Ч.Сайханбилэгийн чанга “мэдэгдэл”

Хуучирсан мэдээ: 2016.03.31-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн чанга “мэдэгдэл”

“Хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан” хэмээн тэрбээр эдийн засгийн чуулга уулзалтын индэр дээрээс мэдэгдлээ.

Монголын эдийн засгийн форум “Сорилт, сургамж, шийдэл”  уриатайгаар хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы эхний өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг форумд оролцогчдод хандаж үг хэлсэн билээ. Тэрбээр форумын урианд дурдсан гурван сэдвийн хүрээнд үг хэлсэн бөгөөд түүний үг өгүүлбэр бүрээс эдийн засгийн бус улс төрийн өнгө аяс цухалзаж байсан юм.


Нэг. Сорилт

  • Монголчууд бусдын удирдамж зөвлөгөөгүйгээр улс төр, эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлж чадах эсэхийг сорьсон бүтэн үеийг туулжээ. Биднийг картын бараа хоосон лангуугаар ч шалгалаа, гэнэт олдсон мөнгөөр “Хонины найр” хийлгүүлж ч шалгалаа, байх юмгүй хямрал, хүндрэлээр ч шалгалаа. Шалгалт үргэлжилсээр…

  • Алс холын Австралид тохиолдсон байгалийн гамшиг Азийн Монголд завшаан болж хувирсан юм.  Эдийн засаг ч хямрахаа больсон, бид ч хүнээ байсан.

  • Өмнөх хямралаасаа суралцахын оронд  хэрэглээгээ тэлэн тансаглах замд шилжсэн. Олоод л, хуваагаад л, идээд л, нэмж нэхээд л, арай илүү амлаад л явсан.

  • Монголын төр, иргэдийн хооронд “ Хэдийг өгөх юм бэ”, “Хэн нь ялбал илүүг өгөх юм бэ” гэдэг л харилцаа бий болсон.  Монгол хүн болсны шагнал, гэрлэсний шагнал, хүүхэд гаргасны шагнал гээд юм бүхэн шагналтай, урамшуулалтай болж 4 тэрбум  монгол төгрөг биш, ам.долларыг хувааж авлаа.

  • Тэр үед Тайландын, Солонгосын далайн эргүүд дээр Туулын, Сэлбийн эрэг дээрх шиг олон Монголчуудтай тааралдаж болохоор байлаа.

  • Монголыг байтугай дэлхийг тэжээх, хосгүй үнэт баялаг зөвхөн манайд л байна гэж бултаараа үнэмшсэн. Хүн төрөлхтөн цаашдаа биднийг л царайчилж оршин тогтнох юм байна гэж итгэсэн.

  • Хосгүй их  хоолоо  хэнтэй ч хуваахгүй хэрэглэнэ, мөнгө тасралтгүй орж ирнэ, монголчууд ганцаараа хөгжиж чадна гэсээр гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж явуулсан. Харамсалтай нь хүний зовлон дээр ургасан жаргал маань удаан үргэлжлээгүй ээ. Австралийн уурхай ч хатаж дууссан, бид ч олсноо идэж барсан.

  • Эдийн засгийн гурав дахь сорилт Азиас ч болсонгүй, Австралиас ч гайтсангүй, өөрснөөс маань болсон, өөд нь хаясан чулуунаас үүдсэн хүндрэл байлаа.

  • Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан.

  • ОХУ-ын рублийн ханш 4 дахин онхолдож, та бидний сайн мэдэх Халтар царайт киноны нэр  Венесуэлийн эдийн засгийг ч тодорхойлохоор боллоо. Хэрвээ Монгол төгрөгийн инфляц 1,9 хувь биш, Орос рубль шиг 12.5 хувьтай байсан бол малчны 10 хувийн зээл, орон сууцны 8 эсвэл 5 хувийн зээлүүд холын мөрөөдөл байх байлаа. Сорилт үргэлжилсээр…

Хоёр. Сургамж

  • Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Таван толгойгоо хөдөлгөсөн бол, тэр үед төмөр замаа  бариад эхэлчихсэн бол, 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр  нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа.

  • Энэ хүндрэлийг дэлхийнх биш Монголынх, бизнесийнх бус улс төрийнх, эдийн засгийнх бус сэтгэлгээний угшилтай хүндрэл гээд байгаа юм.

  • Хүндрэлээс гарахын тулд  намаараа, улсаараа,  нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна. 

