Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч, эрх баригч МАН өнгөрсөн Баасан гаригт дараагийн Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилуулах хүсэлтээ өнгөрсөн Баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хуулийн дагуу Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдыг томилох тогтоолын төслөө УИХ-д өргөн мэдүүлж, өөрийн биеэр байнгын хороо, чуулганы хуралдаанд танилцуулах юм.
Засгийн газрын тухай хууль:
- 1.Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон тэдгээрт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацаанд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй тохиолдолд Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
Үндсэн хууль:
- 39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
- 39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
- 39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДТАЙ "ТОХИРОЛЦОО" ХИЙЖ БАЙНА
Хуулийн дагуу нэгдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн гэхээр тав хоног нь өнөөдөр дуусгавар болно. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хугацаагаа тулгаж тогтоолоо өргөн барих болов уу.
Түүнээс өмнө Ерөнхийлөгчийн гэгддэг гурван сайдаа авч үлдэх сонирхол өндөр бий. Соёлын яам, Батлан хамгаалахын яам, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг “өөрийн” хүмүүсээ авч үлдэж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг заавал явуулах “шахалт”-ыг ч шинэ Ерөнхий сайдад үзүүлж байгаа гэх албан бус мэдээллүүд бий. Харин шинэ Ерөнхий сайдад Сангийн сайдаа явуулах уу яах вэ гээд улс төрийн хувьд олон “тохиролцоо”-ны дараа Ерөнхий сайдыг томилох тогтоолоо өргөн барих болов уу. Мэдээж эрх баригчдын зүгээс зарим сайд нараа үлдээх, шинээр бүрдүүлэх сайд нараа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгээс Ерөнхийлөгчийн "нүүдэл" тодорхой болно. Тиймээс Ерөнхийлөгч шинэ Ерөнхий сайдыг томилох тогтоолоо өргөн барих хүртэл улс төрийн хөшигний ар дахь тохироо өөрчлөгдсөөр байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