Монгол Улсад сонгуулийн санал авах “хар хайрцаг” гэгддэг төхөөрөмжүүдийг нийлүүлсэн Канадын “Dominion Voting System” компани АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгчийг шүүхэд өгчээ. Түүнийг сонгуулийн үр дүнгийн талаар худал мэдээлэл тарааж, компанийн нэр хүндэд халдаж, бизнест нь нөлөөлсөн хэмээн буруутгаж, 1,3 тэрбум ам.долларыг нэхэмжилсэн байна.
Өмнө нь Нью-Йорк хотын захирагчаар ажиллаж байсан өмгөөлөгч Руди Жулиани нь өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа санал хураалт будлиантай болсон, “Dominion Voting System” компанийн санал хураах машиныг ашиглан сонгуулийг луйвардах боломжтой хэмээн удаа дараа мэдэгдэж байжээ. Шүүхийн нэхэмжлэлд төрөл бүрийн арга хэмжээний үеэр Жулианигийн хэлсэн үг болон бусад баримтууд нийлсэн 50 гаруй хуудас материалыг хавсаргасан байна.
Тэрбээр үүний хариуд “Dominion Voting Systems” компанийг мөн шүүхэд өгч, компанийн түүх, санхүүжилт, үйл ажиллагааг нарийвчлан мөрдөж, шалгахаа мэдэгдсэн байна. Гэхдээ өдийг хүртэл Жо Байдены ялалтыг шударга бус хэмээн үзэж байсан тэрбээр шүүхэд дуудагдсаныхаа дараа удалгүй Байденыг АНУ-ын Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.
Үүний өмнөхөн “Dominion Voting Systems” компани Трампын өөр нэгэн хуульч Сидней Пауэллыг мөн дээрх шалтгаанаар шүүхэд өгч, ижил хэмжээний мөнгө нэхэмжилж байсан бөгөөд хэргийг шүүх шалгаж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider