ ч хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэчихсэн тул хэцүү байгааг замд таарсан малчин болгон учирлав. Тэдний хувьд амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаа онд мэнд оруулж, дэлгэр зунтай золгохыг хамгийн их хүсч байлаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж