УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа. Тэрбээр өөртэй нь холбогдоод буй асуудлуудад илэн далангүй хариулт өгсөн юм.
– Зээлийн хүүг 50 хувиар хөнгөлөх тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Тогтоолын төсөл яг хэнд зориулагдсан ямар учиртай юм бэ?
– Юуны өмнө энэ ярилцлагыг уншигчид бүтэн уншиж дуусгаад дүгнэлтээ хийгээрэй гэж хүсье. Уг төслийг УИХ-ын 22 гишүүн санаачлан боловсруулж, өргөн барьсан. Ийм олон гишүүн санал нэгдэж, энд гарын үсэг зурсан нь энэ тогтоол үнэхээр иргэдэд хэрэгтэй гэж үзсэнийх. Тогтоолын төсөлд “Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд зориулсан” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Жижиг, дунд гэдэгт 2.5 тэрбум төгрөгөөс доош зээлтэй аж ахуйн нэгж, иргэд орно. Ажлын байрыг хадгалах хэрэгтэй байна шүү дээ. Мөн цар тахлын үед үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилсэн уул уурхай, хүнс үйлдвэрлэл, харилцаа холбоо, бөөний худалдаа, банк санхүүгийн чиглэлийн аж ахуйн нэгж уг тогтоолын үйлчлэлд хамрагдахгүй. Тойргийнхоо иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзахад нэгдүгээрт зээлийн хүүг бууруулж, хойшлуулж өгөөч, хоёрдугаарт түрээсийн төлбөрийг буулгаж өгөөч гэсэн хоёр зүйл л хүсдэг. Түрээсийн тухайд МУ-ын ЗГ- аас цахилгаан, дулааны үнийг тэглэсний үр дүнд түрээслүүлэгчдийн зардал буурсан. Энэ боломж дээр манай Дарханы түрээсийн бизнес эрхлэгчид маань уужуу хандаж түрээсийн төлбөрөө 45 хувь хүртэл хөнгөлсөн. УИХ-ын гишүүний хувьд аймгийн удирдлагуудтай хамтарч энэ асуудлыг шийдсэндээ баяртай байгаа.
Харин цар тахлын үед зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан ч хүүг ямар нэг байдлаар зохицуулсангүй. Банкууд хүүгээ нэхээд байна. Үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлийн хүүндээ баригдаад дампуурал руугаа орлоо гэсэн санал, хүсэлт маш олон ирсэн. Ажил, бизнес хийж үзсэн, тэдний зовлонг ойлгох бид мэтийн хүмүүс бодит байдал үнэхээр ийм байгааг харсаар байж зүгээр суугаад байж чадахгүй шүү дээ. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгох, хаалгаа барих, дампуурах байдал руу орно. Ингэхээр ажилгүйдэл ихэснэ, тэгэхээр нөгөө хавтгайрсан халамж л нэмэгдэнэ. Халамжид мөнгө зарцуулсан нь дээр үү, ажлын байрыг нь авч үлдэхэд мөнгө гаргасан нь дээр үү гэдгээ төр шийдэх цаг нь яг одоо. Ийм учраас л тогтоолын төсөл санаачилсан.
Бидний санаачилсан төслийн бас нэг онцлууштай нь, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хамаарахгүй. Өөрөөр хэлбэл 12 хувиас доош хүүтэй зээл бол төр засгийн ямар нэг хөнгөлөлтөд орсон гэсэн үг. Мөн 2.5 тэрбум төгрөгөөс доош дүнтэй, жилийн 12 хувиас дээш хүүтэй зээл авсан иргэн аж ахуйн нэгжид энэ тогтоолын төслийн үр дүн хүрнэ. Нийтдээ 50 мянга гаруй ЖДҮ бизнес эрхлэгч, татвар төлдөг аж ахуйн нэгж, иргэний асуудал шүү дээ. Төсөл санаачлагчдын зүгээс бизнесүүдийг судалж эрэмбэлээд, цар тахлын цохилтод хамгийн илүү өртөж байгаа сул хэсгийг хамруулах, үйл ажиллагаа нь хэвийн хэсгийг нь орхих чиглэлийг Засгийн газар, Монгол банкинд өгөх юм.
– Таны нэр холбогдоод буй нэг компанийн зээл энэ тогтоолд хамрагдаж, хүү нь хөнгөлөгдөх үү?
– Аль ч талаас нь харсан намайг нааж харлуулж буй аж ахуйн нэгж уг хөнгөлөлтөд хамрагдахгүй. Тиймээс санаа амар байж хардлага, гүтгэлэгээ зогсооно уу, тус компанид авсан зээлийн хүүг энэ тогтоолоор хөнгөлөхгүй, анхнаасаа ийм санаа агуулаагүй.
– Олон жил бугшсан шударга бус байдлыг өөрчлөх, шинэ, зөв нийгэм бүтээх хүсэл, хүч залууст л байх болов уу гэсэн найдлага, хүлээлт олон нийтэд байдаг. Тантай холбоотой зээлийн асуудал гарч ирсэн нь багагүй хүний урмыг унагасан. Энэ талаар тодруулахгүй юу?
– Уг нь энэ зээл надтай ямар ч холбоогүй юм. Зээл авсан компанид би 2 хувь л эзэмшдэг нь үнэн. Нийгмийн сүлжээнд зарим хүмүүсийн гүтгэж яриад байгаа шиг 80 биш. Улсын бүртгэлийн нээлттэй сангаас харж болно. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч тусгасан байгаа. Би үйл ажиллагаа, аливаа шийдвэрт нь оролцдоггүй. Олон жил бизнес хийчихсэн, олон зуун ажлын байр бий болгочихсон, олон арван тэрбумын татвар хураамж улсад төлчихсөн л аж ахуйн нэгж байсан. Хэвийн төлөлттэй яваа гэсэн мэдээлэл өгсөн. Нууж хаах зүйлгүй, хууль зөрчөөгүй юм чинь ямар нэг тайлбар хийж сүржигнээд яах вэ гээд чимээгүй яваад байсан чинь гүтгэлгийг хүний өөрийн улс төрийн хүчний зарим хүмүүс зохион байгуулалттай, тодорхой зорилготой, маш их санхүүжилттэйгээр тарааж байгаа нь илт болж байна. Зээлийн тухайд, жирийн ажилчин аав, ээжтэй, их хэмжээний хөрөнгө өвлөж аваагүй бүгдийг тэгээс эхлэж байгаа хүмүүс зээл авахгүйгээр бизнес хийх арга байдаг юм уу. Монголд зээл авахгүй бизнес хийдэг гурван төрлийн л хүмүүс бий. Нэгдүгээрт, авилгачид, тэдний хамсаатан, хоёрдугаарт, олон жил бизнес хийж хуримтлалтай болсон хүмүүс, гуравдугаарт, тэдний хамаарал бүхий хүмүүс. Бусдаар бол бизнес хийж буй хүн бүр зээл авч байгаа. Монголын хоёр сая иргэн ямар нэг төрлийн зээлтэй гэсэн статистик бий. Бид тэдний л нэг.
-Жинхэнэ хөрөнгө оруулалт хэрэгтэй бизнесмэнүүдэд олддоггүй зээлийг улстөрчид, нөлөө бүхий хүмүүс танил талаа ашиглаад, давуу байдал үүсгээд авчих явдал түгээмэл. Тийм учраас УИХ-ын гишүүд их хэмжээний зээлтэй нэр холбогдохоор тэдэнтэй адил гэж харж, олон нийт дургүйцээд байх шиг байна л даа.
– Уучлаарай, шууд хэлэхэд улс төрд орох, УИХ-ын гишүүн болох, эсэх нь тодорхойгүй, нэр дэвших шийдвэр ч гараагүй байсан үед болсон жирийн бизнесийн үйл явц юм билээ. Хоёрдугаарт энэ зээлийн санхүүжилт тоног төхөөрөмжид шууд зарцуулагдах зориулалттай учраас Хөгжлийн банкны хяналт дор шууд тоног төхөөрөмж нийлүүлэгчдэд шилжсэн гэсэн мэдээллийг тус компаниас өгсөн. Ер нь тэгээд УИХ-ын гишүүн болохын тулд намаасаа тодорч гарч ирэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх, сонгуульд ороод сонгогдох гээд олон амаргүй давааг туулдаг. Энэ бүгдийн үр дүнг хэн нэгэн урьдчилж мэдээд, энэ гишүүн болно гэж таагаад давуу байдал олгосон гэх ухааны гүтгэлэг явуулаад байхаар бүр гайхах юм. Тэднийхээр бол тэр хүмүүс далдыг хардаг авъяастайтай юм боловуу даа. Энэ дуулиан гараад байхаар нь би тухайн компаниас асууж тодруулсан. Компани ч өөрөө мэдэгдэл гаргасан байналээ. Шалгуур хангасан барьцаатай, аливаа нэг хөнгөлөлтөд хамрагдаагүй арилжааны хүүтэй энгийн бизнесийн зээл, эргэн төлөлт нь хэвийн гэсэн мэдээлэл өгсөн. Хөгжлийн банкнаас зээл авахдаа эргэж төлөхгүй гэсэн санаатай авдаг хүмүүс өөрсөд шигээ бодож хардаад байх шиг байгаа юм. Уучлаарай, шинэ үе ёс зүйтэй, шударга болж байгаа шүү гэдгийг үүгээр уламжилъя. Төлөлт хэвийн гэдэг нь Хөгжлийн банкны, өөрөөр хэлбэл улсын мөнгийг өсгөж өгч буй хэрэг. Ганц Хөгжлийн банк ч биш бусад олон банк, санхүүгийн байгууллагаас зээл авч, хүүгийн төлбөрөө төлөөд явж байгаа юм билээ. Ажил хийж, бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ийм л замаар явдаг шүү дээ. Төртэй ямар нэг байдлаар хамааралгүй өөрийгөө авч яваад олон ажлын байр бий болгож, татвар, шимтгэлээ төсөвт төлөөд явж буй уул уурхайн компани бизнесийнхээ зарчмаар зээл авсныг бидэнд хамаатуулж, харлуулж байгаа нь утгагүй. Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжигч, ажлын байр бий болгож татвар хураамжаа шударгаар төлдөг компаниудаа зөвөөр ойлгох цаг хэзээ юм болдоо.
-Та өмнө нь зохион байгуулалттайгаар харлуулж байна гэсэн. Яагаад ингэж хэлэх болов. Та нар хэнд буруу зүйл хийчихэв?
-Анх удаагаа парламентад сонгогдон ажиллаж буй шинэ гишүүний нүдээр харахад манай Монголын улс төр хэдхэн бүлэглэлийн хараа хяналтан дор л ажилладаг юм байна. Хууль хяналтын байгууллагыг атгадаг хэдэн хүн, банк санхүүгийн системийг атгадаг хэдэн хүнтэй. Тэдний эсрэг дуугарсан хэн бүхнийг тээрэмдэх систем ажилладаг юм байна. Манай парламентын залуучууд хэр баргийн хүн зориглож барьдаггүй Шүүхийн, Банкны хуулиудын шинэчлэл тэгээд Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концесс дүгнэж, ард түмэнд буцааж авах гэх мэт ажлуудыг идэвхитэй бариад авсан учраас яг одоо энэ системийн эздийн дайралтыг биеэрээ амсаж явна. Хүмүүсийн дургүйг хүргэсэн бидний эхний шалтгаан Шүүхийн тухай хуульд сонгогчдийнхоо захиасийг биелүүлэх зорилгоор залуу хүний эрч хүч, итгэл үнэмшлээр маш идэвхтэй ажилласан явдал. МАН шударга ёсыг тогтооно гэсэн мөрийн хөтөлбөрөө ингэж л биелүүлэх ёстой. Нэр дэвшээд явж байхад сонгогчид “Танай мөрийн хөтөлбөрт шударга ёс тогтооно гэсэн байна. Үүнийг л хэрэгжүүлээрэй” гэж захисан. Танихгүй шахам Дамдинням гэдэг залуугаас илүү “Шударга ёс тогтооно” гэсэн МАН-ын үзэл баримтлалыг дэмжиж, иргэд саналаа өгсөн. Хэнд ямар ял өгөхийг Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхраас төлөвлөдөг, шүүх, прокурорын байгууллагын удирдлагыг томилохдоо халагдах өргөдлийг нь он, саргүй бичүүлж аваад, үгэнд нь орохгүй бол огноог нь нөхөж тавиад ажлаас халдаг тухай энэ саарал ордноор нэг яригдаад олны дунд ч байдаг л зүйл шиг боллоо шүү дээ. Энэ байдлыг халахын тулд, яриад байдаг хонгилыг нь нураахын тулд Шүүхийн хуулийг хүчтэй дэмжиж, идэвхтэй оролцсоныхоо хариуг авч байна. Хоёрдугаарт, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессыг дүгнэж, улсад авна гэж сонгогдсоныхоо маргаашаас ярьсан. Энэ бол манай Дарханчуудын хамгийн том захиасын нэг. Үүний эсрэг дайралт асар их санхүүжилттэйгээр тасралтгүй ирж байгаа. Ард түмний өмчөөр баригдсан үйлдвэрийг нэг банк концесс нэртэй луйвраар авсан. Тэгээд одоо улсад 70 гаруй сая ам.долларын өртэй, энэ зээлээ ч зээлийн хүүгээ ч төлдөггүй, Хөгжлийн банкны хамгийн муу зээлдэгч болчихсон яваа. Тэгсэн хэрнээ нэг их наядын төгрөгийн үнэ бүхий төмрийн хүдрийг өдөр шөнөгүй урагш нь гаргаад зарчихсан. Ийм их борлуулалт хийсэн атлаа улсад төлөх татвараа төлдөггүй одоогоор 45 тэрбум төгрөгийн татварын өртэй. Төмөртэй, Төмөртолгой гэдэг хоёр ордыг өдөр шөнөгүй зөөсөөр нэг ордынх нь нөөц дуусаж байна. Төмөрлөгийн үйлдвэр байгуулна гэсэн нь сураг алдарч, төмрийн хүдрийг ухаад зардаг уул уурхайн компани л болсон. Үүнийг буцааж дарханчуудад, ард түмэнд авч өгнө гэснийхээ хариуг ойрын өдрүүдэд хүртэж байна, аргагүй байх Монголын хамгийн өндөр агуулгатай төмрийн хүдрийн том ордыг хэдхэн хүн идээд амташчихсан байгаа. Над шиг залууг гүжир гүтгэлгээр харлуулж зүрхийг нь үхүүлэх оролдлого хийх хөрөнгө, хүч, дайрагчид тэдний хөлсний армид хангалттай байгаа. Хувьдаа үзэл суртлын, тархи угаадаг бүтэн систем, махны машинтай хүмүүс шүү дээ. Гуравдугаарт, яг одоо УИХ-аар хэлэлцэж буй Банкны тухай хуульд баримталж буй миний байр суурь тэдэнд таалагдахгүй байна. Сонгуульд өрсөлдөхөд ард иргэд, сонгогчид банкны хүүгийн дарамтаас чөлөөлж өгөөрэй, Эрдэнэт үйлдвэр, Дархан Төмөрлөгийн үйлдвэр зэргээс аваад төрийн болон хувийн өмчүүдийг дээрэмддэг банкуудын дээрэм, дарамтаас салгаж өгөөрэй гэж бас захисан. Дархан хотын залуучууд театр дотор дүүрэн суусан багш нараас банкны зээлгүй хоёрхон хүн л байсныг мартдаггүй юм. Сонгогчдынхоо захиасыг нь биелүүлэх гэж банкны эздийн дарангуйлал, шуналаас олон нийтийг чөлөөлье гэснийхээ хариуг хүртэж явна. Банкныхан хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээний хөлслөгддөг хэсгийг хангалттай мөнгөөр санхүүжүүлж бууны нохой болгон турхирч, тэр чигт нь хөдөлгөж байна. Үнэхээр аймаар юм. Энэ хүмүүс чинь ямар аймаар болчихсон юм бэ. Больё оо гэмээр санагдаж байна. Ийм болохоор л Банкны тухай хууль өнгөрсөн 30 жилд өөрчлөгдөөгүй юм байна. Энэ хуулийг барьж авах зоригтой, эсвэл тэнэг хүн УИХ-н гишүүд дотроос олддоггүй байж. Сүүлийн хэдэн парламент Банкны хуулийн шинэчлэлийг хийх гээд чадаагүй, сая л анхны хэлэлцүүлгээ давлаа шүү дээ. Банкны хуулийн шинэчлэлийг ярьсан хүн бүрийг яг энэ маягаар дарамталж, хужаа, луйварчин хэн ч болгож чаддаг. Банкны тухай хууль дээр банктай холбоотой бүх хүн бидний эсрэг явж байгаа. Хүний, өөрийн намын гэлтгүй бүгдээрээ шүү. Түрийвчээрээ холбогдсон бүлэглэл гэдэг ийм байдаг юм байна. 2020 оны жилийн эцсийн байдлаар Монголын банкуудын цэвэр ашиг 250 тэрбум төгрөг хүрсэн байналээ. Үүний төлөө л харлуулж байна даа.
-Хэвлэлд гарсан шүүмжлэлийг ингэж хараад байгаа юм уу. Эсвэл яг өөрт тань хандсан ямар нэг зүйл байгаа учраас ингэж хэлж байна уу?
-Тодорхой банкуудын төлөөлөл уулзъя гэж хүнээр хэлүүлдэг, төлөөлөгчөө явуулдаг нь нууц биш. “Юу хүсэж байна, яамаар байна, дуугүй болчих” гэж хэлүүлдэг. “Уучлаарай, намайг үүнийг хий гэж Дарханчууд, ард түмэн, сонгогчид сонгосон. Үүнийг хийж чадахгүй бол улс төрд орсны хэрэг байхгүй. Би залуу хүн, болохгүй, бүтэхгүйн төлөө явах ёстой” гэж л хэлдэг. Өөр нэг нь “Банкны хууль дээр олон юм ярихаа боль, Шангаа хүртэнэ шүү” гэж хэлүүлдэг. Ингэлээ гээд яалтай вэ. Цаг хугацаа өнгөрөхөд бидний зөв байсныг олон түмэн ойлгоно. Энэ улс орон чинь шинэ зам, шинэ орчин, шинэ хөгжлийн төвшинд хүрэх ёстой биздээ. Биднийг хийчих байх гэж итгэсэн олон түмний итгэлийг даах ёстой шүү дээ.
-Банкны тухай хуулийн талаар төдийлөн яригдахгүй байгаа шүү дээ.
– Харин энэ хуулийнхаа ач холбогдлыг ярьж, таниулах боломж олгохгүй л олны анхаарлыг өөр тийш нь чиглүүлэх нүдэлт эхэлчихсэн шүү дээ. Банкнуудын засаглалыг сайжруулах нь нэн тэргүүнд хийх ёстой ажил. Үүний тулд нэг хүний эзэмшиж болох хувь хэмжээг бууруулж, дээд хэмжээг зааж өгнө. Гадаадын өндөр хөгжилтэй улсуудад банканд нэг хүн, хуулийн этгээд, тэдгээрийн ашиг сонирхол нэгтэй этгээдүүд бүгд нийлээд эзэмшиж болох хувийг 10, 15, 20 хувь гэх мэтээр хатуу заачихсан байдаг. Бусад улсын жишгийг харахад хамгийн дээд тал нь 40 хувь байдаг юм билээ. Энэ нь ямар учиртай вэ гэвэл, нэг хүн хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хууль бусаар Эрдэнэт, Монросцветмет, Дархан Төмөрлөгийн үйлдвэрийг худалдаад авчихдаг завхралыг арилгаж засаглал нь хяналттай болох ёстой өөрчлөлт юм. Гэтэл Монголын системийн хэмжээний том банкууд 90-100 хувь нэг хүний эзэмшилд байгаа шүү дээ. Тэд хүссэнээрээ хүүгээ тогтоодог, аж ахуйн нэгжүүдтэй зэрэгцэж бизнес хийгээд, бизнесүүдийг булааж, дээрэмддэг байдал хавтгайрсан.