  • Хөрөнгө босгохоор өрөнд орууллаа гэхээр хэн хөрөнгө оруулалт хийх юм бэ.

  • Үндэсний үйлдвэрлэгчээ мөлжигч гэхээр хэн үйлдвэрлэх болж байна аа. Баялаг бүтээгч, татвар төлөгчдөө олигархаар нь дуудахаар баялаг яаж бүтээх вэ. 

  • Нэг хүний нураасныг нэг засаг бүрэн эрхийнхээ хугацаанд өндийлгөж бардаггүй болохыг бид харлаа.

  • Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск – халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ.  

  • Үндэсний хэмжээнд хариуцлага хүлээх чадвартай намууд хамтарч байж л энэ байдлаас гарна.

Гурав. Шийдэл

  • Монголчууд бид 1921-2012 оны хооронд хоёр зуун дамжуулан 91 жилийн хугацаанд 2900 гаруй км зам тавьсан бол 2012-2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 2700 гаруй км гаруй зам тавилаа. Энэ 2016 онд нэмж 1200 км-ыг тавина.

  • Дөчин жил 1 МВт-аар ч нэмээгүй эрчим хүчний чадлаа сүүлийн 4 жилд 323 МВт-аар анх удаа нэмлээ.

  • Сүүлийн 90 жилийн хугацаанд нийтдээ бид 100.000 айлын орон сууц барьж чаджээ. Харин одоо нэгхэн жилд 25.000 айлын орон сууц барьж чадаж байна.

  • Хуримтлалын эдийн засгийн суурийг тавьсан ипотекийн зээлээр 76 мянган өрх орон сууцанд нүүж орлоо. Зүгээр нэг статистик тоо энэ бол биш буух мөртэй буцах эзэнтэй 300 гаруй мянган монгол хүний бодит амьдрал.  

  • Хулгай хийвэл баригддаг, худлаа хэлбэл ороогддог болж байна. 

  • Хямарч байгаа үед зүгээр тараасантай тэнцэх хөрөнгөөр хямралыг сөрөөд,  бас бүтээн байгуулаад явж болдгийг харуулсандаа бид бас баяртай байна.

  • Монгол Улс 21 тэрбум долларын өрөөр дэлхийд мөнгөн медальтай боллоо, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн рекламыг өнөөдөр олон сонсч байгаа байхаа. Монгол Улсын гадаад өр төлбөрийг олон улсын стандартаар хөтөлдөг.  2011 он хүртэл зөвхөн Засгийн өр тооцож байснаа шинэ хуулиар нэмээд Монгол банк, арилжааны банкууд, хувийн хэвшлийн компаниудын зээл, тэр бүү хэл толгой компаниасаа охин компани руугаа шилжүүлж зээлдүүлсэн хөрөнгө оруулалтыг хүртэл өрөнд тооцож нэгтгэх болсон.

  • 21 тэрбум өрийн талаас илүү нь ийм бүртгэлийн өрнөөс үүсэлтэй болохоор өр гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ аргачлалаар тооцоход МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ.

  • Засгийн газарт хамаарах  4,9 тэрбум долларын зээл  байна. 

  • УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн "Эм Си Эс" компани, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын "Мак" компани, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн "НИК", "Петровис" компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл Монголын өрөнд тооцогдож  байна.  

  • Харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг  нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн  энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.

  • Өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох 3 дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө.

  • Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал.

  • Гадныхан Монголыг залгилаа гэж 4 жил хашгирсан нам нөгөө гадаадынхандаа орд газраа 60 тэрбумаар зарах гэнэ. Алаагүй баавгайн арьс хуваадаг үлгэрээр тэрийгээ 30, 10 гээд л хувааж өгөх юм байх.

  • Бид хийх ажлуудаа тодорхой харж байгаа. Дотоодын банкууд, аж ахуйн нэгжүүдээс булаасан дотоодын бондын эх үүсвэрээ эхний ээлжинд суллана. Банкаа, компаниудаа эхний ээлжинд мөнгөтэй болгож өрийн сүлжээг нь тайлна.

  • Орон сууцны моргейжээ өргөжүүлж, бизнесийн моргейж эхлүүлнэ.

  • Эрдэнэс Монгол дээр суурилсан Темасек загварын шинэ бүтцэд шилжинэ. Баялгийн сангаа бий болгож Баялгийн эзэн – Монгол хүнтэйгээ холбоно.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж