Хойд хөрш маань дарангуйлал руу аажмаар гулсан орж, үе үе олон нийтийн эсэргүүцлийн жагсаал гарсаар л…
Сүүлийн үед гарч буй томоохон жагсаалуудыг эргэн санавал, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлэх албан ёсны мэдэгдэл гаргасантай холбоотойгоор гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг дурдаж болно. Энэхүү жагсаалаар 120 мянга гаруй иргэд Москва, Санкт Петербург зэрэг олон хотод эсэргүүцлээ илэрхийлж, “Путингүй Орос орон”, “Шинэ Орос орон”, “Шударга сонгуулийн төлөө” зэрэг уриа лоозон барин эрх баригчдаа шүүмжилсэн.
Үүний дараа олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн улам өргөжиж, жил дарааллан жагсах болсон. Тухайлбал,
- 2015 онд Сөрөг хүчний удирдагч Навальныйд 3.5 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн жагсаал,
- 2017 онд “Авлигын эсрэг олон нийтийн жагсаал”,
- 2018 онд “Сонгогчдын ажил хаялт” нэртэй жагсаал,
- 2019 онд “Орон нутгийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал”,
- 2020 онд ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск хотод болсон “Ерөнхийлөгч Путин болон түүний засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал”
- 2021 онд одоогийн өрнөж буй Сөрөг хүчний удирдагч Навальныйг дахин баривчилсантай холбоотойгоор үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг дурдаж болно.
В.Путин, түүний тойрон хүрээлэгчид олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг цаг тухайд нь хүч хэрэглэн тарааж байсан боловч шийдвэртэй алхам хийж чадахгүй өнөөг хүрлээ. Эдгээр эсэргүүцлийн хөдөлгөөнүүд нь өнгөн талдаа
- Нэгт, эрх баригч “Нэгдсэн Орос нам”-ын бодлогыг шүүмжлэх
- Хоёрт, 2000 оноос хойш албан ба албан бусаар Ерөнхийлөгч хийж байгаа В.Путины хаанчлалыг зогсоох
- Гуравт, Холбооны болон бусад Муж Улсын албан хаагчдын хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг эсэргүүцэх,
- Дөрөвт, ОХУ-ын төрийн тэргүүний зүгээс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг хааж боогдуулсан явдлыг эсэргүүцэх,
- Тавд, Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный, Борис Немцов, Илья Яшин, Сергей Фургал зэрэг өрсөлдөгч нараа баривчлан шоронд хийх, ял өгч буйтай тэмцэж байгаа боловч үүний цаад шалтгаан нь Оросын нийт ард түмний зөвшилцлөөр баталсан Үндсэн хуулийг ард түмнээс нь хулгайлсан явдлыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан юм.
Өөрөөр хэлбэл, ОХУ-д үүсээд байгаа өнөөгийн хямралын цаад шалтгаан бол 1993 онд баталсан Үндсэн хуулийн суурь зарчмуудыг уландаа гишгэж, Үндсэн хуулийг өөрийн дарангуйллыг удаан хугацаагаар хадгалах зэвсэг болгосонтой холбоотой.
ОХУ нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс /ЗСБНХОУ/ задарсны дараа одоогийн мөрдөж буй Шинэ Үндсэн хуулиа 1993 онд баталсан. Уг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жилээр нийтдээ 2 удаагийн хязгаарлалттайгаар ард түмнээс шууд сонгохоор тусгагдсан байсан. Хэдий тийм боловч өнөөгийн Ерөнхийлөгч В.Путинд энэхүү заалт хамаарахгүйгээр Үндсэн хуулийг удаа дараа өөрчилж ирсэн байдаг. Тухайлбал, 1996, 2001, 2008, 2014, 2020 онд тус тус оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг улам төвлөрүүлсэн өөрчлөлтүүдийг хийж байсан. Үүний үр дүнд одоогийн Ерөнхийлөгч В.Путины эрх мэдэл хэт төвлөрч “Супер Ерөнхийлөгчийн засаглал”-тай улс болж хувирсан. Тухайлбал, “Ерөнхийлөгч нь Засгийн газрын гишүүд, Төв Банкны дарга, Дээд шүүхийн болон Үндсэн хуулийн шүүхийн гишүүд, Ерөнхий Прокурор, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн зэрэг төрийн чухал албан тушаалтнуудыг томилох, чөлөөлөх. Мөн үүнээс гадна Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болохын хувьд улс орныхоо гадаад бодлогыг мөн удирдан чиглүүлэх ажлыг давхар гүйцэтгэж байна.
Монгол Улсын хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрхэн нэмэгдүүлсэн, өөрийн бүрэн эрхийн хугацааг хэрхэн уртасгасан асуудлыг судлах нь шинээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан манай орны хувьд чухал ач холбогдолтой.
Ингээд ОХУ-ын өнөөгийн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааны талаар товч сонирхоё.
ОХУ-ын 1993 оны баталсан Үндсэн хуулиар төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг анх хуульчлахдаа 4 жилээр нийтдээ 2 удаа сонгогдох хязгаарлалтыг тогтоосон. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нь энэхүү заалтын хүрээнд 1991-1999 оны хооронд 2 удаа сонгогдон ажиллаж байсан. Тэрээр дахин сонгогдон ажиллах саналаа илэрхийлж байсан боловч тухайн үеийн Үндсэн хуулийн шүүх энэ асуудлыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн авч хэлэлцээгүй байна.
Харин түүний залгамжлагч В.Путины хувьд Үндсэн хуулийн энэхүү хязгаарлалт үйлчлээгүй. Тухайлбал, Путины хувьд 2000-2004 он, 2004-2008 оны хооронд нийтдээ 2 удаа Ерөнхийлөгчөөр ажилласан. Улмаар 2012-2018 он, 2018-2024 оны хооронд дахин хоёр удаагаа Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Мөн түүнчлэн 2020 онд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр 2036 он хүртэл ажиллах боломжтой байхаар Үндсэн хуулийг өөрчлүүлж чадсан. Ийнхүү түүний хувьд нийтдээ 6 удаагийн бүрэн эрх, нийтдээ 30 гаруй жил Ерөнхийлөгч байх боломжтой болжээ.
2008 БОЛОН 2020 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
1993 оны Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд нийтдээ 2 удаа сонгогдоно” гэж тусгагдсан. В.Путины хувьд 2000-2008 оны хооронд 2 бүрэн эрхийн хугацаанд нийтдээ 8 жил ажилласан учраас Үндсэн хуульд заасны дагуу дахин сонгогдох боломжгүй болсон. Ийм учраас 2008 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жилээр 2 удаа ажиллах боломжтой байдлаар өөрчилсөн. Үүний үр дүнд тэрбээр 2008-2012 оны хооронд түр амьсгаа авсныхаа дараа /Түр Ерөнхий Сайд хийсэн/ 2012, 2018 онд дахин сонгогдож, 2024 он хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болсон. Энэ хугацаанд 2024 онд түүний бүрэн эрхийн хугацаа ахиад дуусах эрсдэлтэй болсон учраас Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан. Иймээс 2020 оны долдугаар сарын 1-нд ард нийтийн санал хураалтаар Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 2024 оноос хойш 2036 он хүртэл 6 жилийн хугацаатай 2 удаа дахин сонгогдох өөрчлөлтийг оруулсан.
В.Путин 2000 оноос хойш тасралтгүй 20-иод жил Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ нь ЗХУ болон одоогийн ОХУ-ын удирдагчдаас Сталинаас хойш хамгийн удаан хугацаагаар улс орноо удирдсан удирдагч болохоор зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, түүний хувьд бүх насаараа буюу 84 нас хүртлээ төрийн тэргүүн хийх боломжтой ажээ.
ОХУ-ын хувьд 1993 онд баталсан Үндсэн хуулийн анхны үзэл баримтлалын хүрээнд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2 удаа байх, энэ нь одоогийн болон өмнө нь сонгогдсон Ерөнхийлөгч нарт хамаарах уу гэсэн асуудал маргаантай байсаар ирсэн. Энэ талаар олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн гарах, мөн хуульч, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнөж байсан боловч тус улсын Хууль тогтоох байгууллага болон Үндсэн хуулийн шүүхээс одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгогдох эрхтэй хэмээн шийдвэр гаргаж байсан. Тодруулбал, ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн думын гишүүд "Нэгдсэн Орос" намаас сонгогдсон хууль тогтоогч Валентина Терешковагийн санаачилсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тоонд тавьсан хязгаарлалтыг чөлөөлөх талаар гаргасан саналыг хууль тогтоогчид дэмжсэн. Энэхүү өөрчлөлтийн талаар В.Путин “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн тооны хязгаарлалтыг байхгүй болгох” асуудлыг Үндсэн хуулийн шүүхээр хэлэлцүүлэх шаардлагатай. Хэрвээ Үндсэн хуулийн шүүх дэмжвэл энэ асуудлыг дэмжихэд татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдэж байсан. Үүний дагуу Үндсэн хуулийн шүүх энэ асуудлыг 2 хоногийн дотор шуурхай хэлэлцэж, Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Ингээд 2020 оны сүүлээр ОХУ-ын Төрийн думаас Ерөнхийлөгчийн халдашгүй байдал, эрх ямбатай холбоотой нэгэн сонирхолтой хуулийг баталсан. Энэхүү хууль нь ОХУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүс, тэдний гэр бүлд насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх тухай агуулгатай.
Тус хуулиар ОХУ-ын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс тухайн албыг хашиж байх хугацаандаа үйлдсэн гэмт хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, цагдаа, хууль сахиулах байгууллагын нэгжлэг, хяналт, хараат бус шалгах ажиллагаанаас чөлөөлөх агуулгатай зохицуулалтууд юм. Энэхүү хуулийг ОХУ-ын Төрийн дум баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурж, баталгаажуулсан. Энэ хуулийн зохицуулалт В.Путин насан туршдаа Ерөнхийлөгч байх, мөн Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа ч халдашгүй дархан эрх, ямба эдлэхээр болсныг харуулж байна. Ийнхүү В.Путины засаг захиргаа, түүний тойрон хүрээлэгчид ОХУ-ын Үндсэн хуулийг өөрчлөх замаар өөрийн дэглэмээ тогтвортой хадгалж үлдэх зэвсэг болгон ашиглаж байгааг дээр дурдсан фактууд харуулж байна.
ПУТИНЫ ҮНДСЭН ХУУЛЬ ЦААШДАА ОХУ-ЫН ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОХ УУ?
Аливаа дарангуйлал цаг хугацааны шалгуурыг даахгүй унадаг, төгсдөг. Үүнийг дэлхийн олон оронд болсон цэргийн эргэлт, өнгөт хувьсгал нотолдог. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Ливийн удирдагч Каддафи, Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон-хи гэх мэт олон орны төрийн эргэлт, өнгөт хувьсгалаас харж болно. Эдгээр төрийн эргэлт, дарангуйллын дэглэмийн уналт нь ихэнхдээ олон нийтийн эсэргүүцлийн жагсаалаар эхэлж их удирдагч нараа тайзнаас буулгаснаар төгсдөг. ОХУ-ын хувьд хоёр салаа замын уулзвар дээр байна. Энэ нь одоогийн тогтолцоог хэвээр хадгалж, улам бүр намагтаа шигдэх үү, эсхүл ОХУ-ын Үндсэн хуулийг ард түмэнд нь буцаан өгч, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх үү гэсэн салаа замын уулзвар дээр байна.
Монгол Улсын хувьд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлтийг оруулсан. Энэхүү өөрчлөлтийн хувьд ОХУ-ын 2008, 2020 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгасан үйл явдалтай ойролцоо жишиг болох эрсдэлтэй учраас Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг маш нухацтай авч үзэх шаардлагатай болов уу!
Эцэст нь дүгнэхэд, ОХУ-ын Үндсэн хуулийн хамгийн эмзэг цэг бол төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн засах вэ гэдэг асуудал. Нөгөө талаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ямар хүрээнд авч үзэх вэ гэсэн асуудал чухал болох нь харагдаж байна. Монгол Улсын хувьд одоогийн болон өмнө ажиллаж байсан Ерөнхийлөгч нарыг дахин нэр дэвшүүлэх эсэх асуудал цаашдаа Путины замаар явах уу, парламентын ардчиллаа төлөвшүүлээд явах уу гэдэг чухал сонголтыг бидэнд үлдээж байна.
ХУУЛЬЧ, СУДЛААЧ Ж.АЛТАНСҮХ
Холбоотой мэдээ