Одоо Монголд төмөр зам барьдаг, нүүрс зөөдөг, барилга барьдаг, лиценз цуглуулдаг банкууд байна. Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр ингэж болохгүй шүү дээ. Бүгд зээлээрээ хараат байдаг учраас үүнийг хэлж, эсэргүүцэж чаддаг аж ахуйн нэгж, хувь хүн байхгүй. Ирэх дайралтаас нь ихэнхи нь айж, зарим нь амаа хамхиулсан учраас улстөрчид ч дуугарч чаддаггүй. Харин ч бүр заавраар нь энэ шинэчлэлийг гацаах ажил хийж яваа харагддаг. Бид нар тэнэг гэх үү, зоригтой гэх үү, зүрхээ авхуулаагүй дээрээ хэлж, өөрчлөх гээд дайраад орчлоо л доо. Хувь улс төрчдийн хувьд эрсдэлтэй л алхам. Нэгэнт эхэлсэн ажил дуусгах ёстой.
Яг ямар өөрчлөлт хийх гэж байгаа юм вэ?
Хуулийн өөрчлөлтөөр аав, ээж, үр хүүхэд, хамаатан садан гээд нэг ашиг сонирхолтой этгээдүүд бүгдээрээ нийлээд дээд тал нь 20 хувь эзэмшихээр заасан. Түүнээс илүү гарвал эзэмшиж буй хувийн үнийг буулгана, ногдол ашиг авах эрхийг хязгаарлана, оролцох эрхийг нь багасгана гэх мэтийн хатуу заалт хийж өгч байгаа. Мөн иргэдэд банкны хувьцаа эзэмших боломжийг нээж өгнө. Өөрөөр хэлбэл, банкны хувьцааны 20 хувийг Хөрөнгийн бирж рүү оруулж арилжуулах юм. Зээлийн хүүг бууруулах, хувьцаа авах байдлаар банкны ашгийг олон нийтэд зөв замаар хүртээх, олон нийтийн хяналттай, ил тод болгоно гэж зорьж байгаа. Хувь эзэмших дээд хязгаар тогтоохоор олон хүн хувь эзэмшинэ. Тэд бие биедээ хяналт тавина. Банкууд бусад аж ахуйн нэгж, иргэнтэй зэрэгцэж, булаацалдаж бизнес хийх явдал үгүй болно. Засаглал нь тунгалагшаад ирэхээр хүү нь буурна. Товчхондоо банкуудын дээрэм, дарангуйлал устана. Ийм өөрчлөлтийг хийлгэхгүй гэж янз бүрээр дайрч байна. Харлуулж, хэн ч биш болгох нь энэ хүмүүсийн сурсан арга. Гэхдээ үүнээс айгаад хойшоо суугаад байж болохгүй. Хэн нэг нь зориглож зүтгэхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Сонгуулиар шударга ёс тогтоох, банкуудын дарангуйлал, дээрмийг зогсоож, зээлийн хүү бууруулах, ажлын байр бий болгох гэсэн гурван зүйлд л сонгогчид саналаа өгсөн. Иргэдээс гарсан хүсэлтүүдийг нэгтгэхэд ийм л дүр зураг гарсан. Үүнийг залуус хийнэ гэж итгэсэн учраас биднийг УИХ-д илгээсэн байгаа. Сонгогчдынхоо захиасыг мартаагүй, үүнийг хийхийн төлөө явж байна. Харин ингэж явахад ирж буй элдэв дайралт, хар пиарт битгий төөрөлдөөрэй. Цаг хугацааны явцад үнэн ялгарна. Би хулгай хийхгүй, тендер, концесс авахгүй, үүнд итгэж болно.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Холбоотой мэдээ