Коби Брайантгүй нэг жил

Хуучирсан мэдээ: 2021.01.26-нд нийтлэгдсэн

Коби Брайантгүй нэг жил

Коби Брайантгүй нэг жил

Дэлхийн сагсан бөмбөгийн домог Коби Брайант таалал төгсөөд яг нэг жилийн хугацаа өнгөрчээ.


2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26-НЫ ӨДӨР

Covid-19 хэмээх халдварт өвчин БНХАУ-ын Ухань хотод дэгдээд нэг сар хүрэхгүй хугацаа өнгөрч байлаа. Коби Брайнт болон түүний 13 настай охин Жианна тэргүүтэй долоон хүн өглөөний 09.00 цагийн орчимд Калифорни мужийн Таузанд-Окс хотод байрлах Мамба спортс академийн байр руу хөөрөв. Учир нь тэнд Коби Брайантын дасгалжуулдаг, Жианнагийн тоглодог Мамба спортс академийн охидын сагсан бөмбөгийн баг ээлжит тоглолтоо хийх хуваарьтай байсан юм. Гэвч Sikorsky-76 нисдэг тэрэг хөөрснөөсөө 45 минутын дараа Калифорни мужийн Калабасас хотоос 48 км зайд орших уулсын бэлд осолдож, хөлөгт зорчиж явсан, есөн хүн харамсалтайгаар амиа насаа алдсан билээ. Тус хөлгийн багт Коби Брайант, түүний охин Жианна Брайнт, коллежийн бейсболын дасгалжуулагч Жон Алтобелли, түүний эхнэр Кери, охин Алисса, Мамба спортс академийн туслах дасгалжуулагч Кристина Маузер, мөн зорчигчид болох Сара, Пейтон Честер, нисгэгч Ара Зобаяан зэрэг есөн хүн байсныг ДНК-ийн шинжилгээ хийн тогтоосон юм.

ОСЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Өглөө орсон шиврээ бороо, өтгөн манангийн улмаас Калабасас хотын ойролцоох уулсын үзэгдэх орчин тааруу байв. Үүний улмаас нисдэг тэрэг 15 минутын турш доошилж, газраас 400-600 фитийн өндөрт нисч эхэлсэн аж. Тухайн үед нисгэгч Ара Зобаяан нислэгийн төвтэй холбогдож VFR буюу ил харааны нислэгийн дүрмийн дагуу харагдах орчин муу байгаа учир чиглэлээ өөрчилж, SFVR буюу онцгой тохиолдолд нисэх зөвшөөрөл хүсчээ. Хариуд нь нислэгийн төв “Таузанд-Окс хотын Камарилло нисэх онгоцны буудал хүртэл ийм доогуур нисэх юм уу, гэхэд Ара Зобаяан “Тиймээ эрхэм ээ, бага өндөрт ниснэ” хэмээн хариулж байжээ.

Ийнхүү тэд чиглэлээ өөрчилж, нам дор нисч, дараагийн нислэгийн төвтэй холбогдож зааварчилгаа авах байсан ч радарт үзэгдэхээ больжээ. Нисдэг тэрэг хөөрснөөс хойш цагийн дотор газардах ёстой байсан ч зорьсон газраа ирээгүй учир Island Express компанийн гүйцэтгэх захирал Уитни Багг байршил тогтоогч төхөөрөмжөө ажиллуулж, өөр компанийн нисдэг тэрэг хөлслөн араас нь илгээсэн гэнэ.

Нисдэг тэрэгний тухайд Коби Брайант тоглогч ахуй цагтаа ч зодог тайлсан хойно ч Лос Анжелес хотын замын хөдөлгөөнөөс зайлсхийж, нисдэг тэргээр зорчдог байв. Тэрээр үргэлж Island Express компанийн нисдэг тэргийг ашигладаг байсан бөгөөд 2019 онд л гэхэд 13 удаа зорчиж байжээ. Харин түүнийг үхэлд хүргэсэн Sikorsky S-76B нисдэг тэргээр хамгийн сүүлд 2016 онд NBA-ийн сүүлийн тоглолтондоо явахдаа зорчиж байсан аж.

АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын нисгэгч асан Жэк Гресс хэлэхдээ “Sikorsky S-76B нисдэг тэрэг нь нисгэгчдийн дунд нэр хүндтэй, насжилт нь өндөр байдаг бүтээл. Хатан хаан II Элизабет тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс энэхүү нисдэг тэргийг ашигладаг” хэмээжээ.

Ослын дараа тус нисдэг тэрэгний засвар үйлчилгээний түүх, эд ангиудын бүрэн бүтэн ашиглалтын тайлантай танилцахад осол гарах ямар ч эрсдэлгүй байсныг олж тогтоожээ. Гагцхүү хар хайрцаг болон TAWS төхөөрөмж байгаагүй нь мөрдөн байцаагчдын анхаарлыг татсан байна.

Нисгэгчийн хувьд гэвэл, Ара Зобаяан нь 50 настай байсан бөгөөд 1980-аад оны үед Ливанаас АНУ руу цагаачилж, эрх чөлөөний оронд ирээд нисгэгч болохыг хүсчээ. Тэрээр 2001 онд хувийн нисгэгчийн гэрчилгээгээ гардан авснаасаа хойш Sikorsky S-76B нисдэг тэргээр 1250 удаагийн нислэг үйлдэж, агаар дээр 8500 гаруй цагийг өнгөрүүлсэн аж. Island Express компанийн зүгээс Коби Брайантад зориулан Ара Зобаяан болон өөр нэг нисгэгчийг ажлуулдаг байсан гэнэ. Зобаяаныг хэдэн жилийн турш бэлтгэсэн Лука Делл’Анес хэмээх сургагч багш хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зобаяан гайхалтай нисгэгч байсан. Үнэхээр сайн, чадварлаг нисгэгч байсан. Тэр сургалтын үеэр үргэлж зөв шийдвэр гаргадаг байсан” хэмээжээ.

Зобаяан 2015 онд агаарын зам чөлөөгүй байхад зөвшөөрөлгүй нислэг үйлдсэн гэж жавтий хүртэж байв.

МӨРДЛӨГӨ

Мөрдөн байцаалтын явцад нийтдээ 1852 хуудас хэргийн материал цугларсан аж. Үүнд гэрчүүдийн мэдүүлэг, цахим шуудангийн хуулбар, мессеж, гэрэл зураг, цаг уурын тайлан, ослын газрын ойр орчмын камерын бичлэг зэрэг багтжээ. Энэхүү хэргийг мөрдөж байсан Энтони Брикхаус “Энэ ослын мөрдлөгө яг л эвлүүлдэг тоглоом шиг юм. Үнэхээр няхуур хандах хэрэгтэй хэрэг гарчээ. Маш их ухаж, судалгаа хийх шаардлагатай юм байна” хэмээн ярьж байжээ. Ара Зобаяан нислэгийн төвд мэдэгдэхдээ үүлнээс дээгүүр, харагдах орчноо сайжруулахын тулд 4000 футын өндөрт нисч байна гэж мэдээлсэн боловч тэнгэрээс унасан, сүйрсэн байдлыг нь үзвэл 1600 футын өндөрт нисч байсан гэв. Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс нисгэгчийг манан дунд орон зайн чиг баримжаагаа алдаж, “соматогравик хуурмаг байдал”-тай тулгарсан байж болзошгүй гэж үзжээ.

Энэ нь та урдах замаа харах боломжгүй учир таталцлын хүч таны биеийг төөрөгдөлд оруулна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, нисгэгч Зобаяан манантай үед уулын өөд нисч байна гэж биед нь мэдрэгдсэн боловч үнэн хэрэгтээ уулын бэлийг чиглэн нисч явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ тухай нисгэгч асан Гресс “Нисгэгчид энэ үед өөрсдийгөө аюултай байдалд оруулдаг. Учир нь бие нь худлаа хэлж, хуурамч мэдрэмж төрүүлдэг. Эргэж байгаагаа эсвэл дээш нисч байгаагаа мэдэхээ больчдог юм” хэмээв. Мөн мөрдөгч нар нисдэг тэрэгний хар хайрцгийг олохоор ажиллаж байсан ч анхнаасаа хар хайрцаг байгаагүйг нь тогтоожээ. Хамгийн гол нь TAWS хэмээх нисдэг тэрэг газартай эсвэл уул толгодтой ойртох үед анхааруулга өгдөг сэрэмжлүүлгийн төхөөрөмж нь мөн л байгаагүй гэнэ. Харин цаг уурын 394 хуудас тайланг харвал Коби Брайантын нисдэг тэрэг осол гардаг өглөө хөөрөх ёсгүй байжээ. Харамсалтай нь, Зобаяан нислэгийг хянаж байсан багт “Цаг агаар зүгээр харагдаж байна” гэж мессеж илгээж, нисэх зөвшөөрлийг нь Island Express компанийн эзэн Ричард Уэбб өгсөн гэнэ.

Мөрдөн байцаалтын эцэст Лос Анжелес хотын цагдаагийн газраас бүрхэг үүл, өтгөн манан нь ослын гол шалтгаан байсан гэж үзсэн. Гэвч хатагтай Брайант энэ бүгдийг эсэргүүцэн тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс нисэх зөвшөөрөл өгөх ёсгүй байсан, холбооны нисэхийн захиргаанаас нисдэг тэрэгний аюулгүй байдлыг хангах ёстой байсан хэмээн гомдоллож байв.

Лос Анжелес хотын дээд шүүхээс нисгэгч Ара Зобаяаныг энэхүү осолд гэм буруугүйг мэдэгдсэн бол Island Express компанийн зүгээс ч энэхүү осолд ямар нэгэн буруугүй гэдгээ илэрхийлсэн байна.

Сүүлд гарсан мэдээллээр Ванесса Брайант холбооны шүүхэд Island Express компанийн эсрэг гомдол мэдүүлсэн гэнэ. Харин Island Express компани осол гарах үед нисдэг тэрэгтэй зохих журмын дагуу холбоо тогтоогоогүй эсвэл холбоог нь хүлээн аваагүй гэж нислэгийн төвийн хоёр диспетчерийг шүүхэд дууджээ.

ТҮҮНИЙ ҮХЛИЙН ДАРАА ЮУ ТОХИОЛДОВ?

Коби Брайантын үхлийн дараа гэр бүлд нь нэгэн хачирхалтай үйл явдал тохиосон. Тодруулбал, түүний хадам ээж, эхнэртэй нь хөрөнгө мөнгөний маргаан дэгдээв. Софиа Лайн охиноосоо буюу Ванесса Брайантаас таван сая ам.доллар, цоо шинэ байшин, автомашин мөн 18 жилийн турш зээ нараа харж хандсан мөнгөө нэхэмжилжээ. Тэрбээр 18 жилийн хугацаанд хүүхэд харж байсан нэг цагаа 96 ам.доллараар үнэлсэн аж.

Коби Брайант эхнэр хүүхдэдээ 680 сая ам.долларыг хөрөнгө үлдээсэн.

Софиа Лайн шүүхэд өгсөн мэдэгдэлдээ “Коби Брайантыг нас барснаас хойш миний амьдралд олон таагүй зүйлс болж өнгөрлөө. Ванесса Брайант түүний надад амласан амлалт бүрийг хүчингүй болгохын тулд бүхнийг хийж байна. Ванесса нөхрийнхөө үлдээсэн захиасыг хүндлэхгүй, үл тоож байна” хэмээжээ. Мөн тэрбээр өдийг хүртэл ямар нэгэн цалин авалгүй зээ нараа харж байсан тухайгаа дурджээ.

Харин Ванесса Брайант хийсэн мэдэгдэлдээ “Ээж маань санхүүгийн хүндрэлээсээ гарах арга замаа манай гэр бүлээс хайж байна. Би түүнийг 20 гаруй жил тэтгэлээ. Тэр хэзээ ч Кобигийн, эсвэл миний хувийн туслах, хүүхэд асрагч байгаагүй. Би үргэлж гэртээ сууж, хүүхдүүдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлсэн. Бид гэрийнхээ ойролцоох байшинд ээжийг амьдруулж, 20 гаруй жил тэжээлээ. Нөхөр бид хоёр түүнийг гэртээ амьдруулахыг хүсээгүй. Тэр бусад эмээ өвөө нарын адилаар хааяа л хүүхдүүд хардаг байсан. Тэр зүгээр л охиноороо, хүргэнээрээ тэжээлгэдэг эмээ байсан” хэмээжээ. Ванесса Брайант үргэлжлүүлэн “Ээж маань зээ нараа 18 жилийн турш өдөрт 12 цаг хардаг байсан гээд цагийн 96 ам.доллар одоо нэхэмжилж байна. Үнэндээ тэр хааяа л хардаг байсан шүү дээ. Өнгөрсөн арван жилийг авч үзвэл охид маань сургууль, бэлтгэл гээд гэртээ ч тогтдоггүй байлаа. Харин би 2016 он хүртэл хүүхэд төрүүлээгүй. Түүний хэлж буй бүхэн худал болох нь тогтоогдоно. Уг нь би түүнд шинэ байшин авч өгөхөөр хайж байсан юм. Гэвч тэр телевизэд ярилцлага өгч, намайг гутаан доромжиллоо. Ээж маань надаас таван сая ам.доллар, Мерседес маркийн автомашин нэхэмжилж байна” хэмээн ярьжээ.

Азаар үүнээс өөр бараан үйл явдал тохиосонгүй. Кобигийн бага охин Капри хөлд орж буй бичлэг олныг уяраав. Дөнгөж 11 сартай Капри охин өрөөн дундуур алхан ээж дээрээ ирж байгаа бичлэгийг цахим сүлжээнд нйтлэн “Миний хонгор, Коко Бийн минь чамаараа бахархаж байна. Чамайг чадна гэдгийг үргэлж ээж нь мэддэг байсан” хэмээн тайлбар бичжээ.

Мөн Кобигийн амьдралынхаа 20 жилийг зориулсан Лос Анжелес Лэйкерс баг NBA-ийн 17 дахь аваргын цомоо хүртэж, багийнхаа домогт хүндэтгэл үзүүлэв. Коби Брайант амьд ахуй цагтаа “Манай баг дахин аварга авах болно. Тэр үед би Уорриорсын хаанаас гарч ирсэн юм гэмээр фэнүүдийн өөдөөс хараад инээх болно” хэмээн ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж